Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Даниел 2 - Ариун Библи 2013


Небухаднезарын зүүд

1 Небухаднезарын хаанчлалын хоёр дахь онд Небухаднезар хэдэн зүүд зүүдэлсний улмаас сэтгэл нь хямарч, нойр нь хулжих болжээ.

2 Хааны зүүдийг тайлуулахаар илбэчин, зурхайч, мэргэ төлгөч мөн халдеичуудыг дуудахыг хаан тушаажээ. Тэд ирж, хааны өмнө зогсоцгоов.

3 Хаан тэдэнд —Би нэгэн зүүд зүүдэллээ. Зүүдээ ойлгож мэдэхсэн гэж сэтгэл минь шаналж байна гэв.

4 Халдеичууд хаанд арам хэлээр —Хаантан, мөнх насалтугай. Та зарц нартаа зүүдээ яривал бид тайллыг нь илчилье хэмээв.

5 Хаан халдеичуудад хариулан —Айлдвар минь бат байна. Хэрэв та нар надад зүүдийг тайлалтай нь эс мэдүүлбэл та нарыг мөч мөчөөр чинь тасчин хаяж, гэр орныг чинь хогон овоо болгоно.

6 Харин та нар зүүд болон түүний тайллыг хэлбэл надаас бэлэг, шагнал ба үлэмж хүндэтгэл хүртэх болно. Тиймээс зүүд ба тайллыг нь надад хэлэгтүн гэв.

7 Тэд хоёр дахиа хариулан —Хаантан зарц нартаа зүүдээ ярьсугай. Тэгвэл бид тайллыг нь айлтгая хэмээжээ.

8 Хаан хариулан хэлэхдээ —Айлдвар минь бат гэдгийг харж буй тул цаг хожихыг хичээж байгааг чинь би лавтай мэдэж байна.

9 Хэрэв та нар надад зүүдийг мэдүүлэхгүй бол та нарт зориулсан ганцхан лүндэн бий. Учир нь цаг үе өөрчлөгдөх хүртэл та нар миний өмнө худал хийгээд мэхлэх үгсийг ярихаар тохиролцсон байна. Тиймээс надад зүүдийг яригтун. Тэгвэл та нар тайллыг өгч чадна гэдгийг нь би мэдэх болно хэмээв.

10 Халдеичууд хаанд хариулан —Хааны асуудлыг хэлж чадах хүн газар дэлхий дээр нэг ч үгүй ба ямар ч агуу хүчтэй хаан эсвэл удирдагч иймэрхүү зүйлийг ямар ч илбэчин, зурхайч, халдеигаас шалгааж байгаагүй.

11 Түүгээр ч барахгүй хааны шаардсан зүйл хэцүү, үүнийг махбодоор үл оршигч бурхдаас өөр хэн ч хаанд илчилж чадахгүй гэв.

12 Энэ бүхнээс болж хаан уурлан маш их унтууцаж, Вавилоны хамаг мэргэдийг устгахыг тушаав.

13 Мэргэдийг хөнөөх тухай лүндэн ч гарчээ. Тэгээд Даниелыг бас нөхдийг нь ч хөнөөх гэж хайв.

14 Тэгтэл Вавилоны мэргэдийг хөнөөхөөр явж буй хааны бие хамгаалагчдын ахмад Ариохтай Даниел ухаалгаар болгоомжтой ярилцав.

15 Тэрээр хааны ахмад Ариохт хариулан —Хааны лүндэн яагаад ийм яаруу байгаа юм бэ? гэсэнд Ариох энэ хэргийн талаар Даниелд мэдүүлэв.

16 Даниел дотогш орж, хаанд тайллыг айлтгахын тулд хугацаа өгөхийг хаанаас гуйв.


Небухаднезарын зүүдийг Бурхан тайлав

17 Дараа нь Даниел гэртээ хариад, өөрийн нөхөд Хананиа, Мишаел, Азариа нарт энэ хэргийн талаар мэдүүлэв.

18 Даниел болон нөхөд нь Вавилоны бусад мэргэдтэй хамт устгуулахгүйн тулд энэ нууцын талаар тэнгэрийн Бурханаас өршөөл гуйхыг Даниел тэднээс хүсэв.

19 Энэ нууц Даниелд шөнийн үзэгдэл дотор илчлэгджээ. Тэгээд Даниел тэнгэрийн Бурханыг магтав.

20 Даниел хэлэхдээ —Бурханы нэр мөнхийн мөнхөд магтагдах болтугай. Учир нь мэргэн ухаан хийгээд хүч чадал Түүнийх.

21 Тэрээр цаг хийгээд хугацааг өөрчилдөг Тэрээр хаадыг босгодог бас унагадаг Тэрбээр мэргэдэд мэргэн ухааныг, Хэрсүүд мэдлэгийг өгдөг.

22 Гүн хийгээд нууц юмсыг Тэр л илчилдэг. Харанхуйд юу буйг Тэр мэддэг Гэрэл Түүнтэй хамт оршдог.

23 Эцэг өвгөдийн Бурхан, Танд би талархал, магтаалыг өргөе. Учир нь Та надад мэргэн ухаан, Хүч чадлыг өгсөн билээ. Одоо ч гэсэн Танаас бидний гуйсан зүйлийг Та надад мэдүүлсэн. Хааны асуудлыг Та Бидэнд мэдүүлсэн билээ гэв.


Даниел зүүдийг тайлбарлав

24 Тиймээс Вавилоны мэргэдийг устгахаар хааны томилсон Ариох дээр Даниел очоод —Вавилоны мэргэдийг бүү устгагтун! Намайг хааны өмнө аваач. Тэгвэл би тайллыг хаанд айлтгая гэв.

25 Тэгэхэд Ариох, Даниелыг хааны өмнө яаран дагуулж очоод, хаанд —Иудагаас ирсэн олзлогдогсдын дотроос хаанд тайллыг хэлж чадах хүнийг би оллоо гэв.

26 Белтешазар хэмээх нэртэй Даниелд хандаж хаан —Миний үзсэн зүүд болон тайллыг нь чи надад мэдүүлж чадах уу? гэжээ.

27 Даниел хааны өмнө хариулан —Хааны шаардсан нууцыг мэргэд, зурхайчид, илбэчид, төлгөч нарын аль нь ч хаанд мэдүүлж чадахгүй.

28 Харин нууцуудыг илчилдэг Бурхан тэнгэрт байдаг бөгөөд хожмын өдрүүдэд юу тохиолдохыг Тэрээр Небухаднезар хаанд мэдүүлжээ. Таныг орондоо байхад толгойд тань үзэгдсэн зүүд ба зөн ийм болой.

29 Аяа хаантан, таныг орондоо байх үед бодлууд тань ирээдүйд болох зүйлсэд хандсан бөгөөд нууцуудыг илчилдэг Нэгэн энэ нь юу болохыг танд мэдүүлсэн байна.

30 Гэвч надад энэ нууц илчлэгдсэн нь надад буй мэргэн ухаан аливаа амьд биетийнхээс илүү гэснийх бус, харин энэ тайллыг хаан танд мэдүүлэхийн тулд мөн таныг зүрхэн дэх бодлуудаа ойлгоосой гэснийх юм.

31 Аяа хаантан, үзэгтүн, асар том баримал танд үзэгджээ. Энэ дүрс агуу том, гялалзах нь ер бусын сүрлэг. Өмнө тань тэр сүндэрлэж байсан бөгөөд дүр нь хиртхийм байв.

32 Энэхүү баримлын толгой нь шижир алтаар, цээж, хоёр гар нь мөнгөөр, хэвлий, ташаа нь хүрлээр,

33 хөл нь төмрөөр, тавхай нь хэсэг төмөр, хэсэг шавраар хийгдсэн бөлгөө.

34 Таныг харсаар байхад гар хүрэлгүйгээр нэгэн чулуу цавчигдаж, тэр баримлын төмөр ба шавран тавхайг нь цохиж, хэсэг болгон буталжээ.

35 Тэгээд төмөр, шавар, хүрэл, мөнгө, алт нь бүгд нэгэн зэрэг бутарч, зун тээрэмдсэн тарианы хальс мэт болжээ. Салхи түүнийг хийсгэж, ор мөргүй алга болгов. Харин тэр баримлыг бут цохисон чулуу нь асар том уул болоод бүх дэлхийг дүүргэжээ.

36 Зүүд ийм байсан бөлгөө. Одоо бид тайллыг нь хааны өмнө хэлж өгье.

37 Аяа хаантан, та бол хаадын хаан. Тэнгэрийн Бурхан танд хаанчлал, эрх мэдэл, хүч чадал ба алдрыг өгсөн билээ.

38 Аливаа нутагт нутаглах хүний хөвгүүд, газрын араатан, тэнгэрийн шувуудыг Тэрээр гарт тань өгч захируулсан бөлгөө. Та тэрхүү алтан толгой юм.

39 Танаас хойш таныхаас буурай нэг хаанчлал бий болж, дараа нь гурав дахь хүрэл хаанчлал гарч ирэн бүх дэлхийг захирна.

40 Дөрөв дэх хаанчлал төмөр мэт хүчтэй байна. Төмөр хамаг юмыг эвдэж нураадгийн адил тэр бүхнийг хэсэглэн буталж бяцална.

41 Таны үзсэнээр хэсэг нь ваарын шавар, хэсэг нь төмөр бүхий тавхай болон хөлийн хуруунууд бол хуваагдсан хаанчлал байх болно. Төмөр нь жирийн шавартай холилдсоныг та үзсэний адил тэр хаанчлал төмрийн хүчтэй байх юм.

42 Хөлийн хуруунуудын нэг хэсэг нь төмөр, нөгөө хэсэг нь шавар байсны адил тэр хаанчлалын зарим хэсэг нь хүчтэй, нөгөө хэсэг нь хэврэг байх болно.

43 Төмрийг жирийн шавартай холилдсоныг үзсэн мэтээр тэдгээр нь хүний үр удмаар хоорондоо холилдох болно. Харин төмөр шавартай эс холилддог лугаа адил тэдгээр нь ч хоорондоо наалдахгүй.

44 Тэр хаадын өдрүүдэд хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулах бөгөөд тэр хаанчлал бусад ард түмний гарт орохгүй. Тэр нь өнөө бүх хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм.

45 Гар хүрэлгүйгээр уулнаас нэгэн чулуу цавчигдан төмөр, хүрэл, шавар, мөнгө, алтыг эвдлэхийг та үзсэн шиг хожим юу болох тухай аугаа их Бурханаас хаанд мэдүүлжээ. Энэ зүүд үнэн, тайлал нь ч итгэмжтэй хэмээн өгүүлэв.


Даниел ба нөхөд нь дэвшив

46 Тэгээд Небухаднезар хаан нүүрээрээ унан, Даниелд мөргөөд, түүнд зориулан тахил өргөж, анхилуун утлага уугиулахыг тушаав.

47 Хаан, Даниелд хариулан —Чи энэ нууцыг илчилж чадсан тул үнэхээр Бурхан чинь бурхдын Бурхан, хаадын Эзэн, нууцыг илчлэгч мөн гэв.

48 Хаан, Даниелыг дэвшүүлэн түүнд олон том бэлгийг өгөөд, Вавилоны хамаг мужийг түүгээр захируулж, Вавилоны бүх мэргэдийн тэргүүн захирагч болгов.

49 Хаанд Даниел хүсэлт гаргасны дагуу Шадрах, Мешах, Абеднего нараар хаан Вавилоны мужийн удирдлагыг захируулав. Харин Даниел, хааны ордонд суусан бөлгөө.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan