Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

2Шастир 23 - Ариун Библи 2013

1 Долоо дахь жилд Иехоиада өөрийгөө хүчирхэгжүүлэн, зуутын дарга нар болох Иерохамын хүү Азариа, Иехохананы хүү Ишмаел, Обедын хүү Азариа, Адаиагийн хүү Маасеиа, Зихрийн хүү Елишафат нарыг авч, тэдэнтэй гэрээ байгуулав.

2 Тэд Иуда даяар явж, Иудагийн бүх хотоос левичүүдийг мөн Израилийн эцгүүдийн бүлийн тэргүүн нарыг цуглуулав. Тэд Иерусалимд ирцгээлээ.

3 Тэгээд бүх чуулган Бурханы өргөөнд хаантай гэрээ байгуулав. Иехоиада тэдэнд —Харагтун, Давидын хөвгүүдийн талаар ЭЗЭН айлдсаны дагуу хааны хүү хаанчлах болой.

4 Та нарын хийх зүйл энэ юм. Амралтын өдөр үүрэгтэй тахилч нар болон левичүүд буюу та бүгдийн гуравны нэг нь хаалгач болог.

5 Гуравны нэг нь хааны өргөөнд мөн гуравны нэг нь Суур дааман хаалган дээр байгтун. Бүх ард олон ЭЗЭНий өргөөний хашаанд байгтун.

6 Харин тахилч нар ба үйлчилж буй левичүүд ариун учраас ЭЗЭНий өргөөнд нэвтрэн орж болно. Тэднээс өөр хэнийг ч бүү нэвтрүүл. Бүх хүн ЭЗЭНий тушаасныг сахигтун.

7 Леви хүн бүр зэвсгээ гартаа авч хааныг хүрээлэн зогс. Өргөөнд нэвтэрсэн хэнийг ч болов алагтун. Гарч орох бүрийд нь хаантай хамт байгтун гэв.


Иоаш хаан болов

8 Ингээд левичүүд ба бүх иуда хүн тахилч Иехоиадагийн тушаасан бүгдийг ёсоор гүйцэтгэжээ. Тахилч Иехоиада аль ч бүлгийг тараагаагүй учир тэдний хүн бүр Амралтын өдөр ордог гардаг эрсээ дагуулан ирэв.

9 Тэгээд зуутын дарга нарт тахилч Иехоиада Бурханы өргөөнд байсан, Давид хааны жад ба том, жижиг бамбайнуудыг өгөв.

10 Тэрээр хүн бүрийн гарт зэвсэг бариулан өргөөний баруун талаас зүүн тал хүртэл хааныг хүрээлэн тахилын ширээ ба өргөөний хажуугаар бүх хүнийг зогсоосон юм.

11 Тэгээд тэд хааны хүүг гарган ирж, түүнд титэм өмсгөн, гэрчлэлийг өгч, түүнийг хаан болгов. Иехоиада болон түүний хөвгүүд түүнийг тослон —Хаан мөнх наслаг! гэцгээв.


Аталиа хөнөөгдсөн нь

12 Ард түмний гүйлдэх болон хааныг магтах дуу чимээг Аталиа сонсоод, хүмүүс уруу ЭЗЭНий өргөөнд орж иржээ.

13 Түүнийг харахад, хаан үүдэнд баганын дэргэд зогсож, ахмадууд болон бүрээчид хааны хажууд зогсож байв. Тэр газрын бүх ард түмэн баярлалдан, бүрээгээ хүнгэнүүлж, дуучид хөгжимдөн магтаалыг удирдаж байлаа. Тэгэхэд Аталиа хувцсаа ураад, —Тэрслэл! Тэрслэл! гэж хашхирав.

14 Тахилч Иехоиада цэргийг захирахаар томилогдсон зуутын дарга нарыг авчраад, тэдэнд —Тэр эмийг хүрээн дундаас гарга. Түүнийг дагах хэнийг ч бай илдээр цавчин алагтун гэж тушаав. Тахилч —Тэр эмийг ЭЗЭНий өргөөнд бүү алагтун гэв.

15 Ингээд тэд түүнийг баривчлан, хааны өргөөний Адууны хаалганы үүдээр гаргаж тэнд тэд түүнийг хороов.

16 Дараа нь тэд ЭЗЭНий ард түмэн байх болно гэсэн гэрээг Иехоиада бүх ард түмэнтэй мөн хаантай байгуулсан юм.

17 Тэрхүү газарт байсан бүх ардууд Баалын өргөөнд очоод, түүнийг буулган нураажээ. Түүний тахилын ширээнүүд ба хөргүүдийг нь тэд юу ч үгүй болтол эвдэж, Баалын тахилч Маттаныг тахилын ширээнүүдийн өмнө алав.

18 Үүнээс гадна Иехоиада, ЭЗЭНий өргөөний харгалзагчийг Левийн тахилч нарын гарт өгөв. Урьд өмнө Давид энэ Левийн тахилч нарт ЭЗЭНий өргөөг хуваарилсан байлаа. Тэд Мосегийн хуульд бичигдсэнчлэн ЭЗЭНд шатаалт тахил тахиж, Давидын зааврын дагуу баяр хөөртэйгөөр магтан дуулжээ.

19 Тэрээр ЭЗЭНий өргөөний хаалгануудад хаалгачдыг томилж, ямар нэг талаар цэвэр бус хэнийг ч дотогш оруулсангүй.

20 Тэрээр зуутын дарга нар, язгууртнууд, ард түмний удирдагчдыг бас тэр газрын бүх ард түмнийг дагуулжээ. Тэд хааныг ЭЗЭНий өргөөнөөс авч дээд хаалгаар нэвтрэн хааны өргөөнд ирэв. Тэд хаант улсын сэнтийд хааныг залжээ.

21 Ингээд тэр газрын бүх ард олон баярлан хөөрсөн бөгөөд Аталиаг илдээр цавчин хороосны дараа хот нам гүм болов.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan