Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

2Шастир 9 - Ариун Библи 2013


Шебагийн хатан хааны айлчлал
( 1Ха 10:1–13 )

1 Соломоны алдар сууг Шебагийн хатан хаан сонсоод, бэрх хүнд асуултаар Соломоныг сорьж үзэхийн тулд асар олон бараа бологч, их хэмжээний анхилуун үнэртэн болон алт, эрдэнийн чулуу тээсэн тэмээдтэйгээ Иерусалимд иржээ. Тэрээр Соломонтой уулзан, зүрх сэтгэлдээ байсан бүхний талаар түүнтэй хэлэлцэв.

2 Соломон түүний бүх асуултад хариулжээ. Соломоноос нууцлагдсан, хатанд хариулж чадамгүй нэг ч зүйл байсангүй.

3 Шебагийн хатан хаан нь Соломоны мэргэн ухааныг мөн түүний барьсан өргөө,

4 хааны ширээн дэх зоог, түшмэдийнх нь сууж буй эмх цэгц, үйлчлэгчдийнх нь алба мөн тэдний өмссөн хувцас, сөнч нар болон ЭЗЭНий өргөөнд тахидаг шатаах тахилуудыг нь хараад бахдан алмайрчээ.

5 Тэрээр хаанд —Таны үйлс ба таны мэргэн ухааны талаар би өөрийн оронд байхдаа сонссон үг үнэн байжээ.

6 Би ирж, энэ бүхнийг өөрийн нүдээр үзэх хүртэлээ энэ үгэнд итгээгүй байлаа. Гэтэл, хараач, миний сонссон зүйлс энэ бүгдийн хагаст нь ч хүрэхгүй байж. Үнэндээ таны мэргэн ухаан, агуу байдал тань миний сонсож дуулсан сургаас үлэмж давуу ажээ.

7 Таны хүмүүс юутай ерөөлтэй вэ! Таны өмнө үргэлж зогсож, таны мэргэн ухааныг сонордох эдгээр албат нар тань юутай ерөөлтэй вэ!

8 Таныг таалан Бурхан ЭЗЭНий төлөө хаан болгохоор таныг сэнтийдээ залсан таны Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. Таны Бурхан, Израилийг хайрлан, түүнийг мөнхөд тогтоосон учир шүүлт ба үнэн зөвийг гүйцэлдүүлэхийн тулд таныг тэдний дээр хаан болгосон ажээ гэж хэлэв.

9 Тэгээд тэрээр хаанд зуун хорин талант алт, арвин их анхилуун үнэртэн болон эрдэнийн чулуу бэлэглэв. Шебагийн хатан хаанаас Соломон хаанд бэлэглэсэн шиг тийм их анхилуун үнэртнүүд хэзээ ч байгаагүй билээ.

10 Түүнчлэн Офироос алт тээн авчирсан Хурамын зарц нар болон Соломоны зарц нар мөн улаан мод, эрдэнийн чулуу авч ирэв.

11 Хаан улаан модоор ЭЗЭНий өргөө болон хааны өргөөний шатнууд мөн дуучдад зориулан ятга ба босоо ятгууд хийв. Тэдгээртэй адил зүйлс урд өмнө Иуда нутагт үзэгдсэнгүй билээ.

12 Соломон хаан Шебагийн хатан хаанд авчирсан бэлгээс нь хамаагүй илүүгээр түүний хүссэн бүхнийг өгчээ. Тэгээд хатан хаан зарц нарынхаа хамт нутагтаа буцлаа.


Соломоны үлэмж баялаг
( 1Ха 10:14–25 )

13 Соломонд ганцхан жилийн дотор ирсэн алтны жин зургаан зуун жаран зургаан талант хүрч байсан нь

14 худалдаачид, наймаачдын авчирснаас гадна билээ. Мөн Арабын бүх хаан болон орон нутгийн захирагчид Соломонд алт мөнгө авчирдаг байлаа.

15 Соломон хаан давтмал алтаар хоёр зуун том бамбай хийсэн бөгөөд бамбай бүрд зургаан зуун шекел давтмал алт оржээ.

16 Мөн давтмал алтаар гурван зуун бамбай хийсэн ба бамбай бүрд гурван зуун шекел алт орсон юм. Хаан эдгээрийг Ливаны ойн өргөөндөө тавьж хадгалав.

17 Хаан зааны ясаар асар том сэнтий урлаж шижир алтаар бүрэв.

18 Сэнтий нь зургаан гишгүүртэй, хөлийн алтан гишгүүр залгаа байсан бөгөөд суудлынхаа хоёр талд зогсоо арслангийн баримал бүхий гарын түшлэгтэй байв.

19 Зургаан гишгүүрийн хоёр талд арван хоёр баримал арслан зогсдог байв. Өөр ямар ч хаант улсад үүнтэй адил зүйл хэзээ ч байсангүй билээ.

20 Соломон хааны жүнз хундаганууд бүгд алтан бөгөөд Ливаны ойн өргөөний бүх сав суулга шижир алтан байв. Соломоны өдрүүдэд мөнгө үнэ цэнэтэйд тооцогддоггүй байлаа.

21 Учир нь хааны хөлөг онгоцнууд Хурамын зарц нарын хамт Таршиш уруу аялдаг байв. Гурван жил тутамд нэг удаа Таршишийн хөлөг онгоцнууд алт, мөнгө, зааны яс, бич, тогос авчирдаг байжээ.

22 Ийнхүү Соломон хаан эд баялаг, цэцэн мэргэн ухаанаараа дэлхийн бүх хаадаас үлэмж агуу болов.

23 Бурханаас түүний зүрхэнд өгсөн мэргэн ухааныг сонсох гэж дэлхийн бүх хаад Соломонд бараалхахыг хүсэмжилдэг байлаа.

24 Жилээс жилд ирж буй хүн бүр өөрсдийн бэлэг болгон алт, мөнгөн эдлэл, хувцас хунар, зэвсэг, анхилуун тос, морьд, луус авчирдаг байв.

25 Соломон морьд ба тэрэгнүүдэд зориулсан дөрвөн мянган жүчээ мөн арван хоёр мянган морьтонтой байв. Тэрээр тэднийг тэрэгт цэргийн хотууд болон хааны хамт Иерусалимд байрлуулжээ.

26 Евфрат мөрнөөс филистчүүдийн нутаг хүртэл мөн Египетийн хил хүртэлх бүх хааныг Соломон захирдаг байв.

27 Хаан мөнгийг Иерусалим дахь чулуу шиг элбэг болгож, хуш модыг нам газрын инжрийн мод шиг элбэг болгосон байлаа.

28 Египет болон бүх орноос тэд Соломонд морьд авчирдаг байлаа.


Соломон хаан өөд болов
( 1Ха 11:41–43 )

29 Соломоны урьд хождын бусад үйл хэрэг нь эш үзүүлэгч Натаны тэмдэглэл, Шилогийн хүн Ахиагийн эш үзүүллэг болон Небатын хүү Иеробоамын талаарх үзмэрч Иддогийн үзэгдлүүд зэрэгт бичигдсэн бус уу?

30 Соломон, Иерусалимд хамаг Израилийг дөчин жил захирав.

31 Соломон эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, түүнийг эцэг Давидынх нь хотод тавьжээ. Хүү Рехобоам нь түүний оронд хаан болов.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan