2Шастир 15 - Ариун Библи 20131 Бурханы Сүнс, Одедын хүү Азариа дээр ирсэнд 2 тэрээр Асатай уулзахаар явж, түүнд —Аса болон бүх Иуда, Бениамин аа, намайг сонс. Та нар ЭЗЭНтэй хамт байх үед Тэрээр та нартай хамт байна. Хэрэв та нар Түүнийг хайвал, Тэрээр та нарт олдоно. Харин та нар Түүнийг түлхэн хаях аваас Тэр та нарыг хаях болно. 3 Олон өдрийн туршид Израиль нь үнэн Бурхангүй, сургах тахилчгүй, хуульгүй байсан билээ. 4 Гэвч зовлон шаналал дотроо тэд Израилийн Бурхан ЭЗЭН өөд эргэж, Түүнийг эрэлхийлэхэд Тэр тэдэнд олдож байсан. 5 Тэр үеүдэд гарч, орох хүмүүст амар тайван байсангүй бөгөөд газар нутгийн оршин суугчдад олон үймээн самуун тохиолдож байсан юм. 6 Бурхан тэднийг зовлон шаналан бүхнээр үймүүлсэн тул нэг үндэстнийг нөгөө үндэстэн, нэг хотыг нөгөө хот устгаж байв. 7 Харин та нарын үйлсэд шагнал буй тул хүчтэй байж, гараа бүү сулруул гэв. 8 Эдгээр үг болон эш үзүүлэгч Одедын хүү Азариагийн эш үзүүллэгийг сонсоод Аса зоригжин Иуда, Бениамины бүх газар нутгаас болон Ефраимын ууланд эзлэн авсан хотуудаасаа бузар шүтээнүүдийг зайлуулж мөн ЭЗЭНий үүдний танхимын урд талд байсан ЭЗЭНий тахилын ширээг сэргээн босгов. 9 Асагийн Бурхан ЭЗЭН өөртэй нь хамт байгааг хараад, олон хүн Израилиас түүн уруу дагаар ирсэнд тэрээр бүх Иуда, Бениамин болон тэдэнтэй хамт амьдарч байсан, Ефраим, Манассе, Симеоноос ирж суурьшсан хүмүүсийг цуглуулав. 10 Ингээд Асагийн хаанчлалын арван тавдугаар оны гуравдугаар сард тэд Иерусалимд цугларчээ. 11 Тэр өдөр авчирсан олзноос тэд долоон зуун үхэр, долоон мянган хонийг ЭЗЭНд тахил өргөв. 12 Тэд бүх зүрх, бүх сэтгэлээрээ эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг эрэлхийлэх гэрээнд оров. 13 Харин Израилийн Бурхан ЭЗЭНийг эрэлхийлэхгүй хэн боловч, их бага, эр эм гэлгүй үхэх ёстой байв. 14 Тэд чанга уухайлах дуугаар, бүрээ, эвэр бүрээгээр ЭЗЭНд тангараг өргөлөө. 15 Тэд чин зүрхнээсээ тангараглаж, Түүнийг хүсэмжлэн эрэлхийлсэн бөгөөд Тэр тэдэнд олдсон учир энэ тангаргаас болж бүх Иуда баясан хөөрч байлаа. ЭЗЭН тэдэнд эргэн тойронд нь амралтыг өгөв. 16 Тэр бас Аса хааны эх Маакаг эх хатан байхыг нь болиулжээ. Учир нь тэр Ашера мэт жигшүүрт хөргийг бүтээсэн юм. Аса түүний жигшүүрт хөргийг цавчиж, жижиглэн буталж, Кидрон гуунд шатаав. 17 Мөргөлийн өндөрлөгүүд Израилиас зайлуулагдаагүй ч Асагийн зүрх сэтгэл амьдралынх нь турш бүрэн зориулагдсан байв. 18 Тэр эцгийнхээ болон өөрийнхөө ариун өргөл болох алт, мөнгө ба хэрэгслүүдийг Бурханы өргөөнд авчрав. 19 Асагийн хаанчлалын гучин тавдугаар он хүртэл ямар ч дайн гарсангүй. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)