2Шастир 17 - Ариун Библи 2013Иехошафатын хаанчлал 1 Түүний хүү Иехошафат оронд нь хаан болоод, Израилийн эсрэг өөрийгөө хүчтэй илэрхийлэв. 2 Тэрээр Иудагийн бүх бэхлэгдсэн хотод цэргийн хүчин тавьж, эцэг Асагийнхаа эзлэн авсан Иудагийн газарт болон Ефраимын хотуудад цэргийн ангиудыг байрлуулжээ. 3 ЭЗЭН, Иехошафаттай хамт байлаа. Учир нь тэрээр эцэг өвөг Давидынхаа эртний замыг дагаж, улмаар Баалуудыг эрэлхийлэлгүй 4 харин эцгийнхээ Бурханыг эрэлхийлэн, Түүний тушаалуудыг дагасан бөгөөд Израилийн адил үйлдээгүй юм. 5 Иймээс ЭЗЭН хаанчлалыг түүний гарт бататгаж, бүх Иуда Иехошафатад алба гувчуур авчирсанд тэрээр үлэмж баялагтай, нэр хүндтэй болов. 6 Түүний зүрх ЭЗЭНий замуудад зоригжиж, тэрээр Иудагаас мөргөлийн өндөрлөгүүд болон Ашерагийн модон шонг зайлуулсан юм. 7 Тэгээд хаанчлалынхаа гуравдугаар онд тэрээр Иудагийн хотуудад заан сургахаар өөрийн түшмэд болох Бен-хаил, Обадиа, Зехариа, Нетанел, Микаиа нарыг илгээв. 8 Мөн тэдний хамт левичүүдийг буюу Шемаиа, Нетаниа, Зебадиа, Асахел, Шемирамот, Иехонатан, Адониа, Тобиа, Тобадониа гэх левичүүдийг мөн тэдний хамт тахилч Елишама, Иехорам нарыг явуулав. 9 Тэд ЭЗЭНий хуулийн номыг өөртөө авч Иудад заан, Иудагийн бүх хотоор явж, ард түмнийг сургав. 10 Иудагийн эргэн тойрон дахь бүх газрын хаанчлал дээр ЭЗЭНээс эмээхүй байсан бөгөөд тэд Иехошафатын эсрэг дайтсангүй. 11 Филистчүүдээс Иехошафатад бэлэг сэлт болон алба гувчуурт мөнгө авчрав. Мөн арабууд түүнд долоон мянга долоон зуун хуц, долоон мянга долоон зуун ухнатай сүрэг авч иржээ. 12 Иехошафат улам өргөмжлөгдөж, Иудад бэхлэлт цайз болон нөөц хангамжийн хотуудыг барьж байгуулав. 13 Иудагийн хотуудад маш их хангамж мөн Иерусалимд дайчид ба эрэлхэг хүчит эрс түүнд байлаа. 14 Эцгүүдийнх нь бүлийн дагуух тэдний жагсаалт ийм болой. Иудагийн мянгатын дарга нараас, жанжин Адна болон түүнтэй хамт гурван зуун мянган эрэлхэг дайчин, 15 түүний дараах нь жанжин Иехоханан болон түүнтэй хамт хоёр зуун наян мянган дайчин, 16 түүний дараах нь ЭЗЭНд өөрийгөө зориулсан, Зихрийн хүү Амасиа болон түүнтэй хамт хоёр зуун мянган эрэлхэг дайчин байв. 17 Бениаминаас, эрэлхэг хүчит эр Елиада болон түүнтэй хамт нум, бамбайгаар зэвсэглэсэн хоёр зуун мянган дайчин, 18 түүний дараах нь Иехозабад болон түүнтэй хамт дайнд зэвсэглэсэн зуун наян мянган дайчин байв. 19 Эдгээр нь хааны үйлчлэлд байснаас гадна Иуда даяарх бэхлэгдсэн хотуудад хааны байрлуулсан хүмүүс юм. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)