2Шастир 21 - Ариун Библи 2013Иехорамын хаанчлал ( 2Ха 8:17–24 ) 1 Иехошафат эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, Давидын хотод эцэг өвгөдтэйгөө тавигдсан бөгөөд түүний хүү Иехорам залгамжлан хаан болов. 2 Түүний ахан дүүс нь Иехошафатын хөвгүүд болох Азариа, Иехиел, Зехариа, Азариаху, Михаел, Шефатиа нар болой. Эдгээр нь бүгд Израилийн хаан Иехошафатын хөвгүүд байв. 3 Тэдний эцэг алт, мөнгө, үнэт зүйлс бүхий олон бэлгийн хамтаар Иудагийн бэхлэгдсэн хотуудыг тэдэнд өгсөн бөгөөд, хаант улсаа Иехорамд өгчээ. Учир нь тэрээр ууган хүү байв. 4 Иехорам эцгийнхээ хаанчлалын эрхийг гартаа авмагц, өөрийгөө аюулгүй байлгах үүднээс бүх ах дүүгээ бас Израилийн зарим түшмэдийг илдээр хороов. 5 Иехорам хаан болохдоо гучин хоёр настай байсан бөгөөд Иерусалимд найман жил хаанчилжээ. 6 Тэрээр Ахабын гэрийн үйлдсэнтэй адил Израилийн хаадын замаар замнав. Учир нь Ахабын охин түүний эхнэр байжээ. Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв. 7 Гэсэн ч Давидтай тогтоосон гэрээ мөн Давид болон түүний хөвгүүдэд дэнлүүг эгнэгт өгнө гэсэн амлалтаасаа болж ЭЗЭН Давидын гэрийг устгахыг хүссэнгүй. Едомын бослого 8 Түүний өдрүүдэд Едом нь Иудагийн гар дороос босож, өөрсдөдөө хаан өргөмжилжээ. 9 Тэгэхэд Иехорам цэргийн дарга нар ба бүх тэрэгт цэрэгтэйгээ гатлан очив. Тэрээр шөнөөр босож, өөрийг нь болон тэрэгт цэргийн дарга нарыг нь бүслэн байсан едомчуудыг цохижээ. 10 Едом энэ өдрийг хүртэл Иудаг эсэргүүцлээ. Яг тэр үед Либна эсэргүүцэн босжээ. Учир нь тэрээр эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг умартсан билээ. Елиагийн зурвас 11 Үүнээс гадна, тэрээр Иудагийн уулс дээр мөргөлийн өндөрлөгүүдийг босгон Иерусалимын оршин суугчдыг завхайруулж, Иудаг төөрүүлэв. 12 Тэгтэл эш үзүүлэгч Елиагаас түүнд зурвас ирж, хэлүүлэхдээ “Чиний эцэг өвөг Давидын Бурхан ЭЗЭН айлдахдаа «Чи өөрийн эцэг Иехошафат болон Иудагийн хаан Асагийн замаар замналгүй, 13 харин Израилийн хаадын замаар замнаж, Ахабын гэр завхайрсны адил Иуда болон Иерусалимын оршин суугчдыг завхайруулж бас чиний эцгийн гэр болох чамаас илүү сайн байсан ах дүүсээ алсан учраас, 14 харагтун, ЭЗЭН чиний хүмүүсийг, чиний хөвгүүд, эхнэрүүд болон бүх эзэмшлийг үлэмж их гай гамшгаар цохих гэж байна. 15 Чиний гэдэс хүнд өвчтэй болж, тэр өвчин өдрөөс өдөрт хүндэрч, гэдэс чинь гарч ирэх болно» гэж хэлэв” гэсэн байлаа. 16 Тэгээд ЭЗЭН, Иехорамын эсрэг филистчүүдийн болон етиопчуудтай хиллэдэг арабуудын зүрхийг хөдөлгөсөнд 17 тэд Иудагийн эсрэг довтлон ирж, цөмрөн ороод, хааны өргөөнөөс олдсон бүх эд зүйлс, түүний хүүхдүүд болон эхнэрүүдийг авч одов. Түүний хөвгүүдийн отгон болох Иехоахазаас өөр хүү түүнд үлдсэнгүй. Иехорамын өвчлөл ба үхэл 18 Энэ бүхний дараа ЭЗЭН түүнийг гэдэс дотрынх нь эдгэршгүй өвчнөөр цохив. 19 Цаг хугацаа өнгөрөхөд хоёр жилийн дараа өвчнөөс болж түүний гэдэс дотор цуван гарч, тэрээр аймшигтайгаар тарчлан үхлээ. Ард түмэн эцэгт нь зориулсан шиг галыг түүнд зориулан асаагаагүй билээ. 20 Тэрээр хаан болохдоо гучин хоёр настай байсан бөгөөд найман жил Иерусалимд хаанчилжээ. Түүний үхэлд хэн ч харамсаагүй бөгөөд тэд түүнийг Давидын хотод нутаглуулсан боловч хаадын булшинд тавиагүй билээ. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)