2Шастир 8 - Ариун Библи 2013Соломоны бусад үйл хэрэг ( 1Ха 9:10–28 ) 1 Соломон ЭЗЭНий өргөө болон өөрийнхөө өргөөг барьсан хорин жилийн төгсгөлд 2 Хурамын өөрт нь өгсөн хотуудыг Соломон барьж босгон Израилийн хөвгүүдийг тэнд суурьшуулав. 3 Соломон Хамат-зоба уруу явж, түүнийг дийлэв. 4 Тэр Тадморыг цөлд босгож, Хаматад бүх нөөц хангамжийн хотуудыг барив. 5 Тэр бас хана хэрэм, гулдан хаалга, хөндөл бүхий бэхлэгдсэн хотууд болох дээд, доод Бет-хороныг босгов. 6 Баалат болон Соломонд харьяалагддаг бүх нөөц хангамжийн хотууд, тэрэгт цэргийн хотууд ба морин цэргийн хотууд мөн Иерусалимд ч, Ливанд ч, өөрийн ноёрхлын бүх нутагт бий болгоно гэж санасан бүгдээ Соломон барьжээ. 7 Израилийн бус ард түмнүүд буюу хитчүүд, аморичууд, перизчүүд, хивичүүд, иебусчуудаас үлдсэн бүх ард олныг 8 Израилийн хөвгүүдийн бүрэн устгаагүй тул тэр нутагт тэдгээр хүмүүсийн үр сад үлдсэн байжээ. Соломон тэднийг боол болгон энэ өдрийг хүртэл албадлагаар зарцалсаар иржээ. 9 Харин Соломон Израилийн хөвгүүдээс ажилдаа боол болгоогүй юм. Тэдгээр нь түүний дайчид, албат түшмэд, түүний тэрэгт цэрэг ба морин цэргийн дарга нар байжээ. 10 Ард түмнийг захирдаг, цэргийн хоёр зуун тавин захирагч Соломон хаанд байв. 11 Тэгээд Соломон “Миний эхнэр Израилийн хаан Давидын өргөөнд заларч болохгүй. ЭЗЭНий авдар энд орсон болохоор энэ нь ариун газар юм” гээд Фараоны охиныг өөрт нь зориулан барьсан өргөөнд Давидын хотоос авчирчээ. 12 Тэгээд үүдний танхимын урд талд өөрийн босгосон, ЭЗЭНий тахилын ширээн дээр ЭЗЭНд зориулан Соломон шатаалт тахилууд тахив. 13 Үүнийг өдөр тутмын журмын дагуу, Мосегийн тушаал ёсоор Амралтын өдрүүд, шинэ сар болон жил бүрийн гурван баяр ёслол болох Исгээгүй талхны баяр, Долоо хоногуудын баяр, Майхан баярын үед тахидаг байв. 14 Эцэг Давидынхаа зааврын дагуу тэрээр тахилч нарын бүлгүүдийг үйлчлэлд нь тавьж мөн өдөр тутмын журмын дагуу магтаалын болон үйлчлэлийн үүрэг дээр тахилчдад туслуулахаар левичүүдийг, мөн хаалгачдыг бүлэг бүлгээр нь хаалга хаалган дээр тохоон томилов. Бурханы хүн Давид ийн тушаасан байлаа. 15 Левичүүд, тахилч нарт эрдэнэс болон бусад хэргийн талаарх хааны уг тушаалыг тэд зөрчсөнгүй. 16 Ийнхүү ЭЗЭНий өргөөний суурийг тавьсан өдрөөс барилгын ажил дуустал Соломоны бүх ажил явагдсаар байв. ЭЗЭНий өргөө бэлэн болов. 17 Тэр үед Едомын нутаг дахь тэнгисийн эргийн Езион-гебер болон Елот уруу Соломон явав. 18 Хурам хөлөг онгоц болон далайг сайн мэддэг зарц нараа түүний зарц нарын удирдлага дор явуулжээ. Тэд Соломоны зарц нарын хамт Офирт очоод тэндээс дөрвөн зуун тавин талант алт авч Соломон хаанд авчирсан юм. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)