Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

2Хаад 4 - Ариун Библи 2013


Бэлэвсэн эмэгтэйн тос

1 Эш үзүүлэгч хөвгүүдийн нэгнийх нь эхнэр Елиша уруу хашхиран —Таны зарц болох миний нөхөр өөд болсон бөгөөд түүнийг ЭЗЭНээс эмээдэг байсныг та мэдэх билээ. Гэтэл хоёр хүүхдийг минь боол болгон өөртөө авахаар зээлдүүлэгч ирлээ гэжээ.

2 Елиша түүнд —Чиний төлөө би юу хийх вэ? Гэрт чинь юу байгааг надад хэлээч? гэв. Тэр эмэгтэй —Шивэгчинд тань ганц ваар тосноос өөр юу ч алга гэв.

3 Тэгэхэд нь Елиша —Явж, олон сав суулга буюу хоосон сав суулгыг бүх хөршөөсөө зээлж авагтун. Битгий цөөхөн сав аваарай.

4 Чи дотогш орж, өөрийнхөө болон хөвгүүдийнхээ араас хаалгаа хаагаад, эдгээр бүх савандаа юүлж, дүүрснийг нь хажуу тийш тавих ёстой гэв.

5 Ингээд тэр эмэгтэй Елишаг орхин явж, өөрийн болон хөвгүүдийнхээ араас хаалгаа хаав. Тэд түүнд авчирч, тэрээр юүлж байлаа.

6 Савнууд дүүрэхэд тэрээр хүүдээ —Надад өөр сав авчирч өгөөч гэсэнд хүү нь түүнд —Өөр сав алга гэв. Тос ч урсахаа болив.

7 Дараа нь тэр эмэгтэй ирж, Бурханы хүнд үүнийг хэлжээ. Тэрээр эмэгтэйд —Явж, тосоо зараад өрөө төлж, үлдсэнээр нь чи болон хөвгүүд чинь амь зууж болно гэв.


Шунем эмэгтэйн хүүг амилуулав

8 Нэгэн өдөр Елиша Шунем уруу явлаа. Тэнд нэгэн чинээлэг эмэгтэй байсан бөгөөд тэр түүнийг хоол зооглогтун гэж ятгав. Ингээд Елиша тэр газраар өнгөрөн явах болгондоо тэднийд хооллодог болжээ.

9 Тэр эмэгтэй —Үзэгтүн, манайхаар үргэлж дайран өнгөрдөг тэрхүү Бурханы хүн бол ариун гэдгийг би мэдсэн.

10 Иймд ханаар хүрээлэгдсэн жижиг дээд өрөө хийцгээе. Тэнд түүнд зориулан ор, ширээ, сандал, дэнлүүний суурь тавья. Тэр ирэхдээ тэнд орж байг гэж нөхөртөө хэлэв.

11 Нэгэн өдөр Елиша тэнд ирээд, дээд өрөөнд орж, амрав.

12 Тэгээд тэр өөрийн зарц Гехазид —Тэр шунем эмэгтэйг дууд гэв. Гехази тэр эмэгтэйг дуудсанд өнөөх эмэгтэй Елишагийн өмнө ирж зогсов.

13 Елиша Гехазид —Түүнд хэлэхдээ “Үзэгтүн, энэ бүх халамжаараа чи биднийг анхаарлаа. Би чамд юу хийж өгөх вэ? Чиний төлөө хаан эсвэл цэргийн жанжинд ярих уу?” гээрэй гэв. Эмэгтэй хариулан —Би ард түмнийхээ дунд амьдардаг гэлээ.

14 Иймээс Елиша —Тэгвэл түүний төлөө юу хийвэл зохих вэ? гэсэнд Гехази —Үнэндээ энэ эмэгтэй хүүхэдгүй бөгөөд түүний нөхөр нь хөгшин билээ гэв.

15 Тэрээр —Түүнийг дууд гэж хэлэв. Гехази түүнийг дуудсанд тэрээр үүдэнд зогсов.

16 Тэгэхэд Елиша —Ирэх жилийн энэ цагт чи хүү тэврэх болно гэсэнд эмэгтэй —Үгүй, Бурханы хүн болох эзэн минь, та шивэгчингээ бүү хуураач гэв.

17 Гэвч түүнд Елишагийн хэлсэн ёсоор эмэгтэй жирэмсэн болж, дараа жилийн тэр цагт хүү төрүүлжээ.

18 Хүүхэд өсөж том болов. Нэг өдөр тэр хүү тариа хураагчидтай хамт байсан эцэг уруугаа очжээ.

19 Тэрээр эцэгтээ —Миний толгой, миний толгой гэсэнд эцэг нь зарцдаа —Түүнийг эхэд нь аваачиж өг гэж хэлэв.

20 Зарц түүнийг өргөн авч эхэд нь авчирсанд хүү үд болтол эхийнхээ өвдөг дээр сууж байгаад өөд болжээ.

21 Тэр эмэгтэй дээш гарч, Бурханы хүний орон дээр түүнийг хэвтүүлээд, араас нь хаалгаа хаагаад гарав.

22 Тэгээд тэр нөхрөө дуудаад —Зарц нараас нэгийг мөн эм илжгүүдээсээ нэгийг явуулаач. Би Бурханы хүн дээр хурдхан очоод ирье гэв.

23 Нөхөр нь —Чи юунд өнөөдөр түүн уруу явах гэв? Өнөөдөр чинь шинэ сар ч биш, Амралтын өдөр ч биш шүү дээ гэсэнд эхнэр нь —Зүгээр, тайван бай гэж хариуллаа.

24 Тэгээд тэр эмэгтэй эм илжгээ эмээллэн зарцдаа —Урагшаа, гуядаад бай. Намайг хэлэхээс нааш давхихыг минь бүү саатуулаарай гэв.

25 Ийнхүү өнөөх эмэгтэй явсаар, Кармел ууланд Бурханы хүн дээр ирлээ. Бурханы хүн тэр эмэгтэйг холоос хараад, өөрийн зарц Гехазид —Хараач, тэнд өнөөх шунем эмэгтэй явна.

26 Түүнийг угтан гүйж очоод, түүнээс “Чи сайн уу? Нөхөр чинь сайн уу? Хүүхэд сайн уу?” гэж асуугтун гэв. Эмэгтэй —Сайн гэж хариу хэлэв.

27 Эмэгтэй толгод уруу Бурханы хүн дээр ирээд, хөлөөс нь зуурч авав. Гехази түүнийг зайлуулах гэж ойртлоо. Харин Бурханы хүн —Түүнийг орхи. Сэтгэл зүрх нь гашуун энэлэлд унажээ. ЭЗЭН үүнийг нь надаас нууцлан надад хэлсэнгүй гэв.

28 Тэгтэл эмэгтэй —Би эзнээсээ хүү гуйсан гэж үү? “Намайг битгий хуураач” гэж би эс хэллүү? гэлээ.

29 Тэгэхэд Елиша, Гехазид —Ууцаа бүсэлж, миний таягийг гартаа аваад, замаараа яв. Хэрэв чи хэн нэгэн хүнтэй дайралдвал түүнтэй бүү мэндлэгтүн. Хэрэв хэн нэгэн хүн чамтай мэндэлбэл түүнд хариу бүү өг. Миний таягийг хөвгүүний нүүрэн дээр тавигтун гэв.

30 Хөвгүүний эх нь —ЭЗЭН амьд! Бас та амьд! Би тангүйгээр буцаж явахгүй гэв. Елиша босоод, тэр эмэгтэйг дагав.

31 Гехази тэднээс түрүүлэн явж, хөвгүүний нүүрэн дээр таягийг тавьсан боловч чимээ үгүй, тэмдэг ч үгүй байв. Иймээс Гехази Елишатай уулзахаар буцаж ирээд, түүнд —Хүү сэрсэнгүй гэв.

32 Елишаг гэрт орж ирэхэд, харагтун, хүү үхчихсэн, орон дээр нь хэвтэж байлаа.

33 Ингээд тэр дотогш ороод, хоёулхнаа үлдэж, араасаа хаалгаа хаагаад, ЭЗЭНд залбирав.

34 Тэрээр дээшээ очиж, хүүхдийн дээр хэвтэн, амаа хүүгийн аманд, нүдээ хүүгийн нүдэнд, гараа хүүгийн гар дээр тавьж, хүүгийн дээр сунан хэвтэв. Хүүхдийн бие махбод бүлээн боллоо.

35 Дараа нь Елиша буцаад, гэр дотор нааш цаашаа нэг удаа алхаж, дээшээ гарч, хүүгийн дээр сунан хэвтэв. Хүү долоон удаа найтаагаад, нүдээ нээв.

36 Елиша, Гехазийг дуудаад —Тэр шунем эмэгтэйг дууд гэв. Тэрээр тэр эмэгтэйг дуудлаа. Эмэгтэйг түүн дээр орж ирэхэд Елиша —Хүүгээ ав гэж хэлэв.

37 Тэгтэл эмэгтэй дотогш орж, түүний хөлд унан газарт доор мэхийж, хүүгээ аваад, гарч явлаа.


Тогоотой шөлийг цэвэршүүлэв

38 Елишаг Гилгал уруу буцаж ирэхэд газар нутагт нь өлсгөлөн болсон байв. Эш үзүүлэгч хөвгүүд түүний өмнө сууцгааж байхад тэрээр зарцдаа —Том тогоо тавьж, эш үзүүлэгч хөвгүүдэд зориулан шөл буцалга гэж хэлэв.

39 Тэгтэл нэг нь ногоо цуглуулахаар талбай уруу гарч, зэрлэг ороонго ургамал олоод, түүнээс хормойгоо дүүртэл зэрлэг жимс цуглуулан буцаж ирээд, тэдгээрийг шөлтэй тогоондоо хэрчиж хийв. Учир нь тэд мэдээгүй ажээ.

40 Ингээд тэд хүмүүст идүүлэхээр аягалав. Тэд шөлнөөс идэж байтал хашхиран —Бурханы хүн ээ, тогоон дотор үхэл байна гэцгээлээ. Тэд идэж чадахгүй байв.

41 Харин Елиша —Гурил аваад ир гээд түүнийг тогоонд хийгээд —Хүмүүст аягалж өг, тэд идэцгээг гэж хэлэв. Тэгтэл тогоонд ямар ч хор үгүй болсон байлаа.


Зуун хүнийг хооллов

42 Нэгэн хүн Баал-шалишагаас ирэхдээ Бурханы хүнд ургацынхаа дээж болгон арвайн хорин талх, тарианы шинэхэн түрүүг сагсандаа авчирчээ. Елиша —Хүмүүст өг, тэд идэцгээг гэв.

43 Зарц нь —Юу, би үүнийг зуун хүний өмнө тавих гэж үү? гэв. Харин Елиша —Хүмүүст өг, тэд идэцгээг. Учир нь ЭЗЭН айлдахдаа “Тэд идээд бас үлдээнэ” гэж байна гэв.

44 Ингээд тэр тэдний өмнө тавихад ЭЗЭНий үгийн дагуу тэд идэцгээж бас үлдээжээ.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan