Дэд хууль 28 - Ариун Библи 2013Дуулгаврын ерөөл ( Лев 26:3–13 ; Дх 7:12–24 ) 1 Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНд дуулгавартай байж, миний өнөөдөр чамд тушааж буй Түүний бүх тушаалыг хичээнгүйлэн дагаж мөрдвөөс ЭЗЭН Бурхан чинь чамайг газар дэлхий дээрх бүх улс үндэстний дээгүүр өндөрт тавина. 2 Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНд дуулгавартай байвал энэ бүх ерөөл чам дээр бууж, чамд хүрнэ. 3 Чи хотод ч ерөөгдөнө, хөдөөд ч ерөөгдөнө. 4 Биеэс чинь төрөх үр хүүхэд, газрын чинь ургац, мал амьтдын чинь төл, үхэр, хонины чинь төл ерөөгдөнө. 5 Чиний сагс, талх исгэдэг сав ерөөгдөнө. 6 Чи орохдоо ч ерөөгдөнө, гарахдаа ч ерөөгдөнө. 7 Чиний эсрэг босох дайснуудыг ЭЗЭН чиний өмнө ялагдахад хүргэнэ. Тэд чам уруу нэг замаар довтолж, чамаас долоон замаар зугтана. 8 ЭЗЭН чиний тариа будааны агуулах, гарын чинь ажил үйл бүрд ерөөл айлдана. ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй тэр газарт Тэр чамайг ерөөнө. 9 Хэрвээ чи ЭЗЭН Бурханыхаа тушаалыг сахиж, Түүний замаар явбаас ЭЗЭН чамд тангарагласан ёсоороо чамайг Өөрийн ариун ард түмэн болгон байгуулна. 10 Тэгвэл чамайг ЭЗЭНий нэрээр дуудагдахыг газар дэлхий дээрх бүх ард түмэн хараад, чамаас айх болно. 11 ЭЗЭНий чамд өгөхөөр чиний эцэг өвгөдөд тангарагласан газар дээр чиний эд хөрөнгийг, биеэс чинь төрөх үр хүүхэд, малын чинь төл, газрын чинь ургацыг ЭЗЭН арвин болгоно. 12 Газар дээр чинь цаг улиралд нь хур бороо оруулж, гарын чинь аливаа ажил үйлсийг ивээхийн тулд ЭЗЭН чамд тэнгэрийн сайхан сан хөмрөгөө нээнэ. Олон үндэстэн чамаас зээлнэ. Харин чи зээлэхгүй. 13 Хэрэв миний өнөөдөр чамд тушааж буй ЭЗЭН Бурханыхаа тушаалыг чи сахин үйлдэхийн тулд тэдгээрийг сонсвол ЭЗЭН чамайг сүүл болгохгүй, толгой болгоно. Чи доор орохгүй ямагт дээр нь байна. 14 Өнөөдөр миний та нарт тушааж буй аливаа үгнээс баруун тийш ч, зүүн тийш ч өөр бурхдад үйлчлэхээр даган хазайж болохгүй. Дуулгаваргүйн хараал ( Лев 26:14–46 ) 15 Хэрэв чи ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сонсохгүй, миний өнөөдөр чамд тушааж буй бүх тушаал, зарлигуудыг нь дагаж мөрдөхгүй байвал энэ бүх хараал чам дээр бууж, чамд хүрнэ. 16 Чи хотод ч хараагдана, хөдөөд ч хараагдана. 17 Чиний сагс, талх исгэдэг сав хараагдана. 18 Биеэс чинь төрөх үр хүүхэд, газрын чинь ургац, үхэр, хонины чинь төл хараагдана. 19 Чи орохдоо ч хараагдана, гарахдаа ч хараагдана. 20 Хорон мууг үйлдэн Намайг мартсанаас чинь болж ЭЗЭН чамайг устгах хүртэл, үтэр сөнөөх хүртэл чиний дээр гарын чинь ажил үйл бүрд хараал, үймээн самуун, хатуу зэмлэл илгээх болно. 21 ЭЗЭН, чиний эзэмшихээр очиж буй газраас чинь чамайг усттал тахлаар нэрвэнэ. 22 ЭЗЭН, чамайг хатгаа, халуурал, халуун ханиад, халуун чичрэг, ган гачиг, салхины гамшиг, хөгц мөөгөнцрөөр бут ниргэнэ. Энэ бүх гай гамшиг чамайг сөнөтөл чинь дагана. 23 Чиний толгой дээрх тэнгэр нь хүрэл болж, чиний доорх газар нь төмөр болно. 24 ЭЗЭН, чиний газар нутаг дээр бороог шороо тоос болгож, тэр нь чамайг усттал тэнгэрээс буух болно. 25 ЭЗЭН чамайг дайснуудын чинь өмнө ялагдахад хүргэнэ. Чи өөдөөс нь нэг замаар довтолж, тэднээс долоон замаар зугтана. Чи дэлхийн хамаг улс оронд ад үзэгдэнэ. 26 Чиний цогцос тэнгэрийн бүх шувуу, газрын араатан амьтдын хоол болох бөгөөд тэднийг хэн ч үргээж цочоохгүй. 27 ЭЗЭН, чамайг Египетийн буглаат хатги, шамбарам, яр шарх, хамуу өвчнөөр цохих бөгөөд чи эдгэрч чадахгүй. 28 ЭЗЭН, чамайг галзуу, сохор, зүрхний солио өвчнөөр цохино. 29 Сохор хүн харанхуйд тэмтчихийн адил чи гэгээн цагаан өдөр ч тэмтчин, зам мөр чинь бүтэмжгүй, чи дандаа дарлагдан дээрэмдүүлж, хэн ч чамайг аврахгүй. 30 Чи бүсгүй хүнд сүй тавих боловч өөр хүн түүнийг чинь хүчирхийлнэ. Чи байшин барих боловч түүндээ суухгүй, чи усан үзмийн цэцэрлэг тариалах боловч үр жимсийг нь хүртэхгүй. 31 Чиний үхрийг нүдний чинь өмнө нядлах боловч чи түүнээс идэж чадахгүй. Чиний илжгийг нүүрэн дээр чинь булаах боловч чи түүнийг буцааж авч чадахгүй. Чи хонио дайснуудад алдах боловч чамд туслах хэн ч байхгүй. 32 Чи хөвгүүд, охидоо өөр ард түмэнд алдаж, өдөржин хойноос нь харуулдсаар нүд чинь сүүмийж, гар чинь хүчгүй болно. 33 Газрын чинь үр жимс, хүч хөдөлмөрийг чинь чиний таньж мэдэхгүй үндэстэн идэж, чи үргэлж дарлагдан нухлагдана. 34 Тиймээс чи үзэж харсан бүхнээсээ болоод галзуурна. 35 ЭЗЭН, өвдөг гуяыг чинь эдгэшгүй муухай буглаат хатгинд бариулж, та нар хөлийнхөө улнаас толгойнхоо оройг хүртэл шавсан тэр хатги ярнаасаа ангижирч чадахгүй. 36 ЭЗЭН, чамайг болон чиний дээрээ залах хааныг чиний болон эцэг өвгөдийн чинь таньж мэдэхгүй улс үндэстэн уруу аваачна. Чи тэнд мод, чулуугаар хийсэн өөр бурхдад зарагдана. 37 ЭЗЭН, чамайг хөөн аваачих бүх үндэстний дунд чи аймшиг, ёгт үг, тоглоом тохуу болно. 38 Чи талбайдаа арвин үр суулгавч царцаанд идүүлсний улмаас бага ургац авна. 39 Чи усан үзэм тарьж ургуулах боловч өтөнд идүүлсний улмаас усан үзэм ч авч чадахгүй, дарс ч ууж чадахгүй. 40 Чиний бүх газар нутаг дээр чидун жимсний мод байвч жимс нь унаснаас болоод тосоор нь биеэ тосолж чадахгүй. 41 Чи хөвгүүд охид төрүүлэх боловч тэд олзлогдох тул чамтай хамт байж чадахгүй. 42 Чиний бүх мод, газрын чинь ургацыг голионууд эзэрхийлнэ. 43 Та нарын дунд байгаа ирмэл хүн чамаас дээшилж, улам улам дэвшиж, чи улам улам буурна. 44 Тэрээр чамд зээл өгнө. Харин чи түүнд зээл өгч чадахгүй. Тэр толгой болж, чи сүүл болно. 45 Түүний чамд тушаасан тушаал, зарлигуудыг сахихаар чи ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг дагаагүй учир энэ бүх хараал чам дээр бууж, чамайг нэхэн дагасаар эцэст нь чамайг устгана. 46 Тэр бүх хараал чамд болон чиний үр удамд тэмдэг, гайхашрал болж үүрд байна. 47 Чи алив бүхнээр элбэг дэлбэг байсан ч ЭЗЭН Бурхандаа баяр хөөртэй зүрхээр зарагдаагүй учраас 48 ЭЗЭНээс чиний эсрэг илгээх дайснуудад чи өлсөж цанган, нүцгэрч, алив бүхнээр дутагдан байж зарагдана. Тэр чамайг устгах хүртэлээ хүзүүнд чинь төмөр дөнгө углана. 49 ЭЗЭН алсаас, газар дэлхийн хязгаараас хэл нь чамд үл ойлгогдох нэг үндэстнийг бүргэдийн шүүрэлт мэт чам уруу авчирна. 50 Тэр үндэстэн нь ширүүн догшин царайтай, настныг үл хүндэлж, хүүхдийг эс өрөвдөнө. 51 Тэд чамайг устгах хүртэлээ малын чинь төл, газрын чинь ургацыг иднэ. Тэд бас чамайг мөхтөл тариа будаа, дарс, тос, үхэр, хонины төлийг чамд үлдээхгүй. 52 Тэд чиний найдвар болсон өндөр, бат бэх хана хэрмүүдийг нуран унах хүртэл чамайг газар нутаг дээрх бүх хотод чинь бүсэлнэ. Тэд ЭЗЭН Бурханаас чинь чамд өгсөн газрын бүх хотод чамайг бүслэх болно. 53 Дайснууд чинь чамайг шахамдуулах бүслэлт шахалт дор чи, ЭЗЭН Бурханаас чамд хайрласан, хэвлийн чинь үр, хөвгүүд охидынхоо махыг идэх болно. 54 Та нар дунд маш эмзэг зөөлөн сэтгэлтэй эр байсан ч нүд нь ах дүү, цээжнийхээ эхнэр, амьд үлдсэн хүүхдүүдрүүгээ муу санаалан харж, 55 хүүхдийнхээ махнаас хэнд ч өгөхгүй идэх болно. Дайснууд чинь чамайг босгон дотор чинь шахамдуулах бүслэлт шахалт дор юу ч үлдээгээгүй учраас ингэх юм. 56 Мөн та нар дунд эмзэг зөөлөн сэтгэлтэй бүсгүй, газар шороон дээр хөлөө ч тавьж үзээгүй тийм эмзэг зөөлөн сэтгэлтэй бүсгүй байлаа ч цээжнийхээ нөхөр, хүү охиныгоо муу санаалан харж, 57 хөлийнхөө хоорондоос унжих эхсийг төрсөн үртэйгээ хамт нууцаар иднэ. Дайснууд чинь чамайг босгон дотор чинь шахамдуулах бүслэлт шахалт дор өөр юу ч үгүй учраас ингэх юм. 58 Хэрэв чи энэ номд бичигдсэн хуулийн бүх үгийг чиний Бурхан ЭЗЭН хэмээх энэ эрхэм, сүрдмээр нэрээс айж эмээхийн тулд хичээнгүйлэн дагахгүй бол 59 ЭЗЭН чиний гай гамшиг, чиний үрсийн гай гамшгийг аймшигтай болгож, тэр нь улам бүр хүндрэн удаан үргэлжлэх гай гамшиг, муухай ужиг өвчин болно. 60 ЭЗЭН, чиний айж байсан Египетийн бүх өвчнийг чам дээр буцаан авчирч, тэдгээр нь чамайг нэрвэнэ. 61 ЭЗЭН бас энэхүү хуулийн номд бичигдээгүй өвчин бүхнийг, тахал бүрийг чамайг усттал чинь чам дээр авчирна. 62 Та нар тэнгэрийн одод шиг тоо томшгүй олон байсан ч ЭЗЭН Бурханыхаа үгийг дагаагүй учраас хэдүүлхнээ болж үлдэнэ. 63 ЭЗЭН та нарыг сайн сайхан болгож, олшруулахдаа баярласан шигээ та нарыг устган сөнөөхдөө ч баярлах болно. Та нар эзэмшихээр очиж буй тэр газраасаа хагацна. 64 ЭЗЭН чамайг газар дэлхийн нэг өнцгөөс нөгөө өнцөг хүртэл бүх ард түмэн дунд тараах болно. Тэнд чи өөрөө ч мэдэхгүй, эцэг өвгөд чинь ч мэдэхгүй мод, чулуун бурхдад зарагдах болно. 65 Чи тэдгээр үндэстний дотор амар амгаланг олж чадахгүй, хөлөө амраах газар ч олж чадахгүй. Харин тэнд ЭЗЭН зүрхийг чинь чичрүүлж, зовхийг чинь буулгаж, сэтгэлийг чинь самууруулна. 66 Амь амьдрал чинь дээсэн дөрөөн дээр тогтож, өдөр шөнөгүй айж эмээн амьдралдаа ямар ч итгэлгүй байх болно. 67 Зүрх чинь айдас цочрол, нүд чинь үзсэн харснаасаа болоод чи өглөө нь “Орой байсан ч болоосой” гэж хэлэн, орой нь “Өглөө байсан ч болоосой” гэх болно. 68 Миний чамд “Чи үүнийг дахин хэзээ ч үзэхгүй” гэж өмнө нь хэлсэн тэр замаар ЭЗЭН чамайг хөлөг онгоцоор Египетэд буцааж аваачна. Тэнд та нар өөрсдийгөө дайснууддаа боол шивэгчин болгож худалдах гэсэн ч хэн ч та нарыг авахгүй гэв. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)