Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дэд хууль 14 - Ариун Библи 2013


Харийн ёсыг хориглов

1 Та нар Бурхан ЭЗЭНийхээ хүүхдүүд юм. Талийгаачийн улмаас өөрийгөө бүү зүс бас магнайгаа бүү халзал.

2 Чи ЭЗЭН Бурханыхаа ариун ард түмэн. Дэлхий дээрх бүх ард түмний дотроос чамайг Өөрийнхөө ард түмэн болгохоор ЭЗЭН сонгосон билээ.


Цэвэр ба бузар хүнс
( Лев 11:1–47 )

3 Чи жигшмээр муухай юуг ч бүү ид.

4 Та нарын идэж болох амьтад нь үхэр, хонь, ямаа,

5 буга, зээр, улаан буга, зэрлэг ямаа, янгир, урт эвэртэй гөрөөс, аргаль юм.

6 Амьтдын дундаас туурай нь салаатай ац туурайтан, сэвсээ хивдэг ямар ч амьтдыг та нар идэж болно.

7 Харин хивдэг эсвэл ац туурайтай амьтдын дотроос та нарын идэж болохгүй амьтад нь тэмээ, туулай, хадны дорго. Эдгээр амьтад сэвсээ хивдэг боловч ац туурайгүй учир та нарт бузар.

8 Мөн гахай ац туурайтан боловч хивдэггүй учир та нарт бузар болно. Та нар махыг нь идэж болохгүй, сэгэнд нь ч хүрч болохгүй.

9 Усан дотор байдаг сэрвээтэй, хайрстай бүхнийг та нар идэж болно.

10 Харин сэрвээгүй, хайрсгүй ямар ч амьтныг бүү ид. Эдгээр амьтад та нарт бузар болно.

11 Аливаа цэвэр шувууг та нар идэж болно.

12 Харин идэж болохгүй шувууд нь бүргэд, тас, хар тас,

13 элээ ба шонхрын төрлүүд,

14 хэрээний бүх төрөл,

15 тэмээн хяруул, шар шувуу, цахлай ба харцагын төрлүүд,

16 ууль, цагаан хүзүүт тас, хун,

17 бэгбаатар, хүрэн шувуу, хар галуу,

18 өрөвтас, хөх дэглийн төрлүүд, өвөөлж, сарьсан багваахай болой.

19 Далавчит хорхой шавьж бүхэн та нарт бузар. Тэдгээрийг бүү ид.

20 Харин аливаа цэвэр шувууг та нар идэж болно.

21 Та нар ЭЗЭН Бурханыхаа ариун ард түмэн учир аливаа үхсэн амьтныг бүү ид. Харин та нар түүнийг өөрийнхөө хотод суудаг ирмэл хүнд идүүлэхээр өгч эсвэл гаднын хүнд худалдаж болно. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана.


Аравны нэгийн журам

22 Жилийн жилд талбайнхаа гаргадаг ургацын аравны нэгийг үнэн санаанаасаа өргө.

23 ЭЗЭН Бурханаасаа бүхий л өдрүүдэд айн эмээхэд суралцахын тулд ЭЗЭН Бурханыхаа өмнө, нэрээ тавихаар Түүний сонгож авсан газарт чи үр тариа, шинэ дарс, тосныхоо аравны нэгийг, үхэр, бог мал сүргийнхээ ууган төлийг идэх ёстой.

24 Харин ЭЗЭН Бурхан чинь нэрээ тавихаар сонгож авсан газар нь чамаас хэтэрхий хол бөгөөд чиний явах зам бэрх учраас ЭЗЭН Бурханыхаа ивээсэн зүйлийг чи аваачиж чадахгүй аваас

25 түүнийгээ мөнгөөр сольж, тэр мөнгийг гартаа уяад, ЭЗЭН Бурханыхаа сонгож авсан тэр газарт хүрч очигтун!

26 Тэгээд чи сэтгэлдээ хүссэн зүйлээ, үхэр, хонь, дарс, сархад юмуу аль сэтгэлдээ хүссэн зүйлээ мөнгөөрөө худалдаж ав! Чи болон танай гэр бүлийнхэн тэнд ЭЗЭН Бурханыхаа өмнө хооллож, хөөрөн баясагтун!

27 Танай хотод амьдран суудаг левичүүд та нар дунд хувь ч үгүй, өв ч үгүй тул та нар левичүүдийг орхиж болохгүй.

28 Гурван жил тутамд, жилийн эцсээр, тэр жилийнхээ ургацын аравны нэгийг авчирч, хот дотроо хадгал.

29 Хотод чинь суудаг, та нар дунд хувь ч үгүй, өв ч үгүй левичүүд мөн ирмэл хүн, өнчин, бэлэвснийг ирүүлж, хооллон цатгавал ЭЗЭН Бурхан чинь гарын бүх үйлд чинь чамайг ивээх болно.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan