Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

2Шастир 7 - Ариун Библи 2013


Соломоны зориулалт
( 1Ха 8:62–66 )

1 Соломоныг залбирч дуусахад тэнгэрээс гал буун ирж, шатаалт тахилыг болон тахилуудыг шатаасан бөгөөд ЭЗЭНий сүр жавхлан өргөөг дүүргэв.

2 ЭЗЭНий сүр жавхлан ЭЗЭНий өргөөг дүүргэснээс болж тахилч нар ЭЗЭНий өргөөнд нэвтрэн орж чадахгүй байлаа.

3 Гал доош буун ирж, ЭЗЭНий сүр жавхлан өргөөний дээр залрахыг үзээд Израилийн хөвгүүд бүгд чулуун зам дээр нүүрээ газар хүргэн сөхөрч мөргөөд ЭЗЭНд талархал өргөн —Тэрээр сайн бөгөөд Түүний хайр энэрэл үүрдийнх гэцгээв.

4 Тэгээд хаан болон хамаг ард түмэн ЭЗЭНий өмнө тахил өргөв.

5 Соломон хаан тахилд хорин хоёр мянган үхэр, зуун хорин мянган хонь өргөв. Ингэж хаан болоод бүх ард түмэн ЭЗЭНий өргөөний нээлтийг ёслов.

6 Тахилчид өөрсдийн үйлчлэлийн байраа эзлэн, левичүүд ч бас ЭЗЭНд магтаалыг өргөхөөр Давид хааны хийж, ЭЗЭНд зориулсан хөгжмийн зэмсгүүдтэй зогсов. “Түүний энэрэл хайр үүрдийнх.” Давид үүгээр магтаал өргөж байсан билээ. Тахилчид өмнө нь бүрээ үлээж байхад бүх Израиль зогсож байв.

7 Тэгээд Соломон, ЭЗЭНий өргөөний өмнөх хашааны төвийг ариусгав. Учир нь тэрээр шатаалт тахил, эвийн тахилын өөхийг тэнд өргөсөн бөгөөд Соломоны хийсэн хүрэл тахилын ширээ нь шатаалт тахил, идээн өргөл болон өөхийг багтаахааргүй байсан юм.

8 Тэр үед Соломон болон түүнтэй хамт байсан, Лебо-Хаматын сайраас Египетийн гол хүртэлх агуу их чуулган буюу хамаг Израиль долоо хоног баяр наадам хийв.

9 Тэд долоо хоног тахилын ширээний нээлтийн ёслолыг сахиж, дараа нь долоо хоног баяр наадам хийсэн бөгөөд найм дахь өдөр тусгай чуулаан хийв.

10 Тэгээд ЭЗЭН, Давид Соломон нарт болон Өөрийн ард түмэн Израильд үзүүлсэн сайн сайханд баярласан, хөгжилтэй ард түмнийг тэрээр долдугаар сарын хорин гуравны өдөр майхнуудад нь буцаалаа.

11 Ийнхүү Соломон, ЭЗЭНий өргөө болон хааны өргөөг дуусгаж, ЭЗЭНий өргөө болон өөрийн өргөөн дотор хийхээр зүрхэндээ төлөвлөсөн бүхнээ амжилттайгаар гүйцээв.


ЭЗЭН, Соломонд дахин үзэгдэв
( 1Ха 9:1–9 )

12 ЭЗЭН шөнөөр Соломонд үзэгдэж, түүнд —Би чиний залбирлыг сонсож, энэ газрыг Өөртөө зориулан тахилын өргөө болгон сонгож авлаа.

13 Хэрэв Би бороо оруулалгүй тэнгэрийг хаах эсвэл энэ газрыг хоосруулахыг Би царцаануудад тушаах эсвэл ард түмнийхээ дунд тахал илгээх үед

14 нэрээр минь дуудагдсан Миний хүмүүс өөрсдийгөө даруу байлган залбирч, нүүрийг минь эрэлхийлж, хорон муу замуудаасаа эргэх аваас, Би тэнгэрээс сонсож, тэдний нүглийг уучлан, тэдний газар нутгийг эдгээнэ.

15 Энэ газар дахь залбиралд Миний мэлмий тунгалаг, Миний сонор соргог байх болно.

16 Нэр минь энд үүрд мөнхөд байхын тулд Би энэ өргөөг сонгон ариусгасан бөгөөд Миний мэлмий, Миний зүрх тэнд бүх өдрүүдэд байх болно.

17 Чиний хувьд, хэрэв чи Миний өмнө эцэг Давид шигээ явж, Миний чамд тушаасны дагуу үйлдэн Миний зарлиг журам, Миний шүүлтүүдийг сахивал,

18 чиний эцэг Давидтай гэрээ байгуулж “Израилийн сэнтийд залрах хүн чамд дутахгүй” гэж айлдсан ёсоороо Би хаан сэнтийг чинь бэхжүүлнэ.

19 Гэвч хэрэв та нар эргэж, өмнө чинь тавьсан Миний тушаал журмуудыг умартан, өөр бурхдад үйлчилж мөргөвөл

20 Би өгсөн газар нутгаасаа Израилийг таслан хаяж мөн Өөрийн нэр алдарт ариусган тусгаарласан энэ өргөөг мэлмийнээсээ зайлуулна. Ийнхүү Би үүнийг бүх ард түмний дунд ёгт үг, тоглоом тохуу болгоно.

21 Энэ өргөмжлөгдсөн өргөөг ч хажуугаар нь өнгөрөх хүн бүр гайхан “ЭЗЭН юунд энэ газар нутаг, энэ өргөөг ийм болгож орхисон юм бол доо?” гэж хэлэх болно.

22 Тэгэхэд хүмүүс “Өөрсдийг нь Египет газраас авчирсан, эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг тэд орхин хаяж, өөр бурхдыг өөрийн болгон авч, тэдэнд мөргөж, үйлчилснээс болж энэ бүх гай гамшгийг Тэр тэдэн дээр буулгасан юм” хэмээх болно гэж айлдав.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan