Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

2Шастир 11 - Ариун Библи 2013


Иуда ба Бениамины бэхлэлт
( 1Ха 12:21–24 )

1 Рехобоам, Иерусалимд ирээд, өөрийнхөө хаанчлалыг дахин сэргээхийн тулд Израилийн эсрэг дайтахаар Иуда, Бениамины гэрийнхнээс зуун наян мянган шилдэг дайчдыг цуглуулав.

2 Гэвч Бурханы хүн Шемаиад ЭЗЭНий үг ирж —

3 Чи Иудагийн хаан Соломоны хүү Рехобоам болон Иуда, Бениамин дахь бүх израильчуудад

4 «Та нар ах дүүсийнхээ эсрэг босон дайтаж болохгүй. Энэ зүйл Надаас учир хүн бүр өөр өөрсдийн гэртээ харигтун» гэж ЭЗЭН айлдаж байна хэмээн хэл гэжээ. Тэд ЭЗЭНий үгийг сонсоод, Иеробоамын эсрэг хөдлөлгүй буцацгаав.

5 Рехобоам Иерусалимд амьдран Иудад бэхлэлттэй хотууд босгов.

6 Тэрээр Бетлехем, Етам, Текоа,

7 Бет-зур, Соко, Адуллам,

8 Гат, Мареша, Зиф,

9 Адораим, Лахиш, Азека,

10 Зора, Аиалон, Хеброныг босгов. Эдгээр нь Иуда, Бениамин дахь бэхлэгдсэн хотууд юм.

11 Тэрээр бэхлэлтүүдийг батжуулж, тэдний дотор захирагчдыг суулгаж мөн хүнс, тос, дарсны нөөцийг байрлуулжээ.

12 Тэрээр хот бүрийг бамбай, жадаар ханган, асар ихээр хүчирхэгжүүлэв. Иуда, Бениамин түүний талд байлаа.


Тахилчид ба левичүүд Рехобоамыг дэмжив

13 Бүх Израильд байсан тахилчид болон левичүүд бүх нутаг дэвсгэрээсээ түүн дээр буцаж ирсэн байна.

14 Иеробоам болон түүний хөвгүүд левичүүдийг ЭЗЭНий тахилч байхаас халсан тул тэд өөрсдийн бэлчээр эдлэн, эзэмшил өмчөө орхин, Иуда болон Иерусалим уруу ирцгээв.

15 Иеробоам өөрийнхөө хийсэн ямаан болон тугалан шүтээнүүдэд зориулсан мөргөлийн өндөрлөгүүдэд өөрийн тахилчдыг томилжээ.

16 Израилийн Бурхан ЭЗЭНийг хайхаар зүрхээ хандуулсан, Израилийн бүх овгуудаас гаралтай хүмүүс эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНд нядлах тахил тахихаар тэднийг даган Иерусалимд ирцгээв.

17 Тэд гурван жил Давид болон Соломоны замаар замнасан учраас Иудагийн хаанчлалыг хүчирхэгжүүлэн, гурван жилийн турш Соломоны хүү Рехобоамыг дэмжив.


Рехобоамын гэрлэлт

18 Тэгээд Рехобоам Давидын хүү Иеримотын охин Махалатыг мөн Иессийн хүү Елиабын охин Абихаил нарыг эхнэрээ болгов.

19 Тэр түүнд хөвгүүд төрүүлж өгсөн нь Иеуш, Шемариа, Захам нар юм.

20 Түүний дараа тэрээр Абсаломын охин Маакаг авсанд түүнд Абиа, Аттаи, Зиза, Шеломит нарыг төрүүлж өгчээ.

21 Рехобоам арван найман эхнэр, жаран татвар эмстэй мөн хорин найман хүү, жаран охины эцэг болсон бөгөөд бусад бүх эхнэр, татвар эмсээсээ илүүгээр Абсаломын охин Маакад хайртай байв.

22 Рехобоам, Маакагийн хүү Абиаг хаан болгохын тулд ах дүүсийнх нь дунд тэргүүн болгон удирдагчаар томилсон билээ.

23 Тэрээр мэргэн зүйл үйлдэн, хөвгүүдийнхээ заримыг Иуда болон Бениамины бүх нутаг дэвсгэр даяар бүх бэхлэгдсэн хот уруу тараан суулгаж, хоол хүнсийг нь хангалттайгаар өгч, тэдэнд олон эхнэр хайж байлаа.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan