Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дэд хууль 10 - Ариун Библи 2013


Удаах хос хавтан
( Гэт 34:1–10 )

1 Тэгэхэд ЭЗЭН надад “Чи түрүүчийнх шигээ хоёр чулуун хавтанг засаж янзлаад, уулан дээр Над уруу хүрч ир! Бас нэгэн модон авдар хий!

2 Чиний буталсан өмнөх хавтангууд дээр байсан үгсийг Би тэдгээр хавтан дээр бичье. Тэгээд чи түүнийг тэр авдартаа хийх ёстой!” гэв.

3 Би хуайс модоор нэг авдар хийж, түрүүчийнх шигээ хоёр чулуун хавтанг бэлтгээд түүнийгээ гартаа барин уул өөд гарсан.

4 Хуран чуулсан тэр өдөр ЭЗЭН уулан дээр, галын дундаас та нарт хандаж айлдсан Арван Хуулиа хавтангууд дээр түрүүчийн бичээс адил бичээд, түүнийгээ надад өгсөн билээ.

5 Тэгээд би буцаж, уулаас буугаад, ЭЗЭНий надад тушаасан ёсоор нөгөөх хавтангуудаа өөрийнхөө хийсэн авдарт хийсэн бөгөөд хавтангууд одоо ч тэндээ байгаа.

6 Израилийн хөвгүүд Беерот Бене-Иааканаас, Мосера тийш хөдөлсөн билээ. Аарон тэнд үхэж, түүнийг тэнд хөдөөлүүлсэн. Түүний хүү Елеазар оронд нь тахилчийн албыг хашив.

7 Тэд тэндээсээ Гудгода уруу, Гудгодагаас горхи элбэгтэй нутаг Иотбата тийш хөдөлсөн билээ.

8 Тэр үед ЭЗЭН, Леви овгийнхныг ЭЗЭНий гэрээний авдрыг зөөлгөхийн тулд, Түүнд зарагдаж, Түүний нэрээр энэ өдрийг хүртэл ерөөл хийлгэхээр ЭЗЭНий өмнө зогсоохын тулд тусгаарласан.

9 Тиймээс левичүүд ах дүүсийнхээ дунд хувь ч үгүй, өв ч үгүй. Бурхан ЭЗЭН чинь тэдэнд айлдсан ёсоор ЭЗЭН тэдний өв нь юм.

10 Би урьдын адил уулан дээр дөчин өдөр, дөчин шөнө байсан. ЭЗЭН тэр үед ч бас намайг сонссон бөгөөд чамайг устгах хүсэлгүй байсан.

11 Тэгээд ЭЗЭН надад “Чи бос. Миний тэдэнд өгөхөөр эцэг өвгөдөд нь тангарагласан газарт тэднийг аваачиж эзэмшүүлэхийн тулд энэ ард түмнийг тэргүүлэн аян замаа цааш үргэлжлүүл” гэж айлдсан билээ.


Хуулийн гол үндэс

12 Израиль аа! Бурхан ЭЗЭН чинь чамаас юуг шаарддаг вэ? Зөвхөн ЭЗЭН Бурханаасаа айн эмээхийг, Түүний бүх замаар явахыг, Түүнийг хайрлан бүх зүрх, бүх сэтгэлээрээ ЭЗЭН Бурхандаа үйлчлэхийг

13 мөн чиний сайн сайхны төлөө өнөөдөр миний чамд тушааж байгаа ЭЗЭНий тушаал, зарлигуудыг дагаж мөрдөхийг л шаарддаг бус уу?

14 Тэнгэр хийгээд тэнгэрсийн тэнгэр бас газар дэлхий, түүн дээр байгаа бүхэн чиний Бурхан ЭЗЭНийх юм.

15 Гэсэн ч ЭЗЭН зөвхөн эцэг өвгөдийг чинь хайрлахаар таашаан соёрхож, тэдний дараах үр удам нь болох та нарыг өнөөдрийнхтэй адил бүх ард түмний дээгүүр сонгож авсан.

16 Тиймээс та нар зүрхээ хозлуулаад, цаашид хөшүүн хүзүү бүү гарга!

17 Бурхан ЭЗЭН чинь бурхдын Бурхан, эздийн Эзэн, аугаа их, хүчирхэг, аюумшигт Бурхан. Тэрээр хүнийг алагчилдаг ч үгүй, хээл хахууль авдаг ч үгүй.

18 Тэрээр өнчинд болон бэлэвсэн эмэгтэйд эрх олгож, ирмэл хүнд хоол хүнс, хувцас хунар өгч, түүнийг хайрладаг.

19 Та нар Египет нутагт ирмэл хүн байсан. Тиймээс ирмэл хүнийг хайрла.

20 ЭЗЭН Бурханаасаа айн эмээж, Түүнд зарагдаж, Түүнээс зуурч, Түүний нэрээр тангарагла.

21 Тэрээр чиний магтаал, Тэрээр чиний Бурхан. Тэрээр чиний нүдээрээ үзсэн тийм агуу их, сүрдмээр зүйлсийг чамд үйлдсэн.

22 Египетэд хүрч очсон чиний эцэг өвгөд далан хүн байсан бол ЭЗЭН Бурхан чинь одоо чамайг тэнгэрийн одод мэт олон болгожээ.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan