2Самуел 22 - Ариун Библи 2013Давидын талархлын дуу ( Дуу 18 ) 1 ЭЗЭН өөрийг нь хамаг дайснуудаас нь мөн Саулын гараас аварсан тэр өдөр Давид энэ дууг ЭЗЭНд дуулав. 2 Тэр ийнхүү дуулав. —ЭЗЭН бол миний хад, миний бэхлэлт, Миний аврагч, 3 Миний Бурхан, миний хоргодох хад, Миний бамбай, миний авралын эвэр, Миний цайз, миний хоргодох газар, миний аврагч, Та намайг балмад явдлаас хамгаалдаг билээ. 4 Магтуулах учиртай ЭЗЭНийг би дуудаад Дайснуудаасаа би аврагдсан. 5 Үхлийн давалгаа намайг хүрээлж Мөхлийн урсгал намайг дайрч, 6 Үхэгсдийн орны уяа намайг хэрж Үхлийн урхинууд миний өмнө тулгарахад, 7 Зовлон шаналан дотроо ЭЗЭНийг би дуудаж Бурхандаа би хашхирсан. Тэрээр сүмээсээ дуу хоолойг минь сонсож, Түүний сонорт хашхираан минь очсон билээ. 8 Түүнийг хилэгнэхэд газар хөдлөв. Тэнгэрийн суурь ч доргив. 9 Хамраас нь утаа суунаглаж, Амнаас нь цөлмөгч гал гарч, Цогшсон нүүрс асан дүрэлзэж байв. 10 Тэнгэрсийг бөхийлгөж, Түнэр харанхуйг хөлдөө дэвссээр Тэр бууж ирэв. 11 Херуб хөлөглөн, салхин жигүүрээр дүүлэн нисэв. 12 Ус хураасан өтгөн үүлсийг Өөрийгөө тойруулсан харанхуйн бүрхүүл болгов. 13 Түүний өмнөх гялбаанаас нүүрс асан шатав. 14 ЭЗЭН, тэнгэрээс аянга цахилуулан Хамгийн Дээд Нэгэн нь дуугаа хүнгэнүүлэв. 15 Тэрээр сум тавьж, тэднийг бутрааж, Аянга гялбуулж, тэднийг бут ниргэсэн. 16 ЭЗЭНий зэмлэлд хийгээд Хамрынх нь амьсгалын хүчит цохилтоор Далайн ёроол үзэгдэж, Ертөнцийн сууриуд ил гарав. 17 Тэр дээрээс сунган, Намайг авч, их уснаас татан гаргав. 18 Тэр намайг хүчит дайснаас минь Намайг үзэн ядагчдаас аврав. Учир нь тэд миний хувьд үлэмж хүчтэй байв. 19 Тэд миний зовлонт өдөр надтай тулгарсан. Гэвч ЭЗЭН миний түшиг байлаа. 20 Тэр намайг таалсан учир Намайг уудам газарт авчран аварсан билээ. 21 Зөв шударга явдлын минь дагуу Намайг ЭЗЭН шагнаж Гар минь цэвэр ариун байсны төлөө намайг урамшуулав. 22 Учир нь би ЭЗЭНий замыг баримталсан, Бурууг үйлдэж Бурханаасаа салаагүй. 23 Бүх тогтоол нь миний өмнө байсан Би зарлигуудаас нь эргээгүй билээ. 24 Би Түүний өмнө гэм зэмгүй байж нүглээс өөрийгөө хол байлгав. 25 Түүний мэлмийн өмнө би зөв шударга бөгөөд цэвэр ариун байсан тул ЭЗЭН надад хариулсан юм. 26 Итгэмжтэнд итгэмжээ үзүүлдэг Та, гэм зэмгүйд гэмгүй л ханддаг. 27 Цэвэр ариунд Та цэврээ, Цэх шударга биш хүнд Та тэрс байдлаа харуулдаг. 28 Дорой ядууг Та авардаг Таны харц ихэмсгүүдийг номхтгодог. 29 ЭЗЭН минь, Та миний дэнлүү билээ. Миний харанхуйг ЭЗЭН гэрэлтүүлдэг билээ. 30 Танаар би их цэргийг дайрч, Бурхандаа түшиглээд би хэрмийг давж чаддаг. 31 Бурханы зам төгс төгөлдөр юм. ЭЗЭНий амлалт шалгагдсан билээ. Түүнд хоргоддог бүхэнд Тэрээр бамбай болдог. 32 ЭЗЭНээс өөр хэн Бурхан юм бэ? Бидний Бурханаас өөр хэн хад юм бэ? 33 Хүч чадлаар намайг бүсэлдэг Бурхан Замыг минь төгс болгодог. 34 Тэр хөлийг минь гөрөөснийх мэт болгон, Намайг өндөрлөг газарт аюулгүй суулгадаг. 35 Тэр гарыг минь тулалдаанд бэлтгэдэг. Ингэснээр гар шуу минь хүрэл нумыг тахийлгаж чаддаг. 36 Та авралынхаа бамбайг надад өгсөн билээ. Таны тусламж намайг агуу болгосон билээ. 37 Та алхааг минь өргөсгөдөг Тиймээс хөл минь халтирсангүй. 38 Би дайснаа хөөж устган тэднийг сөнөх хүртэл нь эргэж буцсангүй. 39 Тэднийг би цөлмөв. Тэднийг би сөнөөв. Тиймээс тэд миний хөл доор унасан билээ. 40 Тулалдахад минь Та намайг хүч чадлаар зэвсэглэж, Намайг эсэргүүцэн босогчдыг миний доор хөсөр унагав. 41 Та дайснуудын минь нурууг надад харуулав. Намайг үзэн ядагчдыг би устгав. 42 Тэд харуулдавч, аврах хэн ч байсангүй. Тэд ЭЗЭНд хашхирсан боловч, Тэр хариу өгсөнгүй. 43 Би тэднийг газрын тоос шороо мэт бутаргав Би тэднийг гудамжны шавхай мэт нухчин дэвслэв. 44 Та намайг ард олны минь маргаанаас аварч, Намайг үндэстнүүдийн тэргүүн байлгасаар байв. Миний үл мэдэх хүмүүс ч надад үйлчлэв. 45 Гаднынхан над дээр хулмалзсаар ирж, Намайг сонсмогцоо тэд үг дуугүй дагадаг. 46 Гаднынхан зүрх алдсаар Бат цайзуудаасаа чичрэн гарч ирдэг. 47 ЭЗЭН амьд! Ерөөгдөх болтугай, миний хад! Авралын минь хад Бурхан өргөмжлөгдөх болтугай! 48 Миний төлөө өшөө авдаг Бурхан, Хүмүүсийг миний дор оруулдаг. 49 Намайг дайснуудаас минь гарган авчирдаг. Эсэргүүцэгчдийн минь дээгүүр Намайг Та өргөдөг юм. Хүч хэрэглэгчдээс Та намайг аварсан билээ. 50 Тиймээс ЭЗЭН Танд үндэстнүүдийн дундаас талархлыг өргөж, Таны нэрийг би магтан дуулна. 51 Тэр Өөрийнхөө хаанд авралын цамхаг бөгөөд Өөрийнхөө тосолсон нэгэнд, Давид болон түүний үр удамд хайр өршөөлийг үүрд мөнх үзүүлдэг гэж дуулав. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)