Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дэд хууль 22 - Ариун Библи 2013

1 Ах дүүгийн чинь үхэр, хонь алдуул явааг харвал хайхралгүй бүү өнгөрөө. Харин чи түүнийг ах дүүдээ буцаан хүргэж өг.

2 Хэрвээ ах дүү чинь чамаас хол эсвэл чи түүнийг мэдэхгүй байвал чи тэр малыг гэртээ авчраад, ах дүү чинь хайж иртэл нь өөртөө байлгаж байгаад, түүнд буцааж өг.

3 Илжиг ч байсан буцааж өг, хувцас хунар ч байсан буцааж өг. Ах дүүгийнхээ аливаа алдагдсан зүйлийг олбол чи тийнхүү буцаан өгч бай. Хайхралгүй бүү өнгөрөө.

4 Ах дүүгийн чинь илжиг эсвэл үхэр замд өеөдсөн байхыг харвал хайхралгүй бүү өнгөр. Ах дүүдээ түүнийг түшиж босгоход нь тусал.

5 Эмэгтэй хүн эрэгтэй хүний хувцсыг бүү өмс. Эрэгтэй нь ч эмэгтэй хүний хувцсыг бүү өмс. Тэгсэн хэн бүхэн ЭЗЭН Бурханыхаа жигшлийг төрүүлэх болно.

6 Хэрэв явах замд чинь модон дээр эсвэл газарт ангаахай юмуу өндөгтэй шувууны үүр байж, ангаахай эсвэл өндгөө дарсан эх шувуу дайралдвал эх ба ангаахайг хамтад нь бүү ав!

7 Чи эхийг нь заавал явуул. Харин ангаахайг нь өөртөө авч болно. Тэгвэл чи сайн сайхан байж, урт насална.

8 Чи шинэ байшин барихдаа, хэн нэгэн түүн дээрээс унаж, чи гэртээ цус урсгасан ял авчрахгүйн тулд дээвэр дээрээ хашлага хий.

9 Усан үзмийн цэцэрлэгтээ хоёр өөр төрлийн үр бүү тарь. Эс тэгвэл чиний тарьсан үрээс ургасан жимс, усан үзмийн цэцэрлэгийн ургац бүгд бузартана.

10 Чи шар илжиг хоёрыг нэг анжсанд хөллөн газар бүү хагал.

11 Ноос маалинга хоёрыг хольж нэхсэн хувцас бүү өмс.

12 Өмсдөг гадуур хувцасныхаа дөрвөн өнцөгт нь бүч хий.


Бэлгийн харьцааны тухай хууль

13 Хэрэв хүн эхнэр авч, түүн дээр ороод, түүнд дургүй болж,

14 “Би энэ хүүхнийг авсан. Харин түүнтэй ойртоод би түүний охин онгоны шинж тэмдгийг олж мэдсэнгүй!” гэж гүтгэж, түүнийг нэрийг гутаавал,

15 тэр бүсгүйн эцэг, эх нь бүсгүйн охин онгон байсны тэмдгийг авч гараад, хотын дааман хаалганы дэргэдэх ахмадууд дээр очиж,

16 бүсгүйн эцэг нь ахмадуудад “Би охиноо энэ хүнд эхнэр болгон өгсөн билээ. Гэтэл тэр түүнд дургүй болж,

17 харагтун, «Би чиний охины охин онгон шинж тэмдгийг олж мэдсэнгүй!» гээд түүнийг буруутгасан. Гэтэл хар! Миний охины охин онгоны шинж тэмдэг энэ байна” гэж хэлээд эцэг эх нь хотын ахмадуудын өмнө хувцсыг нь дэлгэн үзүүлнэ.

18 Хотын ахмадууд тэр хүнийг барьж авч цээрлүүлэх ёстой.

19 Тэр хүн Израилийн онгон бүсгүйн нэрийг гутаасан учир тэд түүнийг зуун мөнгөн шекелээр торгоод, мөнгийг бүсгүйн эцэгт өгнө. Тэгээд мөнөөх бүсгүй түүний эхнэр нь хэвээрээ үлдэж, тэр хүн насан туршдаа түүнээс салж үл болно.

20 Харин тэр бүсгүйг охин онгон байгаагүй гэсэн түүний мэдүүлгэ нь үнэн байвал,

21 бүсгүйг эцгийнх нь гэрийн үүдэн дээр аваачиж, хотынхон нь түүн уруу чулуу шидэж ал. Учир нь тэр бүсгүй эцгийнхээ гэрт садарлан самуурч, Израильд шившигт хэрэг хийсэн. Чи дундаасаа ёрын мууг ийнхүү зайлуул.

22 Хэрвээ эр хүн гэрлэсэн эмэгтэйтэй унтаж байгаад баригдвал эмэгтэйтэй унтсан эр болон мөнөөх эмэгтэй хоёулаа үхвэл зохино. Та нар ёрын мууг Израилиас ийнхүү зайлуулах ёстой.

23 Хэрэв хүнтэй сүй тавьсан онгон бүсгүйтэй өөр эрэгтэй хүн хотын дотор учраад хавьтвал

24 та нар тэр хоёрыг хотын хаалганы гадна гаргаж, тэдэн уруу чулуу шидэж ал. Учир нь тэр бүсгүй хотын дотор байсан ч хашхираагүй. Тэр эр хөршийнхөө эхнэрийг хүчирхийлсэн. Чи дундаасаа ёрын мууг ингэж зайлуул.

25 Хэрвээ хүнтэй сүй тавьсан бүсгүйтэй хэн нэгэн эр хөдөө хээр тааралдаад, хүч хэрэглэн түүнтэй хавьтвал зөвхөн тэр хавьтсан эрийг л алах ёстой.

26 Тэр бүсгүй алуулбал зохих гэм нүгэлгүй учир түүнийг зүгээр орхи. Энэ нь хүн хөршрүүгээ дайран амийг нь хороосонтой адил хэрэг юм.

27 Учир нь тэр эр бүсгүйтэй хөдөө хээр тааралдах үед тэр сүйт бүсгүй хашхирсан ч түүнийг аврах хэн ч байхгүй байсан.

28 Хэрвээ эр хүн сүй тавиагүй, онгон бүсгүйтэй тааралдаж, түүнийг барьж аваад, хавьтаж байгаад тэд баригдвал

29 түүнтэй унтсан тэр эр бүсгүйн эцэгт тавин мөнгөн шекел өгч, тэр бүсгүйг эхнэр болгон авах ёстой. Тэрээр бүсгүйг хүчирхийлсэн учир насан туршдаа түүнээс салж болохгүй.

30 Хүн эцгийнхээ эхнэрийг авч, эцгийнхээ хормойг сөхөж болохгүй.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan