2Коринт 12 - Ариун Библи 2013Паулын үзсэн үзэгдэл ба илчлэл 1 Сайрхах нь ашиггүй ч, зайлшгүй байна. Учир нь би Эзэний үзэгдэл болон илчлэлүүдийн тухай хэлэх гэсэн юм. 2 Би Христ дотор нэгэн хүнийг мэднэ. Тэр арван дөрвөн жилийн өмнө гурав дахь тэнгэрт аваачигдсан юм. Бие дотроо юу эсвэл биеэсээ ангид уу гэдгийг нь би мэдэхгүй, Бурхан мэднэ. 3 Би тийм хүнийг мэдэх ч, бие дотроо юу эсвэл биеэсээ ангид уу гэдгийг нь мэдэхгүй, харин Бурхан, 4 диваажинд аваачигдсаныг нь болон хүний илэрхийлшгүй, хэлж боломгүй үгсийг сонссоныг нь мэднэ. 5 Би тэр хүнээр сайрхах болно. Харин өөрөөрөө бол мөхөсдөлөөсөө бусдаар сайрхахгүй. 6 Би сайрхахыг хүсвэл мунхаг болохгүй. Учир нь би үнэнийг ярина. Гэвч хэн нэгэн нь надаас хардаг буюу сонсдогоосоо илүүгээр намайг хэтрүүлж үнэлэх вий гэсэндээ би үүнээс түдгэлздэг юм. 7 Мөнөөх агуу гайхамшигт илчлэлүүдээс болж махбодод минь өргөс өгөгдөж, өөрийгөө хэт дөвийлгөхөөс сэргийлж намайг Сатаны зарлага элч дэлссэн аж. 8 Үүнийг надаас ангижруулж өгөөч гэж энэ талаар би Эзэнээс гурвантаа хүсэмжлэн гуйсан юм. 9 Тэр надад “Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөсдөлд [Миний] хүч бүрэн төгс болдог” гэж айлдсан. Иймд Христийн хүч надад орших тул би ихэд баяртайгаар мөхөсдөлөөрөө илүү сайрхана. 10 Иймд Христийн төлөө мөхөсдөл, доромжлол, гачигдал, хавчлага, шахалтдаа би баяртай байна. Учир нь би хэзээ мөхөсдөнө, тэр үедээ хүчтэй байдаг. Паул коринтчуудын төлөө сэтгэл зовнисон нь 11 Би мунхаг болжээ. Та нар өөрсдөө намайг ийм байдалд хүргэсэн шүү дээ. Үнэндээ та нар намайг магтах ёстой байсан. Учир нь би хэн ч биш боловч тэдгээр “онцгой” элч нараас дутах зүйл надад үгүй. 12 Элчийн шинж тэмдгүүд нь бүхий л тэвчээр, тэмдэг, гайхамшиг хийгээд хүч дор та нарын дунд илэрсэн юм. 13 Юугаараа та нар бусад чуулгануудаас дутуу юм бэ? Би та нарт яршиг болоогүйгээр үү? Энэ бурууг минь уучлаарай. 14 Одоо би та нар дээр гурав дахь удаагаа очиход бэлэн болоод байна. Би та нарын юмсыг бус харин та нарыг хайдаг тул та нарт яршиг болохгүй. Учир нь хүүхдүүд нь эцэг эхдээ бус, харин эцэг эх нь хүүхдүүддээ баялгийг хураах ёстой. 15 Би та нарын сүнсний төлөө ихэд баяртайгаар зарж үрэх бөгөөд өөрийгөө ч гэсэн үрэх болно. Хэрэв би та нарыг илүү хайрлавал өөрөө бага хайрлагдах уу? 16 Тийм болог. Би та нарыг дарамтлаагүй. Гэсэн хэдий ч намайг зальтай учраас өөрсдийг чинь мэхэлж авсан хэмээдэг. 17 Би та нар уруу илгээсэн хүмүүсийнхээ хэн нэгээр нь дамжуулан та нарыг завшсан гэж үү? 18 Би Титийг гуйж, түүний хамт нэгэн дүүг илгээсэн. Тит та нарыг завшсан уу? Бид нэг сүнсээр үйлдээгүй, нэг мөрөөр яваагүй гэж үү? 19 Бид өөрсдийгөө та нарын өмнө хамгаалж байна хэмээн та нар хэдийнээ бодож байна уу? Бид Бурханы өмнө Христ дотор ярьж байгаа бөгөөд хайртууд аа, энэ бүгд та нарыг босгон байгуулахын тулд юм. 20 Би та нар дээр очиход та нар хүссэнээр минь бус, би та нарын хүссэнээр чинь бус байх вий гэхээс айж байна. Эвдрэлцэл, атаархал, уур хилэн, маргаан, гүтгэлэг, цуурхал, их зан, үймээн самуун бүү байгаасай. 21 Мөн дахин очиход минь миний Бурхан намайг та нарын өмнө гутааж, урьд нь нүгэл үйлдэн, ариун бус байдал, садар самуун, тачаангуй байдалдаа үл гэмшсэн эдгээр олноос болж би харуусах вий гэхээс айж байна. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)