Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дэд хууль 21 - Ариун Библи 2013


Эзэнгүй аллагын тухай хууль

1 ЭЗЭН Бурханаас чинь чамд эзэмшүүлэхээр өгч буй газар дээр хэн нэгэн хүн алагдаад хээр талд хэвтэж байгаа нь олдож, тэр хүнийг хэн алсан нь мэдэгдэхгүй байвал

2 танай ахмадууд болон шүүгчид гарч очоод, тэр алагдсан хүнээс эргэн тойрных нь хотууд хүртэлх зайг хэмж.

3 Тэр алагдсан хүнд хамгийн ойр байгаа хотын ахмадууд нь ажилд зүтгээгүй, буулганд ороогүй байгаа охин бярууг авах ёстой.

4 Тэгээд тэр хотын ахмадууд охин бярууг хагалаагүй, тариалаагүй, урсгал ус бүхий атар хөндий уруу хөтөлж аваачаад, хүзүүг нь хуга мушгих ёстой.

5 Левийн хөвгүүд болох тахилчид бас ойртон очих ёстой. Тэднийг Өөртөө үйлчлүүлж, ЭЗЭНий нэрээр ерөөл тавиулахаар ЭЗЭН Бурхан чинь сонгосон юм. Аливаа маргаан, аливаа тэмцлийг тэдний үгээр шийднэ.

6 Мөнөөх алагдсан хүнд хамгийн ойрхон байгаа хотын ахмадууд бүгд тэр хөндийд хүзүүгээ хуга мушгиулсан охин бярууны дээр гараа угааж,

7 тунхаглан “Бид энэ цусыг гараараа урсгаагүй, үүнийг нүдээрээ хараагүй.

8 Өө, ЭЗЭН! Та Өөрийн гаргаж авсан ард түмэн Израилийг уучилж өршөөн, гэмгүй цусны хэргийг Өөрийн ард түмэн Израилийн дунд бүү байлгаач” гэж хэлэх ёстой. Тэгвэл тэр цуснаас тэд уучлагдах болно.

9 Чи ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэхийн тулд гэмгүй цус урсгахыг дундаасаа ийнхүү зайлуул.


Олзлогдсон эмс

10 Чи дайсантайгаа тулалдахаар явахад Бурхан ЭЗЭН чинь тэднийг гарт чинь тушааж, чи тэднийг олзлон авах үед,

11 олзлогдогсдын дунд үзэсгэлэнтэй бүсгүйг чи хараад, түүнийг хүсэмжлэн эхнэрээ болгож авъя гэвэл

12 чи түүнийг гэртээ, өөрийн байшинд авчир. Тэр бүсгүй үсээ хусаж, хумсаа авч,

13 олзлогдогчийн хувцсаа сольж, гэрт чинь суугаад, эцэг эхийнхээ араас бүтэн сар гашуудсаны дараа чи түүн дээр орж, нөхөр нь болж, тэр чиний эхнэр болно.

14 Хэрэв тэр бүсгүй чамд таалагдахгүй байвал чи түүнийг дуртай зүгт нь явуул. Харин чи түүнийг мөнгөөр худалдаж хэрхэвч болохгүй. Чи түүнийг дорд болгож байсан учраас түүнд боол шиг бүү ханд.


Ууган хүүгийн эрх

15 Хэрэв хүн хоёр эхнэртэй бөгөөд нэгэнд нь хайртай, нөгөөд хайргүй атал хайртай, хайргүй хоёр эхнэр нь хоёулаа түүнд хөвгүүн төрүүлэн өгч, ууган хүү нь хайргүй эхнэрээс нь гарсан байвал,

16 хөвгүүддээ өмчөө өвлүүлэх өдөр тэр хүн хайртай эхнэрээсээ гарсан хүүг хайргүй эхнэрээсээ гарсан жинхэнэ ууган хүүгийн өмнүүр ууган хүү болгож болохгүй.

17 Харин хайргүй эхнэрээс гарсан хүүгээ ууган хүү гэдгийг хүлээн зөвшөөрч, бүх өмчөөсөө түүнд хоёр дахин илүү хувийг өг. Учир нь тэрээр эр чадлынх нь охь болсныхоо хувьд ууган хүүгийн эрх түүнд бий.


Тэрслүү хүүхдүүдийн тухайд

18 Хэрвээ эцэг эхийнхээ дуу хоолойг дагадаггүй, зөрүүд, тэрслүү хүүтэй хүн хүүгээ зодож занчсан ч тэр нь дуулгаваргүй хэвээр байвал

19 эцэг эх нь түүнийг барьж аваад, хотынхоо хаалга уруу хотын ахмадуудад хүргэж өгөөд,

20 хотынхоо ахмадуудад “Манай энэ хүү зөрүүд, тэрслүү хүүхэд, бидний үгэнд ордоггүй танхай балмад, архичин” гэвээс

21 хотынхон бүгдээрээ түүн уруу чулуу шидэн алах ёстой. Ийнхүү чи дундаасаа ёр мууг зайлуул. Тэгвэл бүх Израиль сонсоод, айж эмээнэ.


Бусад хуулиуд

22 Үхвэл зохих гэм нүгэл үйлдсэн хүнийг алж, чи түүнийг модонд өлгөвөл

23 хүүрийг нь модон дээр шөнөжин байлгаж болохгүй. Түүнийг заавал тэр өдөрт нь булшил. ЭЗЭН Бурханаас чинь чамд өв болгон өгч буй тэр газрыг бүү бузарла. Модон дээр өлгөгдсөн хүн бүр Бурханы хараал болой.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan