2Самуел 6 - Ариун Библи 2013Бурханы авдрыг Иерусалимд авчрав ( 1Шс 13:1–14 ; 15:25—16:6,43 ) 1 Давид Израилийн гучин мянган шилдэг эрийг бүгдийг нь дахин цуглууллаа. 2 Давид босож, херубуудын дээр залрагч түг түмдийн ЭЗЭНий нэрээр дуудагдсан Бурханы авдрыг авчрахаар өөртэйгөө хамт байсан бүх ард олонтой Баале-иуда уруу явав. 3 Тэд Бурханы авдрыг шинэ тэргэн дээр тавив. Толгод дээрх Абинадабын гэрээс авдрыг ийнхүү авчирлаа. Абинадабын хөвгүүд болох Узза, Ахио нар шинэ тэргийг хөтөлж явлаа. 4 Толгод дээрх, Абинадабын гэрээс тэд Бурханы авдрыг шинэ тэргээр зөөж ирсэн бөгөөд Ахио авдрын урд алхаж явжээ. 5 Давид болон Израилийн бүх гэр дуу дуулан, ятга, босоо ятга, хэнгэрэг, цан, бүрээ, товшуур хөгжимтэй, хамаг чадлаараа Эзэний өмнө бүжицгээв. 6 Харин тэд Наконы үтрэмд ирэх үед үхэр нь бүдэрсэн тул Узза гар сунган Бурханы авдарт хүрч, үүнийг түшив. 7 Тэрээр авдарт гар хүрсэн тул ЭЗЭНий уур хилэн Уззагийн эсрэг шатаж, түүнийг Бурхан тэр газарт цохисонд тэрээр Бурханы авдрын дэргэд үхэв. 8 ЭЗЭН, Уззаг ийнхүү дайрсан тул Давид огшжээ. Тиймээс тэр газрыг Перез-узза гэж өнөөг хүртэл нэрлэжээ. 9 Тэр өдөр Давид, ЭЗЭНээс эмээж —Би яаж ЭЗЭНий авдрыг өөртөө авчирч болох билээ дээ! гэв. 10 Давид ЭЗЭНий авдрыг Давидын хот уруу өөртөө авчрахыг хүссэнгүй. Харин түүнийг гит хүн Обед-Едомын гэрт аваачив. 11 Ийнхүү ЭЗЭНий авдар гит хүн Обед-едомын гэрт гурван сар байжээ. ЭЗЭН, Обед-Едомыг болон хамаг гэрийнхнийг нь ерөөв. 12 Давид хаанд —Бурханы авдрын төлөө ЭЗЭН, Обед-Едомын гэр болон түүнд харьяалагддаг хамаг юмыг ерөөсөн гэж мэдэгдлээ. Тиймээс Давид явж, Бурханы авдрыг Обед-Едомын гэрээс Давидын хотод баяр хөөртэйгөөр авч ирэв. 13 ЭЗЭНий авдрыг дамжлагч хүмүүс зургаан алхам яваад байхад Давид үхэр ба тарган тугалаар тахил өргөв. 14 Давид, ЭЗЭНий өмнө хамаг чадлаараа бүжиглэв. Давид маалинган ефод бүсэлсэн байлаа. 15 Ийнхүү Давид болон Израилийн хамаг гэр уухайлан эвэр бүрээ хүнгэнүүлсээр ЭЗЭНий авдрыг авч иржээ. 16 ЭЗЭНий авдар Давидын хотод орж ирэх үед Саулын охин Михал цонхоор харж, Давид хааныг ЭЗЭНий өмнө цовхчин бүжиглэхийг хараад зүрх сэтгэлдээ түүнийг басамжлав. 17 Ингээд тэд ЭЗЭНий авдрыг дотогш авчран Давидын зориулан босгосон майхны голд байранд нь заллаа. Давид ЭЗЭНий өмнө шатаалт тахил болон эвийн тахилуудыг өргөв. 18 Давид шатаалт тахил болон эвийн тахилыг өргөж дуусаад түг түмдийн ЭЗЭНий нэрээр ард олныг ерөөв. 19 Цаашлаад тэр хамаг ард олон, эрэгтэй ба эмэгтэй гэлтгүй Израилийн бүх олон түмэнд хишиг хүртээн хүн бүрд нэг талх, хэсэг мах, үзэмтэй боов өгөв. Дараа нь хамаг ард олон гэр гэртээ харилаа. 20 Харин Давид гэр бүлийнхнээ ерөөхөөр буцаж ирэхэд Саулын охин Михал Давидын өөдөөс гарч ирээд —Израилийн хаан өнөөдөр ямар их онцгойров? Мунхаг хүмүүсийн нэг нь ичгүүргүйгээр нүцгэлдгийн адил өнөөдөр тэр зарц нарынхаа шивэгчингүүдийн нүдэн дээр нүцгэллээ гэв. 21 Ингэхэд Давид, Михалд —ЭЗЭНий өмнө энэ нь байсан билээ. Чиний эцэг болон түүний хамаг гэрийн дээгүүр намайг сонгож, ЭЗЭНий ард түмэн болох Израилийн ноён болгож томилсон ЭЗЭНий өмнө би наадах л болно. 22 Би үүнээс илүү доромжлогдож, өөрийн нүдэнд дорд харагдсан ч, харин чиний ярьсан тэр шивэгчингүүдэд хүндлэгдэх болно гэв. 23 Саулын охин Михал насан эцэс болтлоо үр хүүхэдгүй байв. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)