Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

2Шастир 3 - Ариун Библи 2013


ЭЗЭНий өргөөг Соломон барив

1 Ингээд Соломон, Иерусалимын Мориа уулан дээрх иебус хүн Орнаны үтрэм дэх Давидын бэлтгэсэн газар буюу эцэг Давидад нь ЭЗЭН үзэгдсэн газарт ЭЗЭНий өргөөг барьж эхлэв.

2 Соломон хаант засгийнхаа дөрөвдүгээр оны хоёрдугаар сарын хоёронд барьж эхэлжээ.

3 Бурханы өргөөг барихаар Соломоны тавьсан суурь хуучны хэмжүүрээр, урт нь жаран тохой, өргөн нь хорин тохой байлаа.

4 Өргөөний өмнөх үүдний танхимын урт нь өргөөний өргөнтэй эн чацуу хорин тохой бөгөөд өндөр нь зуун хорин тохой байв. Дотор талыг нь тэрээр шижир алтаар бүржээ.

5 Гол танхимыг тэрээр майлс модоор доторлон, цэвэр алтаар бүрж, дээр нь далдуу мод болон гинжнүүд хийв.

6 Тэрээр өргөөг эрдэнийн чулуугаар чимэглэв. Алт нь харин Парваимын алт байжээ.

7 Тэрээр бүх өргөөг буюу гуалин, босго, хана, хаалгануудыг нь алтаар бүрж, хананууд дээр нь херубуудыг сийлэв.

8 Тэрээр Ариунаас ариун газрыг хийсэн бөгөөд урт нь өргөөний өргөний энгээр хорин тохой, өргөн нь мөн хорин тохой байв. Тэрээр үүнийг зургаан зуун талант цэвэр алтаар бүржээ.

9 Хадааснуудын жин тавин шекел алт болов. Тэр бас дээд өрөөнүүдийг алтаар бүрэв.

10 Ариунаас ариун газарт тэрээр хос херубуудын баримал бариад, түүнийг алтаар бүрэв.

11 Херубуудын далавчны нийт урт хорин тохой байв. Херубын нэг далавч таван тохой бөгөөд өргөөний хананд хүрч байхад, нөгөө далавч бас таван тохой бөгөөд нөгөө херубын далавчинд хүрч байв.

12 Нөгөө херубын нэг далавч таван тохой бөгөөд өргөөний хананд хүрч байхад, нөгөө далавч бас таван тохой бөгөөд эхний херубын далавчинд хүрч байв.

13 Энэ херубуудын далавч хорин тохой дэлгэгдсэн бөгөөд тэд гол өргөө тийш харан хөл дээрээ зогсоцгоож байв.

14 Тэрээр нил ягаан, хөх ягаан, хүрэн улаан бөс, нарийн маалингаар хөшиг хийгээд, дээр нь херубууд урлав.

15 Тэр бас өргөөний урд талд гучин таван тохой өндөр хос багана хийсэн бөгөөд тусбүрийн орой дээр таван тохой өндөр дог байв.

16 Тэрээр дотоод ариун газарт гинжнүүд хийгээд, баганынх нь орой дээр байрлуулж, зуун анар урлан, гинжүүд дээр бэхлэв.

17 Тэрээр баганануудыг сүмийн өмнө буюу нэгийг нь баруун талд, нөгөөг нь зүүн талд босгосон бөгөөд баруун талынхыг Иахин, зүүн талынхыг Боаз гэж нэрлэжээ.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan