Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

2Шастир 26 - Ариун Библи 2013


Уззиагийн хаанчлал
( 2Ха 14:21–22 ; 15:1–7 )

1 Иудагийн бүх ард түмэн арван зургаан настай байсан Уззиаг түүний эцэг Амазиагийн оронд хаанаар өргөмжилжээ.

2 Тэрээр хааныг эцэг өвгөдийнхөө хамт нойрссоны дараа Елотыг сэргээн босгож, Иудад дахин нэгтгэв.

3 Уззиа хаан болохдоо арван зургаан настай байсан бөгөөд Иерусалимд тавин хоёр жил хаанчилжээ. Түүний эхийг Иерусалимын Иеколиа гэдэг байв.

4 Тэрээр эцэг Амазиагийнхаа хийсэн бүгдийг дуурайн ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэв.

5 Бурханаас эмээхийг сургаж байсан Зехариагийн өдрүүдэд тэрээр Бурханыг эрэлхийлсээр байв. Тэрээр ЭЗЭНийг эрэлхийлэх тусам Бурхан түүнийг амжилттай болгов.

6 Тэр явж, филистчүүдийн эсрэг дайн хийж, Гатын хэрэм, Иабнегийн хэрэм, Ашдодын хэрмийг нураав. Тэрээр Ашдодын нутаг болон филистчүүдийн дунд хотууд барьж босгожээ.

7 Бурхан түүнд филистчүүдийн эсрэг, Гур-баалд амьдарч байсан арабуудын эсрэг мөн меуничүүдийн эсрэг дайтахад туслав.

8 Бас аммончууд Уззиад алба гувчуур барьж, тэрээр маш хүчтэй болсон тул түүний нэр алдар Египетийн хил хязгаарт ч хүрэв.

9 Үүнээс гадна, Уззиа Иерусалимд Булангийн гулдан хаалга, Хөндийн гулдан хаалга болон булангийн тулгуур багана дээр цамхгуудыг барьж, бэхлэв.

10 Тэрээр талд цамхгууд босгож, олон худаг ухав. Учир нь нам дор газарт ч, тал газарт ч түүнд мал сүрэг асар их байлаа. Тэрээр газар тариаланд дуртай байсан учраас уулархаг нутаг болон үржил шимтэй талбайнуудад тариачид, усан үзэмчдийг байлгав.

11 Үүнээс гадна, дайтахад бэлэн цэрэг Уззиад байсан бөгөөд тэд гүүш Иеиел, түшмэл Маасеиа нарын явуулсан тооллогын дагуух бүлгүүдээрээ хааны жанжингуудын нэг болох Хананиагийн удирдлага дор тулаанд гардаг байв.

12 Эцгүүдийн бүлийн тэргүүн нар болох эрэлхэг дайчид нийтдээ хоёр мянга зургаан зуун хүн байлаа.

13 Тэдний удирдлага дор гурван зуун долоон мянга таван зуун хүний бүрэлдэхүүнтэй шилдэг цэрэг байв. Тэд хааныг дэмжиж, дайсны эсрэг маш хүчирхэг, тулалдах чадвартай байлаа.

14 Үүнээс гадна, Уззиа бүх цэрэгтээ зориулан бамбай, жад, дуулга, хуяг, нум сум болон чулуу дүүгүүрдэх хэрэгслүүдийг бэлдэж өгсөн билээ.

15 Тэрээр Иерусалимд уран дархчуудын зохион бүтээсэн дайтах хэрэгслүүдийг хийжээ. Үүгээр сум болон том чулуу харвуулах зорилгоор тэднийг цамхгууд, бэхлэлтийн булангууд дээр байрлуулав. Ингээд түүний нэр алдар алс хол түгж, тэрээр хүчирхэг болтлоо асар ихээр тэтгүүлж байлаа.


Бардамнал ба урвалт

16 Гэвч хүчирхэг болмогц түүний зүрх сэтгэл ихэд бардам болсноос болж тэрээр завхарч, өөрийн Бурхан ЭЗЭНий эсрэг харш юм хийв. Тэрээр утлагын тахилын ширээн дээр утлага уугиулахаар ЭЗЭНий сүмд орсон юм.

17 Түүний араас тахилч Азариа болон түүнтэй хамт зоригт эрс болох ЭЗЭНий наян тахилч орсон билээ.

18 Тэд Уззиа хааныг эсэргүүцэж, түүнд —Уззиа, ЭЗЭНд утлага уугиулах нь чиний үүрэг биш, харин утлага өргөхөөр ариусгагдсан Аароны хөвгүүд болох тахилч нарын үүрэг юм. Ариун газраас гарагтун, учир нь чи харш юм үйлдсэн бөгөөд ЭЗЭН Бурханаас хүндлэл хүртэхгүй болно гэв.

19 Харин Уззиа утлага өргөхөөр утлагын бойпорыг гартаа барин, уурлаж хилэгнэжээ. Түүнийг тахилч нарт уурлан хилэгнэж байх үед духан дээр нь уяман өвчин гарчээ. Энэ нь тахилч нарын өмнө ЭЗЭНий өргөөнд, утлага уугиулдаг тахилын ширээний хажууд болсон билээ.

20 Ахлах тахилч Азариа болон тахилч нар бүгд түүн уруу эргэтэл, харагтун, тэр духан дээрээ уяман өвчтэй болсон байв. Тэд түүнийг тэндээс түргэхэн гаргажээ. ЭЗЭН түүнийг цохисон учраас Уззиа өөрөө ч бас гарах гэж яаравчлав.

21 Уззиа хаан үхэх өдрөө хүртэл уяман өвчтэй байж тусдаа өргөөнд уяман өвчиндөө амьдарчээ. Учир нь тэрээр ЭЗЭНий өргөөнөөс таслагдсан юм. Түүний хүү Иотам, хааны гэрийг захиран улс орныхоо хүмүүсийг шүүв.

22 Уззиагийн бусад үйл хэргийг эхнээс нь дуустал Амозын хүү эш үзүүлэгч Исаиа бичсэн билээ.

23 Ингээд Уззиа эцэг өвгөдийнхөө хамт нойрссонд, тэд —Тэр уяман өвчтэй гээд, түүнийг хаадад харьяалагдах булшны гадна талбайд эцэг өвгөдийнх нь хамт нутаглуулжээ. Түүний хүү Иотам оронд нь хаан болов.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan