Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

2Коринт 11 - Ариун Библи 2013


Паул ба хуурамч элч нар

1 Өчүүхэн мунхаглалыг минь та нар тэвчээрэй. Намайг та нар тэвчдэг шүү дээ.

2 Бурханы хардалтаар би та нарыг хардаж байна. Учир нь би та нарыг Христийн өмнө ариун онгон охин мэт аваачих гэж ганц нөхөртэй сүй тавиулсан.

3 Могой, залиараа Еваг мэхэлсэн шигээ Христ дор [цэвэр] эгэл байдлаас чинь та нарын санаа бодлыг төөрүүлчих вий гэхээс би харин айж байна.

4 Учир нь хэрэв хэн нэг нь очоод, бидний тунхагласнаас өөр Есүсийг тунхаглахад эсвэл хүлээн авсан хэн нэгнээсээ та нар өөр сүнсийг хүлээн авахад эсвэл хүлээн авсан хэн нэгнийхээ өөр сайнмэдээг та нар хангалттай тэвчдэг.

5 Харин тэдгээр “онцгой” элч нараас дутах зүйл надад үгүй гэж би бодож байна.

6 Хэдийгээр би үг ярианд дадаагүй ч, мэдлэгээрээ тийм биш ээ. Үүнийг бид бүх юмсаар, тал бүрээр та нарт илчилсэн.

7 Та нарыг өргөмжлөхийн тулд өөрийгөө дорд болгож, Бурханы сайнмэдээг та нарт үнэгүй тунхагласнаараа би нүгэл үйлдсэн хэрэг үү?

8 Та нарт үйлчлэхийн тулд би бусад чуулгануудыг цөлмөж, хөлс авч байсан.

9 Би та нар дээр байхдаа юмаар дутаж байсан ч хэнд ч яршиг болоогүй. Македониос ирсэн ах дүүс хэрэгцээг минь хангаж байсан. Алив зүйлээр та нарт дараа болохгүйн тулд би өөрийгөө хичээж байсан бөгөөд хичээх ч болно.

10 Христийн үнэн дотор минь байхад Ахайн нутгуудад ч сайрхал минь намжихгүй.

11 Яагаад? Би та нарыг хайрладаггүй учраас уу? Бурхан мэднэ.

12 Гэвч би юу хийж байгаагаа үргэлжлүүлэн хийнэ. Энэ нь сайрхаж, түүгээрээ бидэнтэй адил харагдах гэсэн боломжийг хайгч тэдгээр хүмүүст тэр боломжийг нь олгохгүйн тулд юм.

13 Учир нь тэд хуурамч элч нар, зальтай ажилчид, Христийн элч нар болж хувирагсад.

14 Гайхах юм алга. Сатан хүртэл өөрийгөө гэрлийн тэнгэрэлч болгон хувиргадаг.

15 Тиймээс хэрэв түүний үйлчлэгчид бас өөрсдийгөө зөвт байдлын үйлчлэгчид болгож хувиргах аваас энэ нь гайхмаар юм биш аж. Тэдний төгсгөл үйлсийнх нь дагуу байх болно.


Элч Паулын зовлон

16 Би дахин хэлье. Хэн ч намайг мунхаг гэж бүү бод. Хэрэв тэгж бодлоо гэхэд намайг мунхаг мэтээр хүлээн ав. Учир нь би жаахан сайрхмаар байна.

17 Миний ярьж байгаа нь Эзэний эрх мэдлээр бус, харин сайрхлын мунхаглалаар юм.

18 Олноороо махбодын дагуу сайрхдаг тул би ч бас сайрхана.

19 Учир нь та нар ухаалаг атлаа мунхгуудыг дуртайяа тэвчдэг.

20 Учир нь хэн нэгэн хүн та нарыг боолчилж, цөлмөж, завшиж, өөрийгөө өргөмжилж, нүүрэн дундуур чинь дэлсээд авсан ч та нар тэвчдэг.

21 Энэ тал дээр бид мөхөс байсан гэдгээ би ичин байж хэлж байна. Харин хэн ч зориглодог юманд, би мунхаглан хэлье, би ч зориглоно.

22 Тэд еврейчүүд үү? Би ч бас. Тэд израильчууд уу? Би ч бас. Тэд Абрахамын үр удам уу? Би ч бас.

23 Тэд Христийн үйлчлэгчид үү? (Би ухаангүй мэт ярьж байна.) Би бүр ч илүү. Зүдэл зүтгэлээрээ ч илүү, хоригдсоноороо ч илүү бөгөөд тоо томшгүй жанчуулж, үргэлж үхлийн аюулд байлаа.

24 Иудейчүүд намайг таван удаа гучин ес ташуурдсан.

25 Намайг саваагаар гурвантаа жанчиж, нэг удаа над уруу чулуу шидэцгээж байв. Гурван удаа би усан онгоцны сүйрэлд өртөж, гүн тэнгист өдөр шөнийг өнгөрөөж байлаа.

26 Ахин дахин аялахдаа, гол усны аюул, дээрэмчдийн аюул, овог нэгтний аюул, харийнхны аюул, хот дахь аюул, цөл дэх аюул, тэнгис дэх аюул, хуурамч ах дүүсийн дундах аюул,

27 зүдэл зүтгэл, дараа дарамт, байнгын нойр дутал, өлдөл цангал, үргэлжийн мацаг, ноорол нүцгэрэл, даарал хөрөлд байлаа.

28 Энэ бүгдээс гадна би өдөр бүр бүх чуулгануудын төлөө зовних дарамтад байна.

29 Мөхөсдөөд байгаа хэний төлөө би мөхөсдөөгүй гэж? Бүдрээд байгаа хэний төлөө би шатаагүй гэж?

30 Сайрхах ёстой бол би мөхөсдөлөөрөө сайрхана.

31 Үүрд мөнхөд магтагдах Бурхан, Эзэн Есүсийн Эцэг, худал яриагүйг минь мэднэ.

32 Дамаскт Арет хааны захирагч намайг баривчлах гэж дамаскчуудын хотыг цагдаж байсан.

33 Би хунзан дотор, цонхоор хэрэм дагуу буулгуулж түүний гараас мултарсан юм.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan