Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дэд хууль 12 - Ариун Библи 2013


Харь шүтээний газруудыг нураа

1 Эцэг өвгөдийн чинь Бурхан ЭЗЭНээс чамд эзэмшүүлэхээр өгсөн газар нутагт, тэр газар дээр амьдран суух өдрүүдийн туршид даган биелүүлэх ёстой зарлиг, тогтоолууд чинь энэ байна.

2 Та нарын байлдан эзлэх тэдгээр үндэстнүүдийн бурхдадаа зарагддаг байсан өндөр уул, дов толгод, аливаа саглагар модон доорх бүх л газруудыг нь бүрмөсөн устга.

3 Та нар тахилын ширээг нь нурааж, чулуун баганыг нь яйруул, Ашерагийн модон шонг нь галд шатааж, бурхдынх нь сийлмэл хөргүүдийг тас цавчиж, тэр газраас нэрийг нь арчин зайлуул.

4 Та нар ЭЗЭН Бурханаа энэ мэтээр хүндэтгэж болохгүй.

5 Харин Бурхан ЭЗЭН чинь нэрээ тавин Өөрөө суухаар танай овгуудаас сонгох тэр газрыг та бүхэн хайж, тэнд та нар оч.

6 Та нар шатаалт тахил, нядлах тахилаа, аравны нэг хувийн өргөл, гарын хандиваа, ам өчгийн өргөл, сайн дурын өргөлөө, үхэр, бог малынхаа ууган төл тэргүүтнээ тэнд авчрах ёстой.

7 Та нар ЭЗЭН Бурханыхаа өмнө тэндээ хооллож, Бурхан ЭЗЭНийхээ ивээсэн, гарынхаа ажил үйл бүрийн төлөө гэр хотлоороо баясаж цэнгэцгээ.

8 Өнөөдөр энд хүн бүр өөрийнхөө нүдэнд зөв зүйтэй гэснээ хийж байгаа шиг та нар үйлдэж болохгүй.

9 Та нар амралт болон ЭЗЭН Бурханы чинь та нарт өгч буй өвд арай ороогүй байна.

10 Харин та нар Иорданыг гатлан, ЭЗЭН Бурханыхаа та нарт өв болгон өгч буй газар суух болно. Тэр эргэн тойрны чинь дайснуудаас чамайг ангижруулж, чи айх аюулгүй амьдрах болно.

11 Тэр цагт ЭЗЭН Бурхан чинь нэрээ тавихаар сонгож авах газарт та нар миний тушаасан бүхнийг буюу шатаалт тахил, нядлах тахилаа, аравны нэг хувийн өргөл, гарын хандиваа, ЭЗЭНд өгөх шилмэл ам өчиг бүхнээ авч очих ёстой.

12 Та нар хөвгүүд, охид, зарц шивэгчингүүдийнхээ хамт ЭЗЭН Бурханыхаа өмнө баясан цэнгэнэ. Мөн танай хотод буй левичүүд, та нарын дунд хувь ч үгүй, өв ч үгүй тул бас та нартай хамт баясан цэнгэнэ.


Мөргөлийн газар

13 Чи харсан газар бүрдээ шатаалт тахилаа өргөхөөс болгоомжил!

14 Харин танай аль нэг овгийн дотроос ЭЗЭНий сонгож авах тэр газарт л чи шатаалт тахилаа тахиж, миний чамд тушаасан бүхнийг тэнд үйлдэх ёстой.

15 Гэвч ЭЗЭН Бурханы чинь чамд өгсөн ивээлийн дагуу чи хүссэн үедээ өөрийнхөө хотод нядалж, мах идэж болно. Бузартсан ба цэвэр хүний аль нь ч гөрөөс, бугын мах иддэг шиг түүнээс идэж болно.

16 Зөвхөн цус идэж болохгүй, түүнийг газарт ус шиг асга.

17 Чи үр тариа, шинэ дарс, тосныхоо аравны нэг хийгээд үхэр, бог мал сүргийнхээ ууган төл, өгсөн аливаа ам өчгийн өргөл, өөрийн сайн дурын өргөл, гарын хандиваа хотынхоо дотор идэж болохгүй.

18 Харин чи ЭЗЭН Бурханыхаа сонгож авах газарт Бурхан ЭЗЭНийхээ өмнө хөвгүүд, охид, зарц шивэгчингүүд, хотынхоо левичүүдийн хамт үүнийг идэж, гарынхаа ажил үйл бүрийн төлөө ЭЗЭН Бурханыхаа өмнө баясан цэнгэ.

19 Чи нутагтаа амьдран суух өдрүүдийн туршид левичүүдийг орхихоос болгоомжил.

20 ЭЗЭН Бурхан чинь чамд амласан ёсоороо хил хязгаарыг чинь тэлж өгөх үед чи мах идэхийг сэтгэлдээ хүсэж, “Би мах идье” гэж хэлэхдээ сэтгэлийнхээ хүссэн зоргоор мах идэж болно.

21 Хэрэв ЭЗЭН Бурхан чинь нэрээ тавихаар сонгосон тэр газар чамаас хэтэрхий хол байвал миний чамд тушаасан ёсоор ЭЗЭНий өгсөн үхэр, бог мал сүргээс нядалж, хотынхоо дотор хүссэнээрээ идэж болно.

22 Гөрөөс, бугын махыг иддэг шиг та нар идэж болно. Бузартсан эсвэл цэвэр хүний аль нь ч түүнээс идэж болно.

23 Харин чи тууштайяа цус идэлгүй бай! Цус нь амь учраас амийг махтай нь хамт идэж болохгүй.

24 Чи түүнийг идэлгүй газарт ус шиг асга.

25 Чи цус бүү ид. ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэй гэгдэх зүйлийг үйлдэх аваас чи, мөн чиний хөвгүүд сайн сайхан явах болно.

26 Харин чи өөрт байгаа ариун зүйлсээ, ам өчгийн өргөлөө авч ЭЗЭНий сонгож авсан тэр газарт оч.

27 Чи шатаалт тахилын мах, цус хоёрыг ЭЗЭН Бурханыхаа тахилын ширээн дээр өргө. Харин нядлах тахилынхаа цусыг ЭЗЭН Бурханыхаа тахилын ширээн дээр асгаад, махыг нь ид.

28 Миний чамд тушааж буй энэ бүх үгийг чи сахин биелүүлж, сонсон дагагтун! Чи ЭЗЭН Бурханыхаа мэлмийд сайн, зөв зүйтэй зүйлийг үйлдэх аваас чи болон чиний хөвгүүд үүрд сайн сайхан явах болно.


Шүтээн шүтлэгээс болгоомжлуулахуй

29 Чиний байлдан эзлэхээр очиж буй тэр үндэстнүүдийг ЭЗЭН Бурхан чинь та нарын өмнө хүйс тэмтрэн чи тэднийг байлдан эзэлж, нутагт нь оршин суух үедээ

30 чиний өмнө тэд устгагдсаны дараа чи өөрөө тэдэнд урхидуулан “Энэ үндэстнүүд бурхдадаа хэрхэн үйлчилж байсан бэ? Би ч мөн тэгье” гэж чи хэлэн тэдний бурхдыг сураглахаас болгоомжил!

31 Тэд ЭЗЭНий үзэн яддаг жигшүүрт үйлдэл бүхнийг бурхдадаа зориулан хийж, бүр хөвгүүд, охидоо ч галд шатаан бурхдадаа өргөдөг. Харин чи ЭЗЭН Бурхандаа ийн үйлдэж болохгүй.

32 Миний та нарт тушаасан болгоныг та нар даган мөрдөж, түүн дээр бүү нэм мөн түүнээс бүү хас.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan