Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дэд хууль 31 - Ариун Библи 2013


Иошуа Мосег залгамжлав
( Тоо 27:12–23 )

1 Тэгээд Мосе, бүх Израильд хандаж эдгээр үгсийг үргэлжлүүлэн ярив.

2 Тэрээр тэдэнд —Би өнөөдөр зуун хорин настай. Цаашид би гарч очиж чадахгүй. ЭЗЭН надад “Чи энэ Иордан голыг гаталж болохгүй” гэж айлдсан.

3 Бурхан ЭЗЭН чинь чамаас урьтаж гатлан чиний өмнө тэдгээр үндэстнийг устгаж, чамд газрыг нь эзэмшүүлэх болно. ЭЗЭНий айлдсанчлан Иошуа чамаас урьтаж Тэр өөрөө Иорданыг гатална.

4 Урьд нь устгасан аморичуудын хаан Сихон, Ог нарт болон газар нутагт нь ЭЗЭН үйлдсэн шигээ тэдэнд ч бас тийн үйлдэнэ.

5 ЭЗЭН, тэднийг та нарт тушаан өгөхөд нь та нар миний тушаасан бүх тушаал ёсоор тэдэнд үйлд.

6 Тууштай бөгөөд зоригтой бай! Чамтай хамт явдаг Нэгэн бол Бурхан ЭЗЭН чинь юм. Тэр чамайг орхихгүй мөн чамайг хаяхгүй учраас тэднээс бүү айж эмээ, бүү балмагдан цоч!

7 Мосе Иошуаг дуудаж, бүх Израилийн өмнө түүнд —Чи тууштай бөгөөд зоригтой бай! Учир нь чи эцэг өвгөдөд нь өгөхөөр ЭЗЭНий тангарагласан тэр газарт энэ ард түмний хамт очоод, тэр газрыг тэдэнд өв болгон өгөх ёстой.

8 Чиний өмнө тэргүүлэн явагч Нэгэн бол ЭЗЭН юм. Тэр өөрөө чамтай хамт байх бөгөөд чамайг орхихгүй, чамайг хаяхгүй. Бүү ай, бүү зүрхшээ! гэлээ.


Долоо дахь жилд унших хууль

9 Мосе энэ хуулийг бичээд, түүнийгээ ЭЗЭНий гэрээний авдрыг өргөлцөж явдаг Левийн хөвгүүд болох тахилчид болон Израилийн бүх ахмадуудад өгөв.

10 Мосе тэдэнд тушаан хэлсэн нь —Долоон жил бүрийн эцэс буюу өр төлбөрийг цуцлахаар тогтсон тэр жилийн Майхан баярын үеэр,

11 ЭЗЭН Бурханыхаа сонгож авах газарт бүх Израиль Түүний өмнө үзэгдэхээр ирэх тэр үед та нар энэ хуулийг уншиж, бүх Израильд сонсго.

12 Ард түмнийг, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд багачууд, танай хотод байгаа ирмэл хүмүүсийг цуглуул. Тэдэнд түүнийг сонсгон, зааж, өөрийн Бурхан ЭЗЭНээс айн эмээж, энэ хуулийн бүх үгийг сахин мөрддөг болго.

13 Та нар Иорданыг гатлан очоод, эзэмших гэж байгаа тэр газраа амьдран суух бүхий л хугацаандаа энэ хуулийг мэддэггүй хүүхдүүддээ ЭЗЭН Бурханаасаа айж эмээхийг сургахын тулд түүнийг сонсгох ёстой гэв.


Мосе Иошуа хоёрт ЭЗЭН айлдав

14 Тэгээд ЭЗЭН, Мосед —Үзэгтүн, үхэх өдөр чинь ойртож байна. Би Иошуад тушаал буулгахын тулд түүнийг дуудан хамтдаа уулзалтын майханд хүрч оч гэжээ. Тэгээд Мосе, Иошуа хоёр явж, уулзалтын майханд хүрч очив.

15 ЭЗЭН үүлэн багана дотор, асарт үзэгджээ. Үүлэн багана нь асрын орох үүдэн талд байв.

16 ЭЗЭН, Мосед хандаж —Үзэгтүн, чи удахгүй эцэг өвгөдийнхөө хамт тавигдах болно. Харин энэ ард түмэн очиж амьдран суух газартаа өндөлзөн босож, харийн бурхдын дунд садарлан Намайг хаяж, Миний тэдэнтэй байгуулсан гэрээг зөрчих болно.

17 Тэр цагт Миний уур хилэн тэдний эсрэг дүрэлзэн тэднийг хаяж, нүүрээ тэднээс буруулахад тэд бусдын хоол болно. Элдвийн гамшиг, хор хөнөөлүүд тэдэн дээр олноор буух тэр цагт “Энэ хор хөнөөлүүд бидэн дээр буусан нь манай Бурхан бидний дунд байхгүйгээс болсон биш үү?” гэж тэд хэлэх болно.

18 Тэд өөр бурхад уруу эргэсэн. Тэдний үйлдэх хамаг ёрын муугаас нь болж тэр цагт Би тэднээс нүүрээ лавтай буруулна.

19 Тиймээс одоо та нар энэ дууг өөрсдөдөө бичин авч, түүнийгээ Израилийн хөвгүүдэд зааж сурга! Энэ дуу нь Израилийн хөвгүүдийн эсрэг Миний гэрч болохын тулд үүнийг тэдний аманд хий!

20 Учир нь би эцэг өвгөдөд нь андгайлсан ёсоороо сүү, зөгийн балаар бялхсан тэр газарт тэднийг аваачсаны дараа тэд цадтал идэж, таргалах бөгөөд өөр бурхдад зарагдаж, Намайг үл тоомсорлон, Миний гэрээг зөрчинө.

21 Тэдэнд элдвийн хор хөнөөл, зовлон шаналан олноор учрахад тэдний үр удмынхны амнаас мартагдаагүй байх энэ дуу тэдэнд гэрч болох болно. Тэдэнд Миний өгөхөөр тангарагласан тэр газарт тэднийг аваачихаас минь өмнө, өнөөдөр ч төлөвлөж буй санааг нь Би мэдэж байна гэлээ.

22 Тэгээд Мосе энэ дууг тэр өдөртөө бичээд, Израилийн хөвгүүдэд зааж өгчээ.

23 Дараа нь Тэрээр Нуны хүү Иошуад тушааж —Чи Израилийн хөвгүүдийг Миний тэдэнд тангарагласан газарт аваачих болно. Тиймээс тууштай бөгөөд зоригтой бай! Би чамтай хамт байна гэв.

24 Мосе энэ хуулийн үгсийг номд бүрэн бичиж дууссаныхаа дараа

25 ЭЗЭНий гэрээний авдрыг өргөлцөж явдаг левичүүдэд —

26 Энэ хуулийн номыг аваад, ЭЗЭН Бурханыхаа гэрээний авдрын хажууд тавь. Тэр нь та нарын эсрэг гэрч болж тэндээ байг!

27 Тэрслүү хийгээд гөжүүдийг чинь би мэднэ. Үзэгтүн, өнөөдөр намайг амьд, та нартай хамт байхад, та нар ЭЗЭНий эсрэг тэрсэлж байгаа юм чинь намайг үхсэний дараа бүр яах бол!

28 Овгийнхоо бүх ахмад болон түшмэдээ миний өмнө цуглуул. Би тэдний чихэнд эдгээр үгсийг сонсгож, тэдэнд гэрч болгохоор тэнгэр газрыг дуудъя!

29 Намайг үхсэний дараа та нар завхарч, та нарт тушаасан замаас минь эргэнэ. Та нар ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэж, гарынхаа бүтээлээр Түүнийг өдөөн хилэгнүүлэх учраас хожмын өдрүүдэд өөрсдөд чинь гай зовлон учирна гэдгийг би мэдэж байна гэв.


Мосегийн дуун

30 Тэгээд Мосе Израилийн бүх чуулганы өмнө энэ дууны үгийг дуустал нь уншин сонсгожээ.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan