Дэд хууль 24 - Ариун Библи 2013Гэрлэлт ба салалтын хууль 1 Хэрэв хүн эхнэр авч гэрлэснийхээ дараа түүнд ичгүүрт зүйл байгааг олж мэдээд, түүнийг таалахаа болих аваас тэрээр цуцлалтын бичиг бичиж, гарт нь өгөөд, түүнийг гэрээсээ явуул. 2 Тэр эмэгтэй түүний гэрээс яваад, өөр хүний эхнэр болж, 3 хоёр дахь нөхөр нь бас түүнд дургүйцэж цуцлалтын бичиг бичиж, гарт нь өгөөд гэрээсээ явуулах юмуу эсвэл түүнийг эхнэрээ болгон авсан хоёр дахь нөхөр нь үхвэл 4 тэр эмэгтэй бузартсан учир түүнийг явуулсан анхны нөхөр нь дахин эхнэрээ болгон авч болохгүй. Ингэх нь ЭЗЭНий өмнө жигшүүрт зүйл болно. ЭЗЭН Бурхан чинь чамд өв болгон өгч буй газар нутагт чи нүгэл бүү авчир. Бусад хуулиуд 5 Саяхан гэрлэсэн хүнийг цэрэгт бүү явуул. Аливаа албанд бүү тат. Тэрээр нэг жил гэртээ чөлөөтэй сууж, авсан эхнэртээ аз жаргал өгөх ёстой. 6 Хэн ч гар тээрмийг эсвэл тээрмийн бул чулууг барьцаанд бүү ав. Энэ нь хүний амийг барьцаалсан хэрэг болно. 7 Хэрэв хэн нэг нь ах дүү Израилийн хөвгүүдээс хүн хулгайлж, түүнийгээ боолчилсон юмуу худалдсан нь мэдэгдвэл хулгайчийг ал. Та нар дотроосоо ёрын мууг ийнхүү зайлуул. 8 Чи арьсны халдварт өвчнөөс болгоомжил. Тахилч левичүүдийн та нарт заах бүгдийн дагуу хичээнгүйлэн хий. Миний тэдэнд тушаасанчлан та нар анхааралтай үйлд. 9 Та нарыг Египетээс гарч явсны дараа замд ЭЗЭН Бурхан чинь Мириамд юу үйлдсэнийг санагтун. 10 Чи хөршдөө ямар нэгэн юм зээлдүүлэхдээ барьцаа авахаар гэрт нь бүү ор. 11 Чи гадаа нь зогсоод, чамаас зээл авсан хүн барьцаагаа өөрөө чамд авчирч өгөх ёстой. 12 Хэрэв тэр хүн ядуу байвал түүний барьцааг өөртөө бүү хонуул. 13 Чи түүний барьцааг нар шингэх үед буцааж өгөх ёстой. Тэгвэл тэр хүн хувцсаа нөмөрч унтаад, чамайг ерөөнө. Энэ нь ЭЗЭН Бурханы чинь өмнө чиний зөвт байдал болно. 14 Нутагт чинь танай хотод суудаг ах дүү чинь ч бай, ирмэл хүн ч бай ядуу зүдүү хөлсний хүнээ чи бүү дарангуйл. 15 Чи түүний хөлс мөнгийг өдөрт нь, нар шингэхээс өмнө өгч бай. Учир нь тэрээр ядуу бөгөөд түүгээрээ амь голоо зогоож байдаг. Эс тэгвэл тэр чамайг ЭЗЭНд мэдүүлж, энэ нь чамд нүгэл болох вий. 16 Хөвгүүдээс нь болж эцгүүдийг нь цаазалж болохгүй мөн эцгүүдээс нь болж хөвгүүдийг нь ч цаазалж болохгүй. Харин хүн бүр өөрийнхөө гэм нүглийн улмаас л цаазлагдах ёстой. 17 Чи ирмэл хүн юмуу өнчин хүмүүс дээр шударга шүүлтийг бүү гажуудуул. Бэлэвсэн эмэгтэйн хувцсыг барьцаанд бүү ав. 18 Чи Египетэд боол байснаа, ЭЗЭН Бурхан чинь чамайг тэндээс гаргаж авсныг санаж яв. Тиймээс үүнийг хийхийг би чамд тушааж байна. 19 Чи талбайдаа тариагаа хадаж байхдаа талбайд нэг юүжийг мартсан бол түүнийгээ авахаар бүү буц. Түүнийгээ ирмэл хүмүүс, өнчин, бэлэвсэнд үлдээ. Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний гараараа хийсэн бүхнийг ерөөнө. 20 Чи чидун жимсний модоо түншсэний дараа түүний мөчрийг дахин бүү ажигла. Үлдсэн жимсийг ирмэл хүмүүс, өнчид, бэлэвсэнд үлдээ. 21 Чи усан үзмийн цэцэрлэгээс усан үзмээ хураагаад, үлдсэнийг нь дахин бүү түү. Тэр нь ирмэл хүмүүс, өнчин, бэлэвсэнд үлдэнэ. 22 Чи Египет нутагт боол байснаа сана. Тиймээс үүнийг хийхийг би чамд тушааж байна. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)