2Самуел 14 - Ариун Библи 2013Абсалом Иерусалимд эргэж ирэв 1 Хааны зүрх Абсаломын хойноос санаашран буйг Зеруиагийн хүү Иоаб ойлгов. 2 Ингээд Иоаб Текоа уруу хүн явуулж тэндээс онцгой ухаалаг эмэгтэйг авчруулаад түүнд —Чи гашуудаж буй хүний дүр үзүүлж, гашуудлын хувцас өмсөж, биедээ тос түрхэлгүй, харин өөд бологчийн араас олон өдөр гашуудаж буй эмэгтэй мэт бологтун. 3 Тэгээд хаан дээр очиж ийм үгийг айлтгагтун гэв. Ингээд Иоаб тэр эмэгтэйн аманд хэлэх үгсийг нь хийж өгөв. 4 Текоагийн эмэгтэй хаанд айлтгахдаа, нүүрээрээ газар унаж мөргөөд —Тусалж хайрла, хаантан минь гэв. 5 Хаан өнөөх эмэгтэйгээс —Юунд вэ? гэж асуухад эмэгтэй —Үнэндээ би бэлэвсэн эмэгтэй, нөхөр минь өөд болсон билээ. 6 Шивэгчин тань хоёр хүүтэй байсан бөгөөд тэр хоёр хээр талд хоорондоо тэмцэлдэхэд тэднийг салгах хүн нэг ч байгаагүй. Тиймээс нэг нь нөгөөгөө цохиж алав. 7 Харагтун, бүх л гэрийнхэн маань шивэгчин миний эсрэг босоцгоож, “Ах дүүгээ алсан хүнийг бидэнд өгөгтүн. Алагдсан ах дүүгийнх нь амийн төлөө бид түүнийг алж бас энэ гэрийн удмыг тасалъя” гэцгээв. Ингэснээр тэд надад үлдсэн ганц очийг минь бөхөөж, хөрст дэлхий дээр нөхрөөс минь нэрийг нь ч, үр удмыг нь ч үлдээхгүй болгох юм гэж айлтгав. 8 Тэгэхэд хаан эмэгтэйд —Гэртээ харь. Чиний талаар би зарлиг буулгах болно гэж хэлэв. 9 Харин Текоагийн эмэгтэй, хаанд —Хаан эзэн минь ээ, хилэнц нь над дээр болон эцгийн минь гэр дээр бууг. Харин хаан хийгээд түүний сэнтий нь гэмгүй гэв. 10 Хаан түүнд —Чамд хэн үг хэлнэ, түүнийг над дээр авчрагтун. Тэр цаашид чамд гар хүрэхгүй гэж хэлэв. 11 Тэгэхэд өнөөх эмэгтэй —Гуйж байна. Хаан та өөрийн Бурхан ЭЗЭНээ санах болтугай. Ингэснээр цусан өшөө авагч садан нь сүйтгэх ажилаа үргэлжлүүлэхээ больж хүүг минь хөнөөхгүй байж магад гэхэд хаан —ЭЗЭН амьд! Хүүгийн чинь толгойн ширхэг ч үс газар бүү унаг гэв. 12 Тэгтэл тэр эмэгтэй —Өөрийн эзэн хаанд ганц үг айлтгахыг шивэгчин надад зөвшөөрч хайрла гэсэнд хаан —Айлтгагтун! гэжээ. 13 Эмэгтэй —Юунд та Бурханы ард түмний эсрэг ийм зүйлийг сэтгэнэ вэ? Учир нь хөөсөн хүнээ буцааж авчирдаггүй тул хаан та ингэж хэлснээрээ өөрийгөө ялтан болгож байна. 14 Учир нь бид үхнэ, үхэх нь гарцаагүй бөгөөд газарт асгараад, дахин цуглуулах аргагүй устай адил юм. Гэлээ ч Бурхан амь тасалдаггүй, харин хөөгдсөн нэгнээ Өөрөөсөө хөөн зайлуулахгүйн тулд арга замуудыг төлөвлөдөг. 15 Хүмүүс намайг айлган сүрдүүлснээс болж би энэ хэргийг хаан эзэндээ хэлэхээр ирсэн билээ. Тиймээс таны шивэгчин би “Хаантанд хэлж үзье. Хаантан шивэгчнийхээ хүслийг биелүүлж магад. 16 Учир нь хаантан сонсож, намайг болон хүүг минь Бурханы өвөөс таслан устгах хүний гараас шивэгчнээ аврах болно” гэсэн юм. 17 Тэгээд шивэгчин тань “Эзэн хааны минь үг намайг тайтгаруулах болтугай. Миний эзэн хаан Бурханы тэнгэрэлч мэт, сайн мууг ялгадаг билээ. Таны Бурхан ЭЗЭН тантай хамт байх болтугай” гэж хэлсэн билээ гэв. 18 Тэгэхэд хаан өнөөх эмэгтэйд хариулан —Миний асуух зүйлсээс юуг ч надаас бүү нуугаарай гэв. Эмэгтэй —Хаан эзэн минь, хэлэгтүн гэв. 19 Ингээд хаан —Энэ бүгдэд Иоабын гар хамт оролцсон уу? гэхэд эмэгтэй хариулан —Хаан эзэн минь, таны бие амьд! Хаан эзний минь хэлснээс хэн ч баруун, зүүн тийш эргэшгүй билээ. Үнэхээр таны зарц Иоаб надад тушааж, хэлэх энэ бүх үгсийг шивэгчинд тань зааж өгсөн билээ. 20 Энэ хэргийн өнгө төрхийг өөрчлөхийн тулд таны зарц Иоаб ийм зүйлийг үйлдэв. Харин миний эзэн Бурханы тэнгэрэлчийн ухаан мэт онцгой ухаантай бөгөөд энэ газар дээрх бүх зүйлийг мэддэг билээ гэв. 21 Тэгэхэд хаан Иоабт —Харагтун, би үүнийг үйлдье. Тиймээс явж, залуу Абсаломыг буцааж авчрагтун гэв. 22 Иоаб нүүрээрээ газар унан мөргөж, хааныг ерөөв. Тэгээд Иоаб —Хаан эзэн минь ээ, боолынхоо хүсэлтийг биелүүлж өгсөн тул өнөөдөр таны боол би нүдэнд тань тааллыг олсноо мэдлээ гэв. 23 Ингээд Иоаб босоод, Гешур уруу явж, Абсаломыг Иерусалимд буцааж авчрав. 24 Харин хаан —Түүнийг гэрт нь хариул, нүүрийг минь бүү хараг гэж хэлэв. Ингээд Абсалом хааны нүүрийг ч үзэлгүй гэртээ харив. Давид Абсаломыг уучлав 25 Тэгтэл бүх Израилийн хаана нь ч Абсаломтай адил тийм сайхан гэж магтагдах хүн үгүй байв. Хөлийн улнаас толгой дээрх титэм хүртэл нь түүнд өө сэв байсангүй. 26 Тэр толгойгоо хусуулахдаа (хүнддээд байдаг тул жил бүрийн сүүлчээр хусуулж) үсээ хааны хэмжүүрээр хэмжихэд хоёр зуун шекел болдог байж. 27 Абсаломд гурван хөвгүүн, нэг охин төрөв. Охины нэрийг Тамар гэдэг байсан бөгөөд үзэсгэлэн гоо дүр төрхтэй байв. 28 Ингээд Абсалом Иерусалимд бүтэн хоёр жил амьдрахдаа хааны царайг нэг ч удаа харсангүй. 29 Дараа нь Абсалом Иоабыг хаан уруу илгээхээр түүнд хүн явуулсан боловч тэр ирсэнгүй. Тиймээс Абсалом дахин хоёр дахь удаагаа хүн явуулахад ч Иоаб ирэхгүй л байв. 30 Тиймээс Абсалом зарц нартаа —Хар даа, Иоабын тариалангийн талбай миний талбайн хажууд байдаг бөгөөд тэнд арвай тарьсан байна. Явж, түүнийг нь галдан шатаагтун гэхэд Абсаломын зарц нар Иоабын тариалангийн талбайд гал тавив. 31 Тэгэхэд Иоаб босож, Абсаломын гэрт ирэн түүнд —Чиний зарц нар юунд миний тариалангийн талбайг галдан шатаав? гэв. 32 Абсалом, Иоабт —Харагтун, би танд хүн явуулж, “Таныг хаанд илгээн «Юунд намайг Гешураас буцааж ирүүлэв? Тэнд байх нь надад дээр юм» гэж хэлүүлэхээр энд ирэгтүн” гэж танд хэлүүлсэн бус уу? Тиймээс одоо би хааны царайг харж, хэрэв надад хилэнц байваас тэр намайг алах болтугай гэв. 33 Иймээс Иоаб хаан дээр очин айлтгасанд хаан, Абсаломыг дуудаж ирүүлэв. Абсалом, хаанд бараалхаж хааны өмнө нүүрээрээ газар унан мөргөхөд хаан, Абсаломыг үнсэв. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)