Дэд хууль 5 - Ариун Библи 2013Арван тушаал ( Гэт 20:1–17 ) 1 Тэгээд Мосе бүх Израилийг дуудан тэдэнд —Израиль аа, миний өнөөдөр та нарт сонордуулж буй зарлиг, шийдвэрүүдийг сурч мэдээд, ёсчлон дагаж мөрдөхийн тулд эдгээрийг сонсогтун! 2 ЭЗЭН Бурхан маань Хореб ууланд бидэнтэй гэрээ байгуулсан билээ. 3 ЭЗЭН энэ гэрээгээ бидний эцэг өвгөдтэй байгуулаагүй, харин өнөөдөр энд амьд байгаа бидэнтэй, бид бүхэнтэй байгуулсан билээ. 4 ЭЗЭН уулан дээр галын дундаас та нартай нүүр нүүрээрээ ярьсан билээ. 5 Та нар галаас айгаад, уул өөд гарахгүй байсан учир тэр үед би ЭЗЭНий үгийг та нарт тунхаглахаар ЭЗЭН хийгээд та нарын хооронд зогсож байсан. ЭЗЭН айлдахдаа 6 “Чамайг Египетийн газраас, боолчлолын гэрээс гаргасан Би ЭЗЭН, чиний Бурхан. 7 Чи Надаас өөр бурхадтай Миний өмнө байж болохгүй. 8 Өөртөө зориулан шүтээн бас дээр тэнгэр дэх, доор газар дахь, газрын доор усан дахь ямар нэг дүрсийг бүү хий. 9 Тэдэнд чи бүү мөргө, бүү үйлчил. Учир нь чиний Бурхан ЭЗЭН хартай Бурхан бөгөөд Намайг үзэн ядагчдын хувьд эцгүүдийнх нь хилэнцийн шийтгэлийг гурав, дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл Би буулгадаг. 10 Харин Намайг хайрлаж, Миний тушаалыг сахигчдад мянган үед нь хүртэл хайр энэрэлээ үзүүлдэг. 11 Чи Бурхан ЭЗЭНийхээ нэрийг хуурмаг хоосонд бүү дурд. Учир нь нэрийг нь хуурмаг хоосонд дурдагчийг ЭЗЭН шийтгэлгүй эс орхино. 12 ЭЗЭН Бурханыхаа чамд тушаасан ёсоор Амралтын өдрийг баримталж, үүнийг ариунаар сахь. 13 Чи зургаан өдөр хөдөлмөрлөж бүх ажилаа хий. 14 Харин долоо дахь өдөр нь Бурхан ЭЗЭНий чинь Амралт тул чи ямар ч ажил бүү хий. Чи мөн чиний хүү, чиний охин, чиний зарц, чиний шивэгчин, чиний үхэр, чиний илжиг, чиний бүх мал адгуус, танайд байгаа ирмэл хүн ямар ч ажил хийж болохгүй. Чиний зарц, шивэгчин чиний адил амрах юм. 15 Чи Египетийн нутагт боол байснаа болон ЭЗЭН Бурхан чинь хүчит гар, сунгасан мутраараа чамайг тэндээс гаргаж авчирсныг сана. Тиймээс ЭЗЭН Бурхан чинь Амралтын өдрийг сахихыг чамд тушаасан билээ. 16 ЭЗЭН Бурханыхаа тушаасан ёсоор эцэг эхээ хүндэл. Тэгвэл чи урт насалж, Бурхан ЭЗЭНээс чинь чамд өгсөн газар дээр сайн сайхан амьдарна. 17 Чи хүн бүү ал. 18 Чи бүү завхайр. 19 Чи бүү хулгайл. 20 Чи хөршийнхөө эсрэг худал хуурмаг гэрчлэл бүү хий. 21 Чи хөршийнхөө эхнэрт бүү санаарх. Чи хөршийнхөө гэр орон, газар, зарц, шивэгчин, үхэр, илжгэнд нь, хөршийнхөө юунд нь ч бүү шунахайр” гэсэн билээ. Бурханы зууч Мосе ( Гэт 20:18–21 ) 22 ЭЗЭН эдгээр үгсийг уулан дээрх гал дотроос, үүлэн дотроос, гүн харанхуй дундаас, танай бүх чуулганд чанга дуугаар айлдсаны дараа өөр юу ч нэмж айлдсангүй. Тэгээд түүнийгээ хоёр чулуун хавтан дээр Тэр бичээд, надад өгсөн. 23 Уул галаар дүрэлзэн шатаж байхад та нар харанхуйн дундаас гарах дуу хоолойг сонсон танай овгийн тэргүүнүүд, ахмадууд бүгдээрээ над уруу хүрч ирээд, 24 “Бидний Бурхан ЭЗЭН бидэнд Өөрийнхөө сүр жавхлан, аугаа чадалаа үзүүллээ. Бид гал дотроос гарч байгаа Түүний дууг сонсоцгоолоо. Бурхан хүнтэй ярьж, тэр хүн нь амьд байгааг бид энэ өдөр үзлээ. 25 Тэгэхээр бид одоо юунд үхэх ёстой юм бэ? Энэ их гал биднийг залгина. Хэрэв бид ЭЗЭН Бурханыхаа дууг цааш нь сонсвол үхнэ. 26 Галын дундаас амьд Бурханы айлдах дуу хоолойг сонсоод, бидэн шиг амьд үлдсэн махбодтой хүн хэн байна вэ? 27 Та өөрөө очиж, манай Бурхан ЭЗЭНий айлдах бүхнийг сонсоод, ЭЗЭН Бурханыхаа танд айлдсан бүгдийг бидэнд хэлж өг. Бид үүнийг сонсоод даган мөрдье” гэсэн. 28 Та нарыг надтай ярьж байхад ЭЗЭН та нарын дууг сонсоод, надад “Энэ ард түмний чамд хэлсэн үгийг Би сонслоо. Тэдний хэлсэн бүхэн зөв зүйтэй. 29 Тэдний зүрх хэвээр үлдэж, Надаас үргэлж эмээж, Миний бүх тушаалыг сахин тэд бас тэдний хүүхдүүд үүрд сайн сайхан байх болтугай! 30 Чи очоод, тэдэнд «Майхан уруугаа буцацгаа!» гэж хэл. 31 Харин чи энд Миний дэргэд зогс! Миний тэдэнд эзэмшүүлэхээр өгөх нутагт тэд үүнийг даган мөрдөхийн тулд чиний тэдэнд заах бүх тушаал, зарлиг, шийдвэрүүдийг Би чамд хэлж өгье” гэж айлдав. 32 Тиймээс та нар ЭЗЭН Бурханыхаа тушаасныг ёсчлон биелүүлэхдээ хянуур байж, баруун тийш ч, зүүн тийш ч хазайж болохгүй! 33 ЭЗЭН Бурханыхаа та нарт тушаасан бүх ёс журмыг даган мөрд, тэгвэл та нар амьд байж, сайн сайхан явж, эзэмших газар нутагтаа урт наслах болно. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)