Дэд хууль 20 - Ариун Библи 2013Дайны журам 1 Чи дайсантайгаа тулалдахаар гараад, морьд, тэрэгт цэрэг, өөрийнхөөс чинь илүү олон хүнийг харвал тэднээс бүү ай. Учир нь чамайг Египет нутгаас авчирсан ЭЗЭН Бурхан чинь чамтай хамт байна. 2 Та нарыг тулалдааны газар ойртох үед тахилч хүрч очоод, ард түмэнд хандан ярьж 3 тэдэнд “Израиль аа, сонс! Өнөөдөр та нар дайсантайгаа тулалдахаар хүрч ирээд байна. Бүү зүрх алд, та нар тэднээс бүү ай, бүү чичир, бүү цочирд! 4 Учир нь та нарын төлөө дайсантай чинь байлдахаар, та нарыг аврахаар та нартай хамт явагч нь Бурхан ЭЗЭН чинь юм” гэж хэлнэ. 5 Түшмэд ард олонд “Шинэ байшин бариад, ёслолоо хийгээгүй хүн хэн байна вэ? Тэр хүн гэртээ буц. Тэрээр дайнд амиа алдаж, өөр хүн байшингийнх нь ёслолыг хийх вий. 6 Усан үзмийн цэцэрлэг тариад, түүнээсээ амсаагүй хүн хэн байна вэ? Тэр хүн гэртээ буц. Тэрээр дайнд амиа алдаж, өөр хүн түүнээс нь идэх вий. 7 Бүсгүй хүнтэй сүй тавьсан боловч түүнийгээ авч амжаагүй хүн хэн байна вэ? Тэр хүн гэртээ буц. Тэр дайнд амиа алдаж, өөр хүн түүнийг нь авах вий” гээд, 8 үргэлжлүүлэн түшмэд ард олонтой ярьж тэдэнд “Аймхай, зүрхгүй хүн хэн байна вэ? Тэр хүн гэртээ буц. Тэрээр өөрийнхөө зүрх шиг, ах дүү нараа зүрх алдуулах вий” гэж хэлнэ. 9 Түшмэд ард олонд ярьж дуусахад, ард олныг тэргүүлэх цэргийн дарга нарыг тэд томилох болно. 10 Чи аль нэг хотыг дайран эзлэхээр ойртон очих үедээ, тэр хотынхонд амар тайвныг зарлан тунхагла. 11 Хэрэв тэр хот амар тайвны хариу өгч, чамд хаалгаа нээж өгвөл тэр хотын оршин суугч бүгд чамд албадан ажилчин ба зарц болно. 12 Хэрэв тэр хотынхон чамд амар тайвны хариу эс илэрхийлж, чамайг эсэргүүцэн байлдвал чи тэр хотыг бүслэгтүн. 13 ЭЗЭН Бурхан чинь тэр хотыг чиний гарт тушаах үед чи тэр хотын бүх эрчүүдийг илдний ирээр цавч. 14 Харин эмэгтэйчүүд, хүүхдүүд, мал сүрэг болон хотын олз бүхнийг өөртөө ав. Бурхан ЭЗЭНий чинь чамд өгсөн, дайснуудаасаа олзолсон эд юмсыг чи эдэлж хэрэглэ. 15 Дэргэдэх эдгээр үндэстнүүдэд хамаарахгүй өөрөөс чинь хол байгаа хотуудад чи үүнийг үйлдэгтүн. 16 Харин ЭЗЭН Бурханаас чинь чамд өв болгон өгч буй эдгээр ард түмний хотуудаас амь амьсгалтай юуг ч бүү үлдээ. 17 ЭЗЭН Бурхан чинь тушаасан ёсоор чи хит, амори, канаан, периз, хиви, иебусчуудыг хүйс тэмтэр. 18 Эс тэгвэл тэд бурхдадаа үйлдсэн жигшүүрт бүхнээ та нарт зааж, та нараар ЭЗЭН Бурханд чинь нүгэл үйлдүүлэх болно. 19 Та нар аль нэг хотыг эзлэхээр дайтан, удаан хугацаагаар бүслэх үед, сүхээ далайж тэндхийн моддыг бүү устга. Та нар тэр моддоос идэх учраас тэдгээрийг бүү цавчин унага. Талбайн модод чинь хүн юм уу? Та нар яахин түүнийг бүсэлнэ вэ? 20 Харин идэж болох жимстэй мод биш болохыг нь мэдэж байгаа моддыг устга. Тэгээд цавчин бэхлэлт хийж, та нартай байлдаж байгаа тэр хотынхныг ялагдах хүртэл нь хэрэглэ. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)