2Самуел 3 - Ариун Библи 2013Абнер Давидад урвав 1 Саулын гэр болон Давидын гэрийн хооронд урт удаан дайн үргэлжлэв. Давид хүчирхэгжин хүчирхэгжсээр, харин Саулын гэр доройтон доройтсоор байлаа. 2 Хебронд Давидын хөвгүүд төрөв. Ууган хүү нь иезреел эмэгтэй Ахиноамаас төрсөн Амнон. 3 Удаах хүү нь кармел хүн Набалын бэлэвсэрсэн эхнэр Абигаилаас төрсөн Хилеаб. Гурав дахь хүү нь Гешурын хаан Талмаин охин Маахагийн хүү Абсалом юм. 4 Дөрөв дэх хүү нь Хаггитаас төрсөн Адониа, тав дахь хүү нь Абиталаас төрсөн Шефатиа, 5 зургаа дахь хүү нь Давидын эхнэр Еглагаас төрсөн Итреам юм. Тэд Давидын хөвгүүд болж Хебронд төрсөн билээ. 6 Саулын гэр болон Давидын гэрийн хооронд дайн болох зуур Абнер Саулын гэрт зоригтойгоор туслан дэмжиж байв. 7 Саулд Ризпа гэдэг татвар эм байсан бөгөөд тэр нь Аиагийн охин байв. Иш-бошет, Абнерт —Чи яагаад эцгийн минь татвар эм дээр ороод байна? гэв. 8 Абнер, Иш-бошетын үгэнд ихэд уурлаж —Иудад зүтгэдэг нохойн толгой юм уу, би? Өнөөдөр би чиний эцэг Саулын гэр, түүний ах дүүс ба нөхдөд энэрэл хайраа илэрхийлж, та нарыг Давидын гарт тушаагаагүй атал, чи өнөөдөр тэр эмээс болж намайг хилэнцтэй гэж буруушааж байна. 9 Тиймээс ЭЗЭН, Давидад юу тангарагласныг хэрэв би түүнд эс гүйцэлдүүлэх аваас Абнерыг Бурхан шийтгэг, бүр ч илүүг үйлдэг. 10 Тэрээр Саулын гэрээс хаанчлалыг булаан авч, Давидын хаан ширээг Данаас Беершеба хүртэл, Израиль болон Иудагийн дээр тогтоох болно гэв. 11 Иш-бошет Абнераас айж байсан учир Абнерт ганц ч үг хариулж зүрхэлсэнгүй. 12 Дараа нь Абнер өөрийн элч нарыг Давид уруу илгээж —Энэ газар хэнийх вэ? Надтай гэрээгээ байгуулагтун. Тэгвэл бүх Израилийг танд авчрахад миний гар тантай хамт байх болно гэж хэлүүлэв. 13 Давид —Болж байна! Би чамтай гэрээ байгуулъя. Гэхдээ нэг зүйлийг чамаас би шаардаж байна. Чи миний нүүрийг харахаар ирэхдээ Саулын охин Михалыг дагуулж авчрахаас нааш миний нүүрийг харах ёсгүй гэв. 14 Тэгээд Давид Саулын хүү Иш-бошетэд элч нарыг илгээн —Филистчүүдийн зуун тээрхийн арьсаар сүй тавьсан миний эхнэр Михалыг надад өгөгтүн гэж хэлүүлэв. 15 Иш-бошет хүн илгээж, тэр эмэгтэйг түүний нөхөр, Лаишийн хөвгүүн Палтиелаас авахуулав. 16 Харин нөхөр нь тэр эмэгтэйг уйлан дагаж Бахурим хүртэл явжээ. Тэгээд Абнер түүнд —Яв, буцагтун гэсэнд тэр буцав. 17 Абнер Израилийн ахмадуудтай хэлэлцээр хийж —Та нар эртнээс Давидыг өөрсдийн хаан болгохыг хүсэж байжээ. 18 Одоо үүнийгээ биелүүлэгтүн. Учир нь ЭЗЭН, Давидын талаар “Зарц Давидынхаа гараар би Өөрийн ард түмэн Израилийг филистчүүдийн гараас бас хамаг дайсных нь гараас аварна” гэж айлдсан билээ гэв. 19 Абнер мөн бениаминчуудад ч хандан ярив. Тэгээд тэрээр Хебронд буй Давидын чихэнд Израиль болон Бениамины хамаг гэрийнхэн үүнийг хийхэд бэлэн байна гэдгийг дуулгахаар явлаа. 20 Абнер хорин хүнийг дагуулан Хебронд буй Давид уруу иржээ. Абнер болон түүний хамт буй хүмүүст зориулан Давид найр хийв. 21 Абнер, Давидад —Босон явж, хамаг Израилийг эзэн хаандаа хурааж ирэхийг надад зөвшөөрөөч. Тэд тантай гэрээ байгуулж, та сэтгэлдээ хүсэмжилсэн бүхнээ хаанчлах болтугай гэв. Ийнхүү Давид, Абнерыг илгээсэнд тэр амар тайван гарч одлоо. Абнерыг Иоаб хөнөөв 22 Тэгэхэд, харагтун, Давидын зарц нар болон Иоаб аян дайнаас их олзтой буцаж ирэв. Гэвч Давид, Абнерыг явуулсан ба тэрээр амар тайван явж одсон тул Абнер Давидын хамт Хебронд байсангүй. 23 Иоаб болон түүнтэй хамт байсан бүх цэрэг буцаж ирэхэд хүмүүс түүнд —Нерийн хүү Абнер хаан уруу ирээд, хаан Абнерыг явуулсанд тэр амар тайван явав гэж хэлэв. 24 Тэгэхэд Иоаб хаанд бараалхан —Та юу хийчих нь энэ вэ? Харагтун, Абнер тан дээр ирсэн атал, яагаад та түүнийг саадгүй явж одохоор суллачихав. 25 Нерийн хүү Абнерыг та мэднэ шүү дээ. Тэр таныг мэхэлж, орж гаран дайтахыг тань харуулдан, хийж байгаа бүхнийг тань мэдэхийн тулд ирсэн билээ гэв. 26 Иоаб, Давидын өргөөнөөс гараад, Абнерын араас элч нарыг илгээн тэд түүнийг Сирагийн худгаас буцааж авчрав. Гэвч Давид үүнийг мэдсэнгүй. 27 Ингээд Абнерыг Хебронд буцаж ирэхэд, Иоаб түүнтэй хувьчлан ярихаар түүнийг хаалга уруу зайдуу аваачиж, өөрийн дүү Асахелын цусны төлөө хэвлий уруу нь дүрж алав. 28 Давид сүүлд нь энэ тухай сонсоод —Нерийн хүү Абнерын цусны тухайд би болоод миний хаанчлал ЭЗЭНий өмнө мөнхөд гэмгүй. 29 Түүний цус нь Иоабын толгой дээр болон эцгийнх нь бүх гэрийн дээр буух болтугай. Шүүрдэстэнгүүд, уяман өвчтөнүүд, таяг тулагчид, илдэнд цохигдон унагсад, талхаар дутагсад Иоабын гэрээс бүү салаг гэв. 30 Абнер дүү Асахелыг нь Гибеоны тулалдаанд алсан тул Иоаб болон түүний дүү Абишаи нар Абнерыг цохисон ажээ. 31 Давид тэгээд Иоаб ба түүнтэй хамт байсан хамаг ард олонд —Хувцсаа урж, таар өмсөн Абнерын өмнө гашуудагтун гэв. Давид хаан өөрөө авсны араас алхлаа. 32 Ингээд тэд Абнерыг Хебронд нутаглуулав. Абнерын булшин дээр хаан чангаар уйлж, хамаг ард олон ч уйлалдав. 33 Хаан Абнерт зориулан гашуудлын дууг дуулж, —Мунхгийн үхлээр Абнер үхэх ёстой байв уу? 34 Гар чинь гавлагдаагүй, Хөл чинь дөнгөлөгдөөгүй ч Хорон мууг үйлдэгчийн өмнө унадагчлан чи унав гэв. Хамаг ард олон түүний төлөө улам ихээр гашуудан уйлалдав. 35 Дараа нь өдрийн цаг байсаар атал Давидад талх дөхүүлж өгөхөөр хамаг ард олон ирэв. Харин Давид —Хэрэв нар жаргахаас өмнө би талх эсвэл ямар нэгэн юмыг амсвал намайг Бурхан шийтгэг, бүр илүүг үйлдэг! гэж тангараглав. 36 Хамаг ард олон үүнийг ажиглав. Хааны үйлдсэн хамаг хэрэг ардуудын таалалд нийцдэг байсны адилаар энэ нь ч мөн тэдний таалалд нийцэв. 37 Ингээд Нерийн хүү Абнерыг алах нь хааны хүсэл байгаагүй юм байна гэдгийг хамаг ард олон болон бүх Израиль даяар тэр өдөр мэдэцгээлээ. 38 Дараа нь хаан зарц нартаа —Өнөөдөр Израильд ноён болоод агуу хүн уналаа гэдгийг та нар мэдэхгүй байна уу? 39 Зеруиагийн хөвгүүд болох эдгээр хүмүүс надаас хатуу байхад, тослогдсон хаан атал би харин өнөөдөр дорой байна. Бузар мууг үйлдэгч нэгэнд муу үйлийнх нь дагуу ЭЗЭН хүртээх болтугай гэв. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)