Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

2Шастир 36 - Ариун Библи 2013


Иоахазын хаанчлал
( 2Ха 23:30–35 )

1 Тэгээд тэр газрын ард түмэн Иосиагийн хүү Иехоахазыг авч, эцгийнх нь оронд Иерусалимд хаан болгон өргөмжлөв.

2 Иехоахаз хаан болохдоо хорин гурван настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд гурван сар хаанчилжээ.

3 Дараа нь Египетийн хаан Иерусалимд түүнийг хаан ширээнээс буулган авч, түүний газар нутагт зуун талант мөнгө, нэг талант алтны хэмжээтэй торгуулийг ногдуулав.

4 Египетийн хаан, түүний ах Елиакимыг Иуда ба Иерусалимын хаан болгож, түүний нэрийг Иехоиаким болгон өөрчилжээ. Харин түүний дүү Иехоахазыг Неко аваад Египетэд аваачив.


Иехоиакимийн хаанчлал ба олзлогдол
( 2Ха 23:36—24:7 )

5 Иехоиаким хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван нэгэн жил хаанчлав. Тэрээр Бурхан ЭЗЭНийхээ мэлмийд ёрын мууг үйлдсэн билээ.

6 Вавилоны хаан Небухаднезар түүний эсрэг довтлон ирж, түүнийг Вавилон уруу авч явахаар хүрэл гинжээр хүлэв.

7 Небухаднезар бас ЭЗЭНий өргөөний эд зүйлсээс Вавилон уруу аваачиж, тэдгээрийг Вавилон дахь сүмдээ тавив.

8 Иехоиакимын бусад үйл хэрэг, түүний хийсэн бузар зүйлс, түүний эсрэг олдсон бүх юм, харагтун, тэдгээр нь Израиль ба Иудагийн Хаадын номд бичигдсэн юм. Түүний хүү Иехоиахин оронд нь хаан болжээ.


Иехоиахины хаанчлал ба олзлогдол
( 2Ха 24:8–17 )

9 Иехоиахин хаан болохдоо найман настай байсан бөгөөд Иерусалимд гурван сар арван өдөр хаанчилсан бөгөөд тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв.

10 Дараа жилийн эхэнд хаан Небухаднезар хүн илгээн, түүнийг Вавилон уруу ЭЗЭНий өргөөний үнэт хэрэглэлийн хамт авчирсан бөгөөд түүний авга болох Зедекиаг Иуда ба Иерусалимын хаан болгов.


Зедекиагийн хаанчлал
( 2Ха 24:18–20 ; Иер 52:1–3 а)

11 Зедекиа хаан болохдоо хорин нэгэн настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд арван нэгэн жил хаанчлав.

12 Тэрээр Бурхан ЭЗЭНийхээ мэлмийд муу муухайг үйлдэв. ЭЗЭНий төлөө ярьсан эш үзүүлэгч Иеремиагийн өмнө ч тэр өөрийгөө даруу болгоогүй юм.

13 Небухаднезар хаан, Зедекиаг Бурханаар тангараглуулсан боловч тэрээр тэрслэн босож, шил нь татан, зүрх нь хатуурч, Израилийн Бурхан ЭЗЭН өөд эргэсэнгүй.

14 Цаашилбал, тахилчдын бүх захирагчид мөн ард түмнүүд үндэстнүүдийн бүх жигшүүрт харш зүйлсийг даган үнэхээр итгэмжгүй харш юм хийж, Иерусалимд ЭЗЭНий ариусгасан Түүний өргөөг тэд бузарлажээ.


Иерусалимын уналт
( 2Ха 25:1–21 ; Иер 52:3б–11)

15 Тэдний эцэг өвгөдийн Бурхан, ЭЗЭН элч нараараа дамжуулан тэдэнд дахин дахин үг илгээж байв. Учир нь Тэрээр ард түмнээ болон орших газраа энэрсэн билээ.

16 Гэвч Өөрийн ард түмний эсрэг хөдөлсөн ЭЗЭНий уур хилэн үлэмж болж, залруулшгүй болох хүртэлээ тэд Бурханы элч нарыг харааж, Түүний үгийг үл тоомсорлож, Түүний эш үзүүлэгчдийг доромжилсон юм.

17 Тиймээс Бурхан тэднийг халдеичуудын хааны гарт тушаасанд тэр ирж, тэдний залуусыг ариун газрын өргөөнд илдээр цавчин алж, залуучуудыг, онгон охидыг, хөгшид нялхсыг ч өршөөсөнгүй.

18 Мөн Бурханы өргөөний хэрэглэлийг их бага гэлгүй, ЭЗЭНий өргөөний эрдэнэс болон хаан ба түүний түшмэдийн эрдэнэсийг бүгдийг тэрээр Вавилон уруу авчирчээ.

19 Дараа нь тэд Бурханы өргөөг шатааж, Иерусалимын хэрмийг нурааж, бүх бэхлэгдсэн барилгыг нь галдан шатааж, бүх үнэт хэрэглэлийг нь устгасан юм.

20 Илднээс амь гарагсдыг тэрээр Вавилон уруу авч явжээ. Персийн хаант улсын ноёрхлыг хүртэл тэд түүний болон хөвгүүдийнх нь боол болцгоосон билээ.

21 Эл цөлмөгдсөн газар нутаг энэ он жилүүдэд далан жил гүйцтэл Амралтаа сахив. Энэ нь Иеремиагийн амаар хэлсэн ЭЗЭНий үг биелэгдэхийн тулд ийнхүү Амралтын жилээ эдэлсэн байлаа.


Корешийн тунхаг
( Езр 1:1–4 )

22 Иеремиагаар дамжуулсан ЭЗЭНий үг биелэгдэхийн тулд Персийн хаан Корешийн анхдугаар онд Персийн хаан Корешийн сүнсийг ЭЗЭН хөдөлгөв. Тэрээр өөрийн хаанчлал даяар тунхаг илгээсэн бөгөөд бичгээр гаргасан зарлигтаа тунхаглахдаа

23 “Персийн хаан Кореш ийнхүү айлдаж байна. «Тэнгэрийн Бурхан ЭЗЭН, надад дэлхийн бүх хаанчлалыг өгсөн билээ. Одоо Тэрээр надад Иуда дахь Иерусалимд Өөрт нь зориулан өргөө барихыг даалгав. Түүний ард түмнээс та нарын дунд байгаа хэн ч байг, түүний Бурхан, ЭЗЭН түүнтэй хамт байж, тэр хүн яваг»” гэсэн билээ.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan