2Шастир 6 - Ариун Библи 2013ЭЗЭНий өргөөг зориулсан нь ( 1Ха 8:12–21 ) 1 Тэгээд Соломон Үүл манан дунд Би оршмуй хэмээн ЭЗЭН айлтгалаа 2 Үүрд мөнх Түүний залрах газар, Цог жавхлант өргөөг би барьж босголоо гэж хэлэв. 3 Тэгээд хаан эргэн харж, Израилийн бүх чуулганыг тэнд зогсож байхад нь тэднийг ерөөлөө. 4 Тэрээр —Өөрийн амаар миний эцэг Давидад айлдсан бүхнээ Өөрийнхөө мутраар биелүүлж өгсөн Израилийн Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. Тэрээр айлдахдаа, 5 “Би ард түмнээ Египет газраас удирдан гаргасан өдрөөс хойш Өөрийн нэрийг байлгах өргөөг бариулах гэж Израилийн бүх овгоос аль ч хотыг сонгоогүй мөн Миний ард түмэн Израилийг удирдах ямар ч хүнийг Би сонгоогүй байв. 6 Харин Би нэрээ тавихын тулд Иерусалимыг сонгож, Өөрийн ард түмэн Израилийг захируулахаар Давидыг сонгосон билээ” гэсэн юм. 7 Израилийн Бурхан ЭЗЭНий нэр алдрын төлөө өргөө барих нь миний эцэг Давидын зүрхэнд байсан юм. 8 Харин ЭЗЭН миний эцэг Давидад “Миний нэр алдарт өргөө барих сэтгэл чиний зүрхэнд байгаа нь маш сайн байна. 9 Гэсэн ч тэр өргөөг чи өөрөө босгохгүй, харин чамд төрөх хүү чинь Миний нэр алдарт уг өргөөг барих болно” гэсэн билээ. 10 ЭЗЭН хэлсэн үгээ биелүүллээ. Ийнхүү би ЭЗЭНий амласны дагуу өөрийн эцэг Давидын оронд босож, Израилийн сэнтийд заларч мөн Израилийн Бурхан, ЭЗЭНий нэр алдарт зориулж өргөө барив. 11 Израилийн хөвгүүдтэй байгуулсан ЭЗЭНий гэрээг агуулсан авдрыг би энд заллаа гэв. Соломоны залбирал ( 1Ха 8:22–53 ) 12 Тэгээд Соломон Израилийн бүх чуулганы өмнө ЭЗЭНий тахилын ширээний урд зогсоод, гараа сунгав. 13 Соломон таван тохой урт, таван тохой өргөн, гурван тохой өндөр хүрэл тавцан хийгээд, хашааны голд байрлуулсан байжээ. Тэрээр тавцан дээр гарч, Израилийн бүх чуулганы өмнө өвдөг сөгдөн, тэнгэр өөд гараа сунгав. 14 Тэрээр —Израилийн Бурхан ЭЗЭН минь ээ! Бүх зүрхээрээ Таны өмнө явагч зарц нарынхаа төлөө гэрээ ба хайр энэрэлээ сахидаг Тантай адил Бурхан тэнгэрт ч, газар дээр ч үгүй билээ. 15 Та Өөрийн зарц, миний эцэг Давидад амласнаа сахиж, Та Өөрийн амаар хэлснээ энэ өдөр Өөрийн мутраар биелүүллээ. 16 Тиймээс, Израилийн Бурхан ЭЗЭН, Та Өөрийн зарц миний эцэг Давидад “Чи Миний өмнө явсны адил хэрэв чиний хөвгүүд Миний хууль дотор явахын тулд өөрсдийн замаа анхааран сахих аваас Израилийн сэнтийд суух хүн Миний өмнө чамд тасрахгүй” гэж айлдан амласнаа сахин биелүүлнэ үү! 17 Тиймээс, Израилийн Бурхан ЭЗЭН минь ээ, Та Өөрийн зарц Давидад хэлсэн үгээ бататгаж өгөөч! 18 Гэхдээ Бурхан үнэхээр газар дээр хүн төрөлхтний хамт оршино гэж үү? Харагтун, тэнгэр болон тэнгэрсийн тэнгэр ч Таныг багтааж чадахгүй. Тэгвэл миний барьсан энэ өргөө хичнээн өчүүхэн юм бэ! 19 Гэсэн ч боолынхоо залбирал, айлтгалыг анхааран үзээч. Бурхан ЭЗЭН минь ээ! Боол тань Таныхаа өмнө залбирсан энэ залбирал, хашхирах гуйлтыг сонсооч. 20 Энэ газарт хандан залбирах зарцынхаа залбирлыг сонсохын тулд “Миний нэр тэнд байг” гэж Өөрийн айлдсан тэр газар буюу энэ өргөөн дээр Таны мэлмий өдөр ч, шөнө ч тусах болтугай! 21 Энэ газарт хандсан Таны боол болон Таны ард түмэн Израилийн гуйлтыг Та сонсооч. Тэнгэр дэх Өөрийнхөө залрах газраас Та сонсооч, сонсоод өршөөн соёрхооч! 22 Хэрэв хүн хөршийнхөө эсрэг нүгэл үйлдчихээд, ам тангараг өгөхөөр болж тэрээр энэ өргөөнд Таны тахилын ширээний өмнө ирж тангараглах аваас 23 Та тэнгэрээс сонсож үйлдээч, боолуудаа шүүгээч. Ингэхдээ гэм буруутны арга замыг толгой дээр нь буулган буруутгаж, зөвт хүнийг зөвт байдлынх нь дагуу зөвтгөж болгооно уу! 24 Таны ард түмэн Израиль Таны эсрэг нүгэл үйлдсэнээс болж дайсандаа цохигдох үед, хэрэв тэд Тан уруу дахин эргэж, Таны нэрд талархаж, энэ өргөөнд Танд хандан залбирч, гуйх аваас 25 Та тэнгэрээс сонсож, Өөрийн ард түмэн Израилийн нүглийг уучилж, тэдэнд болон эцэг өвгөдөд нь өгсөн газар нутагт тэднийг буцаан ирүүлж соёрхоно уу! 26 Тэд Таны эсрэг нүгэл үйлдсэнээс болж тэнгэр хаагдан хур бороо үгүй болох үед тэд энэ газарт хандан залбирч, Таны нэрд талархаж, Та тэднийг зовооход тэд нүглээсээ эргэх аваас 27 Та тэнгэрээс сонсон, Өөрийн зарц нар болон Өөрийн ард түмэн Израилийн нүглийг уучилж, тэдний явбал зохих зөв зүйтэй замыг Та тэдэнд заан өгч ард түмэндээ өв болгон өгсөн газартаа хур бороог буулгаж өгөөрэй! 28 Хэрэв газар нутагт өлсгөлөн болж, тахал өвчин гарч, ган гачиг болж, хөгц, царцаа, төөлүүрийн сүрэг ирж эсвэл дайснууд нь тэднийг хот газарт нь бүслэн авбал эсвэл элдвийн гамшиг, өвчин зовлон нөмрөх үед 29 гамшиг, зовлон шаналалаа ойлгоод, гараа энэ өргөө тийш сунгах хэн нэгэн хүн эсвэл Таны бүх ард түмэн Израилийн ямар ч залбирал, ямар ч гуйлтыг 30 Та тэнгэр буюу Өөрийн залрах газраас сонсон уучилж, Та зүрхийг нь мэдэх хүн тусбүрд үйлийнх нь дагуу өгөөрэй. Зөвхөн Та л хүний хөвгүүдийн зүрхийг мэдэх билээ. 31 Ингэснээр эцэг өвгөдөд маань Таны өгсөн энэ газарт амьдрах бүх хугацаандаа тэд Танаас эмээж, Таны замуудаар алхах болно. 32 Түүнчлэн Таны ард түмэн Израилийнх биш боловч Таны аугаа нэр алдар, Таны хүчит гар, сунгасан мутрын тань төлөө хол газраас ирсэн гаднын хүний хувьд, тэрээр ирж, энэ өргөөнд хандан залбирах аваас 33 Та тэнгэр дэх Өөрийн залрах газраасаа сонсож, гаднын тэр хүний дуудсан бүхнийг үйлдэж болгооно уу. Энэ нь дэлхийн бүх хүн Таны нэрийг мэдэж, Таны ард түмэн Израилийн адил Танаас эмээж, миний барьсан энэ өргөө Таны нэрээр дуудагдсан гэдгийг мэдэж байхын тулд юм. 34 Таны ард түмэн дайсантай тулалдахаар явах үед, Та тэднийг ямар ч замаар илгээсэн тэд Таны сонгож авсан хот болон Таны нэрд зориулж миний босгосон өргөө тийш хандан Танд залбирах үед 35 Та тэдний залбирал, гуйлтыг тэнгэрээс сонсож, тэдэнд шийдлийг гаргаж соёрхоно уу! 36 Таны эсрэг тэд нүгэл үйлдсэнээр (Нүгэл үйлддэггүй хүн гэж үгүй.) Та хилэгнэн, тэднийг дайсанд өгч, нөгөөдүүл нь тэднийг олзлон хол ч бай, ойр ч бай нутагтаа аваачихад, 37 хэрэв тэд олзлогдон очсон газартаа сэтгэл зүрх нь эргэн “Бид нүгэл үйлдлээ, буруутлаа, бузрыг үйлдлээ” хэмээн гэмшиж, олзлогдон очсон газартаа тааллыг тань гуйх аваас 38 мөн өөрсдийг нь олзлон аваачсан тэрхүү олзлолын нутагт тэд бүх зүрх, бүх сэтгэлээрээ Тан уруу эргэж, эцэг өвгөдөд нь Таны өгсөн газар, Таны сонгосон хот, Таны нэрд зориулж миний барьсан өргөө тийш хандан залбирах аваас, 39 Та тэнгэрээс, Өөрийн орших газраасаа тэдний залбирал, гуйлтыг сонсон, тэдэнд шийдэл хариуг өгч, Таны эсрэг нүгэл үйлдсэн ард түмнээ уучлан өршөөнө үү! 40 Өө, Бурхан минь, энэ газар дахь залбиралд мэлмий тань тунгалаг, сонор тань соргог болтугай. 41 Одоо, ЭЗЭН Бурхан, хүч чадлынхаа авдартай хамт амралтдаа орохоор Та босооч. Өө, ЭЗЭН Бурхан минь, тахилчид чинь авралаар хувцаслаж, бишрэлтнүүд чинь сайн зүйлсэд баярлаг! 42 Өө, ЭЗЭН Бурхан минь, тослогдсон нэгнээсээ нүүр бүү буруулаач! Өөрийн зарц Давидад үзүүлсэн хайр энэрэлээ дурсан санаач гэв. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)