Дэд хууль 23 - Ариун Библи 2013Чуулганаас хөөх тухай 1 Төмсгөө няцлуулсан юмуу бэлэг эрхтнээ огтлуулсан хэн ч ЭЗЭНий чуулганд орох ёсгүй. 2 Хууль бус гэрлэлтээс төрсөн хэн ч, түүний арав дахь үеийнхэн хүртэл ЭЗЭНий чуулганд орох ёсгүй. 3 Аммончууд, моабчууд ЭЗЭНий чуулганд орох ёсгүй. Тэдний арав дахь үеийнхэн хүртэл ЭЗЭНий чуулганд орох ёсгүй. 4 Учир нь чамайг Египетээс гарахад замд чинь тэд талх ус барин та нарыг угтаагүй агаад чамайг хараалгахын тулд Месопотами дахь петор хүн Беорын хүү Балаамыг чиний эсрэг хөлсөлсөн болой. 5 Гэсэн хэдий ч ЭЗЭН Бурхан чинь чамайг хайрладаг учир ЭЗЭН Бурхан чинь Балаамыг сонсохыг хүссэнгүй, харин хараалыг чиний төлөө ерөөл болгон эргүүлсэн. 6 Чи бүх өдрүүдийнхээ туршид, үүрд тэдэнд амар тайван, сайн сайхныг бүү эрэлхийл. 7 Чи едомчуудыг бүү үзэн яд. Тэд чиний ах дүүс. Чи египетчүүдийг бүү үзэн яд. Учир нь та нар тэдний газар нутагт ирмэл хүмүүс байсан. 8 Тэднээс төрсөн гурав дахь үеийн хөвгүүд ЭЗЭНий чуулганд орж болно. Ариун цэвэр, дэг жаяг, энэрэнгүйн тухай заавар 9 Чи дайснуудынхаа эсрэг хуарагнахдаа аливаа ёрын муу зүйлээс сэргийл. 10 Хэрэв та нарын хэн нэг нь шөнө дур тавьснаас болж бузартсан бол тэрээр хуарангаас гарч, хуарандаа эргэж орох ёсгүй. 11 Харин орой болоход тэр биеэ усаар угаагаад, нар шингэмэгц хуарандаа эргэн орж болно. 12 Чи бас хуарангаас гадна бие засах газар барьж, тийшээ очиж болно. 13 Чиний багаж зэвсгүүдийн дунд ухуур гадас байх ёстой. Чи гараад бие засахдаа, түүгээрээ газар ухаж, ялгадсаа эргүүлэн бул. 14 ЭЗЭН Бурхан чинь чамайг аварч, дайснуудыг чинь та нарт тушаахаар хуарангийн чинь дундуур явж байна. Та нар дундаас Тэр бузар зүйлийг олж хараад чамайг орхихгүйн тулд хуаран чинь ариун байх ёстой. 15 Эзнээсээ чам уруу оргож очсон боолыг чи эзэнд нь буцааж бүү тушаа. 16 Тэр боол танай аль нэгэн хотын дотроос өөртөө таатай хэмээн сонгож авсан газартаа та нар дунд чамтай хамт амьдран сууг. Түүнийг бүү дарамтал. 17 Израиль охидын дунд шүтээний янхан байх ёсгүй. Израиль хөвгүүдийн дотор шүтээний янхан эр байх ёсгүй. 18 Янхны олсон мөнгө хийгээд эр янхны олсон хөлсийг ямар ч ам өчгийн өргөлд зориулахаар ЭЗЭН Бурханыхаа өргөөнд бүү оруул. Хоёуланг нь ЭЗЭН Бурхан чинь жигшдэг билээ. 19 Чи ах дүүдээ хүүтэй бүү зээлдүүл. Тухайлбал мөнгөний хүү, хоол хүнсний хүү зэрэг хүүлж болмоор аливаа зүйлсээ хүүтэй бүү зээлдүүл. 20 Чи гаднын хүнд хүүтэй зээлдүүлж болно, харин ах дүүгээсээ зээлийн хүү бүү нэх. Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний эзэмшихээр очих гэж буй газар нутаг дээр гарын чинь ажил үйл бүхнийг ивээнэ. 21 Чи ЭЗЭН Бурхандаа андгай өгсөн бол төлөхөө бүү удаашруул. ЭЗЭН Бурхан чинь үүнийг чамаас заавал шаардах бөгөөд энэ нь чамд нүгэл болно. 22 Хэрэв чи андгайлаагүй бол гэм нүгэлгүй байхсан. 23 Чи уруулаараа гаргасан зүйлээ, ЭЗЭН Бурхандаа ам өчгөө өгсөн сайн дурын өргөл болох амлан хэлсэн зүйлээ сахин биелүүлэгтүн. 24 Чи хөршийнхөө усан үзмийн цэцэрлэгт орох үедээ усан үзмээс нь дураараа, цадтал идэж болно. Харин сагсандаа нэгийг ч бүү хий. 25 Чи хөршийнхөө тариан талбайд орохдоо тариан түрүүг гараараа шувтран авч болно. Харин хөршийнхөө тарианд хадуураа бүү хүргэ. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)