Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

2Шастир 33 - Ариун Библи 2013


Манассегийн хаанчлал
( 2Ха 21:1–9 )

1 Манассе хаан болохдоо арван хоёр настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд тавин таван жил хаанчлав.

2 Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн жигшмээр үйлийг даган тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлджээ.

3 Тэр өөрийн эцэг Хезекиагийн нураан хаясан мөргөлийн өндөрлөгүүдийг сэргээн барьж, Баалуудад зориулан тахилын ширээнүүд босгон, Ашерагийн модон шонг бүтээж бас тэнгэрийн бүх эрхэст мөргөн үйлчлэв.

4 “Иерусалимд Би Өөрийн нэрийг үүрд тавина” гэж ЭЗЭНий айлдсан ЭЗЭНий өргөөнд тэрээр тахилын ширээнүүд босгов.

5 Тэрээр ЭЗЭНий өргөөний хоёр хашаанд тэнгэрийн бүх эрхэст зориулан тахилын ширээнүүд босгов.

6 Тэрээр хөвгүүдээ Бен-хинномын хөндийд гал дундуур явуулан, өөрөө ид шид үйлдэж, илбэ сурч, мэргэ төлгө ашиглаж, сүнс дуудагчид ба хар домч нартай холбогдов. ЭЗЭНий мэлмийд үлэмж их ёрын мууг үйлдэж, Түүний хилэнг өдөөжээ.

7 Дараа нь тэр өөрийн бүтээсэн шүтээний сийлмэл хөргийг Бурханы өргөөн дотор байрлуулав. Энэ өргөөний тухай Давидад болон түүний хүү Соломонд Бурхан айлдахдаа “Би Израилийн бүх овгоос сонгосон энэ өргөө болон Иерусалимд Би Өөрийн нэрийг үүрд мөнхөд тавих болно.

8 Хэрвээ Мосегоор дамжуулан өгөгдсөн бүх хууль, зарлиг хийгээд шүүлтийн дагуу тэд Миний тушаасан болгоныг сахин үйлдэж байвал Би та нарын эцэг өвгөдөд тогтоож өгсөн газар нутгаас Израилийн хөлийг дахин гаргахгүй” гэсэн билээ.

9 Ийнхүү Израилийн хөвгүүдийн өмнө, ЭЗЭНий устгасан үндэстнүүдээс ч илүүгээр ёрын мууг үйлдэхэд нь Иуда болон Иерусалимын оршин суугчдыг Манассе уруу татжээ.


Манассе гэмшиж дахин сэргэв

10 Манассед болон түүний ард түмэнд ЭЗЭН айлдсан боловч тэд анхаарсангүй.

11 Тиймээс тэдний эсрэг Ассирийн хааны их цэргийн жанжингуудыг ЭЗЭН авчирсан бөгөөд тэд Манассег дэгээнүүдээр барьж, хүрэл гав гинжээр хүлж, Вавилон уруу авч явав.

12 Зовлон зүдүүрт орсон хойноо, тэр өөрийн Бурхан ЭЗЭНд хандаж, эцэг өвгөдийнхөө Бурханы өмнө өөрийгөө ихэд дорд болгов.

13 Манассе Түүнд залбирахад түүний гуйлтад Тэрээр сэтгэл хөдөлж, түүний айлтгалыг сонсож, түүнийг Иерусалимд, өөрийнх нь хаант засаг уруу дахин авчирчээ. Ингээд ЭЗЭН, Бурхан мөн гэдгийг Манассе мэдсэн билээ.

14 Үүний дараа тэрээр Давидын хотын гадна Гихоны баруун тал дахь хөндийд гадуур хэрмийг босгож, Загасны гулдан хаалга хүртэл үргэлжлүүлэн, Офелыг хүрээлүүлсэн бөгөөд хэрмийг маш өндөр барив. Дараа нь Иудагийн бүх бэхлэгдсэн хотод тэрээр цэргийн дарга нарыг байрлуулав.

15 Тэр бас ЭЗЭНий өргөөнөөс харийн бурхад, шүтээнүүдийг зайлуулж, ЭЗЭНий өргөөний уул болон Иерусалимд өөрийн босгосон тахилын ширээнүүдийг ч зайлуулан хотын гадна гаргаж хаяжээ.

16 Тэрээр ЭЗЭНий тахилын ширээг босгон, дээр нь эвийн тахил болон талархлын тахилыг өргөв. Мөн Израилийн Бурхан ЭЗЭНд үйлчлэхийг тэрээр Иудад тушаав.

17 Хэдийгээр ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээрээ тахил тахисаар байсан ч энэ нь зөвхөн Бурхан ЭЗЭНдээ зориулагдсан байв.


Манассегийн үхэл
( 2Ха 21:17–18 )

18 Манассегийн бусад үйл хэрэг, Бурхандаа хандсан түүний залбирлууд болон Израилийн Бурхан ЭЗЭНий нэрээр түүнтэй ярьж байсан үзмэрчдийн үгс зэрэг нь Израилийн хаадын шастир дотор бий.

19 Бас түүний залбирлууд болон хэрхэн Бурханд хүсэлт тавьж байсан нь, түүний бүх нүгэл, түүний итгэлгүй байдал, өөрийгөө дорд болгохоос өмнө түүний мөргөлийн өндөрлөгүүд босгож, Ашерагийн модон шон ба сийлмэл хөргүүдийг зоож байсан газрууд зэрэг нь Хозаигийн тэмдэглэлүүдэд бичигдсэн юм.

20 Ингээд Манассе эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд тэд түүнийг гэрт нь нутаглуулжээ. Түүний хүү Амон оронд нь хаан болжээ.


Амоны хаанчлал ба үхэл
( 2Ха 21:19–26 )

21 Амон хаан болохдоо хорин хоёр настай байсан бөгөөд Иерусалимд хоёр жил хаанчлав.

22 Амон өөрийн эцэг Манассегийн үйлдсэний адил ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэж, өөрийн эцэг Манассегийн бүтээсэн бүх сийлмэл хөрөгт тахил тахиж, тэдгээрт үйлчлэв.

23 Амон өөрийн эцэг Манассегийн үйлдсэний адил ЭЗЭНий өмнө өөрийгөө дорд болгосонгүй, харин ч тэрээр ял зэмийг арвижуулсан юм.

24 Зарц нар нь түүний эсрэг хуйвалдаж, түүнийг гэрт нь алав.

25 Гэвч тэр газрын ард түмэн Амон хааны эсрэг хуйвалдагчдыг бүгдийг алж, оронд нь түүний хүү Иосиаг хаан болгон өргөмжилжээ.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan