Дэд хууль 11 - Ариун Библи 2013Дуулгаврын шагнал 1 Тиймээс чи Бурхан ЭЗЭНээ хайрлаж, Түүний журам, зарлиг, шийдвэр, тушаалуудыг үргэлж сахь. 2 Та нарын Бурхан ЭЗЭНий сахилгажуулалтыг мэдээгүй, үзээгүй хөвгүүдтэй чинь би яриагүй гэдгийг өнөөдөр ойлго. Тэд Түүний сүр жавхлан, Түүний хүчирхэг гар, Түүний сунгасан мутрыг, 3 Египетийн дунд Египетийн хаан Фараонд бас бүх газар нутагт нь Түүний үйлдсэн тэмдэг ба үйлсийг нь, 4 та нарын хойноос хөөж ирсэн тэднийг Улаан тэнгисийн усанд ЭЗЭН живүүлэхдээ Египетийн цэргүүд, тэдний агт морьд, тэрэгт цэргүүдэд юу үйлдсэнийг болон ЭЗЭН тэднийг бүрмөсөн устгасныг, 5 та нарыг энд ирэх хүртэл цөлд та нарын төлөө Түүний юу үйлдсэнийг, 6 Реубений хүү, Елиабын хөвгүүд болох Датан, Абирам нарыг хэрхсэнийг, тэр үед газар амаа ангайлган бүх Израилийн дундаас тэднийг, тэдний гэр бүл, майхан, араас нь дагасан амьд биет бүхнийг залгисныг хараагүй. 7 Харин та нар ЭЗЭНий үйлдсэн энэ агуу үйлс бүхнийг нүдээрээ үзсэн билээ. 8 Тиймээс өнөөдөр та нарт өгч буй тушаал бүрийг минь дагаж мөрд. Ингэснээр та нар хүчирхэг болж, Иорданыг гатлан, эзэмших гэсэн тэр газраа орж, түүнийг эзэмших юм. 9 Ингэснээр тэдэнд мөн үр удамд нь өгөхөөр эцэг өвгөдөд чинь ЭЗЭНий тангарагласан, сүү зөгийн балаар бялхсан тэр газарт та нар урт наслах юм. 10 Чиний эзэмшихээр очих гэж байгаа тэр газар нь та нарын нүүж ирсэн Египетийн газар нутагтай адилгүй. Египетэд та нар үр суулгаад, ногооны талбай мэт, хөлөөрөө усалдаг байсан. 11 Харин та нарын эзэмшихээр Иорданыг гатлах гэж байгаа тэр газар нь тэнгэрийн хур бороогоор ундаалдаг хөндий толгодын орон агаад 12 Бурхан ЭЗЭНий чинь асран хамгаалдаг орон юм. Бурхан ЭЗЭНий чинь мэлмий жилийн эхнээс эцэс хүртэл түүнийг үргэлж тольдон байдаг. 13 Хэрэв та нар өнөөдөр миний та нарт тушааж байгаа тушаалыг сайтар сонсон, ЭЗЭН Бурханаа хайрлаж, Түүнд бүх зүрх, бүх сэтгэлээрээ үйлчилвэл 14 Би та нарын газар дээр хур бороог цагт нь оруулж, хавар намрын бороо илгээж, та нар үр тариа, шинэ дарс, тос авах болно. 15 Би мал сүрэгт чинь зориулан хээр талд өвс ногоог өгч та нар идэж, өег цатгалан байх болно. 16 Та нарын зүрх мэхлэгдэн эргэж, өөр бурхдад зарагдан тэдэнд мөргөх вий гэдгээс та нар болгоомжил! 17 Тэгвэл ЭЗЭНий уур хилэн та нарын эсрэг дүрэлзэн Тэрээр тэнгэрийг хааж, бороо орохгүй, газраас үр тариа ч ургахгүй болно. Та нар ЭЗЭНий өгч буй сайн газраас даруй устана. 18 Тиймээс та нар миний энэ үгсийг зүрх, сэтгэлдээ тогтоож, түүнийг тэмдэг болгон бугуйндаа уяж, хоёр нүднийхээ хоорондох сахиус мэт байлга. 19 Та нар түүнийг хөвгүүддээ зааж, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэхдээ ч, босохдоо ч түүний тухай ярьж бай. 20 Та нар үүнийг гэрийнхээ хатавчин дээр, хаалган дээр ч бич. 21 Тэгвэл эцэг өвгөдөд чинь өгөхөөр ЭЗЭНий тангарагласан газар дээр та нарын болон хөвгүүдийн чинь өдөр хоног газрын дээрх тэнгэрийн хоногууд мэт маш олон болно. 22 Хэрэв миний та нарт тушааж буй энэ бүх тушаалыг та нар сахин үйлдэж, ЭЗЭН Бурханаа хайрлаж, Түүний бүх замаар явж, Түүнээс зуурсаар байвал 23 ЭЗЭН энэ бүх үндэстнийг та нарын өмнөөс хөөн гаргаж, та нар өөрсдөөсөө илүү хүчтэй, илүү том үндэстнүүдийг эзэгнэх болно. 24 Та нарын хөлийн ул гишгэх газар бүхэн чинь та нарынх болно. Танай хил хязгаар цөлөөс Ливан хүртэл, их мөрөн, Евфрат мөрнөөс баруун тэнгис хүртэл үргэлжлэх болно. 25 ЭЗЭН Бурхан чинь та нарт айлдсан ёсоороо та нарын гишгэсэн бүх л газрын хүмүүсийг та нараас айх айдас хүйдсээр хучна. Тиймээс та нарын эсрэг хэн ч босож чадахгүй. 26 Харагтун, өнөөдөр би өмнө чинь ерөөл, хараал хоёрыг тавьж байна. 27 Хэрэв өнөөдөр миний тушааж буй, ЭЗЭН Бурханыхаа тушаалыг та нар дуулгавартай дагавал ерөөгдөх болно. 28 Хэрэв та нар ЭЗЭН Бурханыхаа тушаалыг сонсохгүй, харин өнөөдөр миний та нарт тушааж буй тушаалуудаас хазайж, урьд мэддэггүй байсан өөр бурхдыг дагаваас хараагдах болно. 29 Чиний эзэмшихээр очиж буй тэр газарт ЭЗЭН Бурхан чинь чамайг аваачин оруулах үед чи Геризим уулан дээр ерөөлийг, Ебал уулан дээр хараалыг тавь! 30 Тэр хоёр уул Иорданы нөгөө талд, наран шингэх зүгт чиглэсэн замд, Гилгалын харалдаа, Морегийн царс модны дэргэд, Арабад оршин суудаг канаанчуудын нутагт байдаг бус уу? 31 ЭЗЭН Бурханаас чинь та нарт өгч байгаа тэр газрыг эзэмшихээр очихын тулд та нар Иордан голыг гатлах гэж байна. Та нар түүнийг эзэмшин тэндээ оршин суух болно. 32 Өнөөдөр та нарт миний тавьж байгаа бүх зарлиг, шийдвэрийг ёсчлон дагагтун! |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)