2Хаад 17 - Ариун Библи 2013Израилийг Хошеа хаанчлав 1 Иудагийн хаан Ахазын арван хоёрдугаар онд Елагийн хүү Хошеа Самарид Израилийн хаан болж, есөн жил хаанчлав. 2 Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдсэн ч өөрийнх нь өмнө байсан Израилийн хаад шиг байгаагүй билээ. 3 Ассирийн хаан Шалманесер түүний эсрэг ирсэнд Хошеа түүний боол болж, түүнд алба гувчуур өгөх болов. 4 Гэтэл Хошеа Египетийн хаан Соод элч илгээн Ассирийн хаанд жил жилдээ бэлэг өргөхөө больсонд түүний урвалт хуйвалдааныг Ассирийн хаан мэджээ. Тиймээс Ассирийн хаан Хошеаг шорон гэрт харгалзуулан хорьжээ. Израиль Ассирид олзлогдон одов 5 Тэгээд Ассирийн хаан бүх газрыг цөмрөн дайрч, Самарийг гурван жил бүсэлжээ. 6 Хошеагийн есдүгээр онд Ассирийн хаан Самарийг эзэлж, израильчуудыг Ассири уруу авч явж, Гозан голын дэргэдэх Хала ба Хаборт мөн медечүүдийн хотуудад суурьшуулав. 7 Өөрсдийг нь Египетийн хаан Фараоны гар дороос, Египетийн газраас гаргасан Бурхан ЭЗЭНийхээ эсрэг Израилийн хөвгүүд нүгэл үйлдэж, өөр бурхдаас эмээж, 8 Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүд болон Израилийн хаадын үйлдэж байсан тогтоолуудаар явснаас ийн болсон билээ. 9 Израилийн хөвгүүд Бурхан ЭЗЭНийхээ эсрэг зөв бус зүйлсийг нууцаар үйлдэж, харуулын цамхгаас авахуулаад бэхлэгдсэн хот хүртэл бүх хот сууриндаа тэд өөрсдөдөө зориулан мөргөлийн өндөрлөгүүдийг босгосон юм. 10 Бүх өндөр толгод болон ногоон мод бүрийн доор тэд өөрсдөдөө зориулан онго багананууд ба Ашерагийн шонгуудыг босгож, 11 өөрсдийнх нь өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн адил бүх мөргөлийн өндөрлөгүүд дээр тэд утлага уугиулж, ЭЗЭНийг уурлуулахаар ёрын муу зүйлс хийв. 12 Учир нь “Та нар үүнийг үйлдэж болохгүй” гэж тэдэнд ЭЗЭНий айлдсан тэрхүү шүтээнүүдэд тэд үйлчлэв. 13 Тэгсэн ч ЭЗЭН Өөрийн бүх эш үзүүлэгч болон үзмэрч бүрээр дамжуулан Израиль ба Иудад гэрчилж —Эцэг өвгөдөд чинь Миний тушаасан буюу зарц эш үзүүлэгчдээрээ дамжуулан Миний та нарт илгээсэн бүх хуулийг дагаж, өөрсдийнхөө ёрын муу замуудаас эргэн Миний тушаал, Миний тогтоолуудыг сахигтун гэж айлдсаар байсан. 14 Гэвч тэд үл сонсож, харин Бурхан ЭЗЭНдээ итгээгүй эцэг өвгөдтэйгөө адил хүзүү хөшүүн загнасан билээ. 15 Тэд ЭЗЭНий тогтоолууд, эцэг өвгөдтэй нь Түүний байгуулсан гэрээ болон тэдний эсрэг Түүний гэрчилж байсан гэрчлэлүүдээс татгалзжээ. Тэд хоосон юмыг даган явж, өөрсдөө хоосон болсон бөгөөд тэдэнтэй адил үйлдэж болохгүй гэж ЭЗЭНий өөрсдөд нь тушаасан, өөрсдийг нь хүрээлэн буй харь үндэстнүүдийн араас тэд дагав. 16 Тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНий бүх тушаалуудыг умартан өөрсдөдөө зориулан цутгамал хөргүүд буюу хоёр тугалыг хийж, Ашераг бүтээж, тэнгэрийн бүх эрхэст мөргөж, Баалд үйлчлэв. 17 Тэд охид хөвгүүдээ гал дундуур гаргаж, мэргэ төлгө, ид шидийг хийж, ЭЗЭНийг уурлуулан, Түүний мэлмийд ёрын мууг үйлдэхийн тулд өөрсдийгөө худалдав. 18 Иймээс ЭЗЭН Израильд маш их уурлан тэднийг Өөрийн мэлмийн өмнөөс зайлуулав. Иуда овгоос өөр хэн ч үлдсэнгүй. 19 Иуда ч мөн өөрсдийн Бурхан ЭЗЭНий тушаалуудыг сахилгүй, харин Израилийн бий болгосон ёс заншлаар явав. 20 ЭЗЭН, Израилийг Өөрийн мэлмийн өмнөөс зайлуулах хүртэлээ түүний бүх үр удмаас татгалзаж, тэднийг зовоож, дээрэмчдийн гарт өгөв. 21 Учир нь ЭЗЭН, Израилийг Давидын гэрээс салгахад тэд Небатын хүү Иеробоамыг хаан болгожээ. Харин Иеробоам, ЭЗЭНийг дагахаас Израилийг уруу татан холдуулж, тэднээр асар их нүгэл үйлдүүлэв. 22 Израилийн хөвгүүд Иеробоамын үйлдсэн бүх нүглээс салалгүй тэдгээрийн дотор явжээ. 23 Өөрийн бүх зарц, эш үзүүлэгчдээр дамжуулан айлдсан ёсоороо ЭЗЭН Израилийг Өөрийн мэлмийн өмнөөс зайлуулах хүртэл тэд тэгэв. Ингээд Израиль эх нутгаасаа Ассири уруу энэ өдрийг хүртэл цөлөгдсөн билээ. Ассиричууд Самарид суурьшив 24 Тэгээд Вавилон, Кута, Авва, Хамат болон Сефарваимаас хүмүүсийг Ассирийн хаан авчран Израилийн хөвгүүдийн оронд Самарийн хотуудад суурьшуулав. Тэд Самарийг эзэмшин, хотуудад нь амьдрав. 25 Тэндээ амьдарч эхлэхдээ тэд ЭЗЭНээс эмээж байсангүй. Тиймээс ЭЗЭН тэдний дунд арслангуудыг илгээн тэднээс заримыг нь алуулав. 26 Иймээс тэд Ассирийн хаанд —Самарийн хотууд уруу таны цөлөн аваачсан үндэстнүүд тэр нутгийн бурхны ёс заншлыг мэдэхгүйгээс болж тэр бурхан тэдний дунд арслангуудыг илгээж байна. Харагтун, тэр нутгийн бурхны ёс заншлыг мэдэхгүйгээс болж арслангууд тэднийг алж байна гэж айлтгав. 27 Тэгэхэд Ассирийн хаан —Тэндээс цөлөгдөж явсан тахилч нарын нэгийг тийшээ аваач. Тэр явж, тэнд амьдран тэдэнд тэр газрын бурхны ёс заншлыг зааж сургаг гэж тушаав. 28 Ингээд Самариас цөлөгдсөн тахилчдаас нэг нь ирж, Бетелд амьдран ЭЗЭНээс хэрхэн эмээх ёстойг тэдэнд зааж сургав. 29 Гэлээ ч бүх үндэстэн буюу үндэстэн бүр өөрсдийн амьдарч буй хотууддаа өөрсдийн бурхдыг бүтээсээр бас тэднийгээ самаричуудын босгосон мөргөлийн өндөрлөгүүдийн байрнуудад тавьсаар байжээ. 30 Вавилон хүмүүс Суккот-бенотыг, кут хүмүүс Нергалыг, хамат хүмүүс Ашимаг 31 мөн аввичууд Нибхаз ба Тартакийг бүтээж, сефарвчууд Сефарваимын бурхад болох Адраммелек, Анаммелек нарт зориулан өөрсдийн үр хүүхдүүдээ галд шатаасаар байв. 32 Тэд бас ЭЗЭНээс эмээж, мөргөлийн өндөрлөгүүдийн байрнуудад өөрсдөд нь үйлчлэх, мөргөлийн өндөрлөгүүдийн тахилч нарыг өөрсдийнхөө дундаас томилов. 33 ЭЗЭНээс эмээхийн зэрэгцээ тэд цөлөгдөхөөс өмнөх үндэстнийхээ хэв маягаар өөрсдийн бурхдад ч мөн үйлчилж байв. 34 Энэ өдрийг хүртэл тэд урьдын хэв маягийнхаа дагуу үйлдэж мөн ЭЗЭНээс ч үл эмээж, Өөрийнхөө Израиль гэж нэрлэсэн Иаковын хөвгүүдэд ЭЗЭНээс тушаасан тогтоол, зарлиг, хууль буюу тушаалыг ч дагахгүй байна. 35 ЭЗЭН, тэдэнтэй гэрээ байгуулан тэдэнд тушааж “Та нар өөр бурхдаас эмээж, тэдэнд сөхөрч, үйлчилж, тахиж болохгүй. 36 Харин агуу их хүч болон сунгасан мутраар та нарыг Египет газраас гаргасан ЭЗЭНээс та нар эмээж, Түүнд та нар мэхийж, Түүнд та нар тахил өргөгтүн. 37 Та нарт зориулаад Түүний бичсэн тогтоол, зарлиг, хууль болон тушаалыг та нар үүрд үйлдэхээр сахигтун. Та нар өөр бурхдаас бүү эмээ. 38 Та нартай Миний байгуулсан гэрээг та нар бүү март. Та нар өөр бурхдаас бүү эмээ. 39 Харин өөрсдийн Бурхан ЭЗЭНээс л та нар эмээгтүн. Тэр та нарыг бүх дайснуудын чинь гараас чөлөөлөх болно” гэж айлдсан билээ. 40 Гэвч тэд үл сонсон, харин өөрсдийн эртний заншлыг үргэлжлүүлэн үйлджээ. 41 Иймээс энэ үндэстнүүд ЭЗЭНээс эмээхийн зэрэгцээ өөрсдийн сийлмэл шүтээнүүддээ ч мөн үйлчлэв. Тэдний үр хүүхэд, ач гуч нар мөн адил эцэг өвгөдийнхөө үйлдлийг даган өнөөдрийг хүртэл үйлдсээр байна. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)