Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

2Хаад 21 - Ариун Библи 2013


Иудаг Манассе хаанчлав
( 2Шс 33:1–20 )

1 Манассе хаан болохдоо арван хоёр настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд тавин таван жил хаанчлав. Түүний эхийг Хефзиба гэдэг байв.

2 Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн жигшмээр үйлийг даган тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлджээ.

3 Тэр өөрийн эцэг Хезекиагийн нурааж хаясан мөргөлийн өндөрлөгүүдийг сэргээн барьж, Израилийн хаан Ахабын үйлдсэн шиг, Баалд зориулан тахилын ширээг босгон, Ашераг бүтээж бас тэнгэрийн бүх эрхэст мөргөн, үйлчлэв.

4 “Иерусалимд Би Өөрийн нэрийг тавина” гэж ЭЗЭНий айлдсан ЭЗЭНий өргөөнд тэрээр тахилын ширээнүүд босгов.

5 Тэрээр ЭЗЭНий өргөөний хоёр хашаанд тэнгэрийн бүх эрхэст зориулан тахилын ширээнүүд босгов.

6 Тэр өөрийн хүүг гал дундуур явуулан, мэргэлж, төлгө үйлдэж, сүнс дуудагчид ба мэргэ төлгөчидтэй холбогдон ЭЗЭНий мэлмийд үлэмж ёрын мууг үйлдэж Түүний хилэнг өдөөжээ.

7 Дараа нь тэр өөрийн бүтээсэн Ашерагийн сийлмэл хөргийг өргөөн дотор байрлуулав. Энэ өргөөний тухай Давид ба түүний хүү Соломонд ЭЗЭН айлдан —Израилийн бүх овгуудаас Миний сонгосон энэ өргөө ба Иерусалимд Би Өөрийн нэрийг үүрд мөнхөд тавих болно.

8 Тэд зөвхөн Миний тушаасан болгоны дагуу мөн Миний боол Мосегийн тэдэнд тушаасан бүх хуулийн дагуу сахин үйлдэх аваас Би эцэг өвгөдөд нь өгсөн газар нутгаас Израилийн хөлийг дахин хэзээ ч тэнүүчлүүлэхгүй гэсэн билээ.

9 Гэвч тэд сонсоогүй бөгөөд Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий устгасан үндэстнүүдээс ч илүүгээр ёрын мууг хийлгэхээр тэднийг Манассе уруу татсан юм.

10 ЭЗЭН Өөрийн зарц эш үзүүлэгчдээр дамжуулан айлдахдаа —

11 Иудагийн хаан Манассе эдгээр бузрыг хийж, өөрөөс нь өмнө байсан бүх аморичуудын хийснээс илүүгээр ёрын мууг үйлдэн, шүтээнүүдээрээ дамжуулан Иудаг нүгэл үйлдүүлсэн учраас

12 Израилийн Бурхан ЭЗЭН ийн айлдаж байна. “Үзэгтүн, Би Иерусалим болон Иуда дээр бузар гамшгийг илгээх бөгөөд үүний талаар сонссон хэний ч хоёр чих нь хангинах болно.

13 Би Иерусалимын дээгүүр Самарийн хэмжигч олсыг болон Ахабын гэрийн тэгшлүүрийг татна. Тавгаа арчаад, эргүүлэн хөмөрдөг шиг Би Иерусалимыг арчиж хаях болно.

14 Би Өөрийн өвийн үлдэгсдийг орхиж, дайсных нь гарт өгөх бөгөөд тэд бүх дайсандаа дээрмийн зүйл ба олз омог нь болно.

15 Тэдний эцэг өвгөд Египетээс гарсан өдрөөс авахуулан энэ өдрийг хүртэл Миний мэлмийд ёрын мууг үйлдэж, Намайг уурлуулсан учраас ингэх боллоо” гэжээ.

16 ЭЗЭНий мэлмийд ёрын мууг хийснээрээ Иудагаар нүгэл үйлдүүлсэн нүглээс гадна Манассе гэмгүй цусыг үлэмж их урсган Иерусалимын нэг захаас нөгөө зах хүртэл дүүргэсэн билээ.

17 Манассегийн бусад үйл хэрэг болон түүний хийсэн бүхэн нь мөн түүний үйлдсэн нүглүүд Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?

18 Манассе эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, өөрийн гэрийн цэцэрлэг буюу Уззагийн цэцэрлэгт тавигджээ. Түүний хүү Амон оронд нь хаан болжээ.


Иудаг Амон хаанчлав
( 2Шс 33:21–25 )

19 Амон хаан болохдоо хорин хоёр настай байсан бөгөөд Иерусалимд хоёр жил хаанчлав. Түүний эхийг Иотбагийн Харузын охин Мешуллемет гэдэг байв.

20 Тэр өөрийн эцэг Манассегийн үйлдсэний адил ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв.

21 Тэрээр эцгийнхээ явсан бүх замаар замнаж, эцгийнхээ үйлчилж байсан шүтээнүүдэд үйлчилж, тэдгээрт мөргөсөн билээ.

22 Тэр эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг түлхэж хаяад, ЭЗЭНий замаар явсангүй.

23 Амоны зарц нар түүний эсрэг хуйвалдаж, хааныг өөрийнх нь гэрт алав.

24 Гэвч тэр газрын ард түмэн Амон хааны эсрэг хуйвалдагчдыг бүгдийг нь алж, оронд нь түүний хүү Иосиаг хаан болгожээ.

25 Амоны хийсэн бусад үйл хэрэг нь Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?

26 Тэрээр Уззагийн цэцэрлэг дэх өөрийн газарт тавигджээ. Хүү Иосиа нь түүний оронд хаан болсон юм.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan