2Хаад 6 - Ариун Библи 2013Сүхний толгойг олсон гайхамшиг 1 Эш үзүүлэгч хөвгүүд Елишад —Харагтун, тантай хамт бидний амьдарч байгаа газар бидэнд маш давчуу юм. 2 Биднийг Иордан уруу явуулаач. Бидний хүн бүр тэндээс гуалин мод авч, өөрсдөдөө амьдрах газрыг тэнд баръя гэлцсэнд Елиша —Явцгаа гэж хариулжээ. 3 Тэгэхэд нэг нь —Зарц нартайгаа хамт явж таалаач гэхэд Елиша —Би явна гэв. 4 Ингээд тэрээр тэдэнтэй хамт явлаа. Тэд Иорданд хүрч ирээд моддыг цавчиж унагав. 5 Гэтэл нэг нь гуалин унагаж байтал сүхний нь толгой усанд унав. Тэр —А-яа, эзэн минь! Энэ нь зээлийн юм байсан гэж уулга алдав. 6 Тэгтэл Бурханы хүн —Сүх чинь хаахна унасан бэ? гэж асуусанд тэр хүн түүнд тэр газрыг харуулав. Елиша саваа тайран тийш шидэж төмрийг хөвүүлэв. 7 Тэрээр —Гаргаад ав гэсэнд тэр хүн гар сунган сүхээ авав. Арамчуудын довтолгоо няцаагдсан нь 8 Арамын хаан Израилийн эсрэг тулалдаж байлаа. Тэр өөрийн түшмэдтэй зөвлөлдөн —Ийм ийм газруудад миний хуаран байх болно гэв. 9 Бурханы хүн Израилийн хаанд —Арамчууд тийшээ очсон тул тэр газраар дайран явахаас та нар болгоомжил гэж хэл хүргүүлэв. 10 Бурханы хүний өөрт нь заан хэлж мөн анхааруулсан тэр газар уруу Израилийн хаан хүн илгээн сайн хамгаалдаг байв. Энэ нь ганц бус бас хоёр ч бус удаа болоход 11 Арамын хааны зүрх хилэнтэж, зарц нараа дуудан тэдэнд —Бидний хэн нь Израилийн хааны талд байдгийг та нар надад хэлээдэх? гэв. 12 Зарц нарынх нь нэг —Үгүй, эзэн хаан минь, харин Израильд буй эш үзүүлэгч Елиша таны унтлагынхаа өрөөнд ярьсан үгсийг Израилийн хаанд хэлдэг юм гэж айлтгав. 13 Тиймээс Арамын хаан —Түүнийг бариулахаар хүн илгээе. Та нар явж, түүний хаа байгааг нь мэдэгтүн гэлээ. Тэгтэл хаанд —Үзэгтүн, тэр Дотанд байна гэж мэдэгджээ. 14 Тэр тийшээ морьд, тэрэгнүүд болон их цэргийг илгээв. Тэд шөнөөр ирж, хотыг бүслэв. 15 Бурханы хүний зарц нар эрт босоод гадагш гартал, харагтун, морьд болон тэрэг бүхий их цэрэг хотыг бүслээд байв. Зарц нь Елишад —А-яа, эзэн минь! Бид яах билээ? гэв. 16 Тэрээр хариулахдаа —Бүү айгтун. Учир нь бидэнтэй хамт байгчид нь тэдэнтэй хамт байгчдаас илүү олон юм гэв. 17 Тэгээд Елиша залбиран —Өө, ЭЗЭН, түүнд харуулахын тулд нүдийг нь нээгээч гэж хэлжээ. ЭЗЭН зарцын нүдийг нээж, тэр харав. Харагтун, Елишагийн бүхий л эргэн тойрон дахь уул нь галан морьд, тэргээр дүүрсэн байв. 18 Тэд түүн уруу буун ирэхэд Елиша, ЭЗЭНд залбиран —Энэ хүмүүсийг сохор болгооч, би гуйж байна гэв. Ингээд Елишагийн үгийн дагуу Тэр тэднийг сохор болгожээ. 19 Тэгээд Елиша тэдэнд —Энэ нь тэрхүү зам биш, энэ хот ч өнөөх хот биш. Намайг дагагтун, би та нарыг хайж буй тэр хүн дээр чинь аваачъя гэв. Елиша тэднийг Самари уруу авчрав. 20 Тэд Самарид хүрч ирэх үед Елиша —Өө, ЭЗЭН, тэдэнд харуулахын тулд нүдийг нь нээгээч гэв. Ийнхүү ЭЗЭН тэдний нүдийг нээсэнд тэд харав. Үзэгтүн, тэд Самарийн дунд байлаа. 21 Тэгэхэд Израилийн хаан тэднийг хараад Елишад —Эцэг минь тэднийг алах уу? Би тэднийг алах уу? гэв. 22 Елиша хариулахдаа —Чи алж болохгүй. Чи өөрийн илд, өөрийн нум сумаар олзолсон хүмүүсийг алах байсан гэж үү? Тэднийг идүүлж уулгаад, эзэнд нь явуулахын тулд тэдний өмнө талх, ус тавигтун гэжээ. 23 Ингээд тэр тэдэнд зориулан их найрыг бэлтгэв. Идэж, уусных нь дараа тэр тэднийг явуулсанд тэд эзэндээ буцав. Арамчуудын дээрмийн бүлгүүд Израилийн нутаг уруу дахин халдаж ирсэнгүй. Бен-хадад Самарийг бүслэв 24 Үүний дараа Арамын хаан Бен-хадад өөрийн бүх цэргээ цуглуулан хөдөлж, Самарийг бүслэв. 25 Самарид их өлсгөлөн болов. Үзэгтүн, илжигний толгой наян мөнгөн шекел, кабын дөрөвний нэг тагтааны сангас таван мөнгөн шекелээр зарагдах хүртэл тэд хотыг бүслэв. 26 Израилийн хааныг хэрмэн дээгүүр өнгөрөн явж байтал, нэгэн эмэгтэй түүн уруу хашхирч —Миний эзэн, хаантан туслаач! гэв. 27 Хаан —Хэрэв ЭЗЭН чамд туслахгүй бол би хаанаасаа чамд туслах вэ? Үтрэмээс үү эсвэл дарсны шахуургаас уу? гэжээ. 28 Хаан, түүнд —Чамд юу тохиолдов? гэхэд тэр эмэгтэй хариулан —Энэ эмэгтэй надад “Чи хүүгээ өгөөч. Өнөөдөр бид чиний хүүг идээд, маргааш миний хүүг идэцгээе” гэж хэлсэн билээ. 29 Ингээд бид миний хүүг чанаж, идсэн юм. Дараа өдөр нь би түүнд “Хүүгээ өг. Бид түүнийг идэцгээе” гэсэн боловч тэр эмэгтэй хүүгээ нуучихсан байв гэв. 30 Хаан тэр эмэгтэйн үгийг сонсоод, тэрээр хувцсаа уржээ. Тэр хэрмэн дээгүүр явж байсан бөгөөд ард түмэн хартал, үзэгтүн, хаан биедээ таар өмссөн байв. 31 Тэгээд хаан —Хэрэв Шафатын хүү Елишагийн толгой өнөөдөр мөрөн дээрээ үлдвэл намайг Бурхан шийтгэг, бүр илүүг ч үйлдэг! гэв. 32 Елиша өөрийн гэрт ахмадуудтай хамт сууж байв. Хаан өмнөөсөө хүн илгээжээ. Харин тэр элчийг өөр дээр нь ирэхээс өмнө Елиша ахмадуудад —Энэ алуурчны хүү миний толгойг авахуулахаар хэрхэн хүн илгээснийг та нар харж байна уу? Харагтун, элчийг ирэхэд хаалгаа хааж, түүний өмнө үүдээ дарж байгтун. Түүний ард эзнийх нь хөлийн чимээ байгаа бус уу? гэв. 33 Түүнийг ахмадуудтай ярилцаж байх зуур, харагтун, өнөөх элч түүн дээр ирж —Үзэгтүн, энэ бузар муу нь ЭЗЭНээс ирсэн. Яагаад би ЭЗЭНийг цаашид хүлээн харах ёстой юм бэ? гэжээ. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)