Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

2Хаад 15 - Ариун Библи 2013


Иудаг Азариа хаанчлав
( 2Шс 26:1–23 )

1 Израилийн хаан Иеробоамын хорин долдугаар онд Иудагийн хаан Амазиагийн хүү Азариа хаан болжээ.

2 Хаан болохдоо тэр арван зургаан настай байсан бөгөөд Иерусалимд тавин хоёр жил хаанчилжээ. Түүний эхийг Иерусалимын Иеколиа гэдэг байв.

3 Тэрээр эцэг Амазиагийнхаа хийсэн бүгдийг дуурайн ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэв.

4 Зөвхөн мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулсангүй. Ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахилгалж, утлага уугиулсаар байв.

5 Хааныг ЭЗЭН цохисон бөгөөд үхэх өдрөө хүртэл тэр уяман өвчтэй байж, тусдаа өргөөнд амьдарчээ. Хааны хүү Иотам, хааны гэрийг захиран улс орныхоо хүмүүсийг шүүв.

6 Азариагийн бусад үйл хэрэг болон түүний хийсэн бүхэн нь Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?

7 Азариа эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд түүнийг эцэг өвгөдийнх нь хамт Давидын хотод нутаглуулсан юм. Түүний хүү Иотам оронд нь хаан болов.


Израилийг Зехариа хаанчлав

8 Иудагийн хаан Азариагийн гучин наймдугаар онд Иеробоамын хүү Зехариа Израилийн хаан болж Самарид зургаан сар захирав.

9 Эцэг өвгөдийнхөө үйлдсэний адил тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдсэн бөгөөд Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс салсангүй.

10 Тэгтэл Иабешийн хүү Шаллум түүний эсрэг хуйвалдаж, ард түмний өмнө түүнийг цохин алж, түүний сууринд хаанчлав.

11 Зехариагийн бусад үйлс, харагтун, тэд Израилийн Хаадын шастир номд бичигдсэн билээ.

12 Иехүд хандан “Чиний дөрвөн үеийн хөвгүүд Израилийн хаан сэнтийд заларна” гэж айлдсан ЭЗЭНий үг энэ бөгөөд тийнхүү биелэгджээ.


Израилийг Шаллум хаанчлав

13 Иабешийн хүү Шаллум, Иудагийн хаан Уззиагийн гучин есдүгээр онд хаан болж, Самарид нэг сар хаанчлав.

14 Тэгтэл Гадигийн хүү Менахем Тирзагаас хөдлөн Самарид ирж, Иабешийн хүү Шаллумыг Самарид цохин алж, түүний оронд хаан болов.

15 Шаллумын бусад үйлс болон түүний зохиосон хуйвалдаан зэрэг нь, харагтун, Израилийн Хаадын шастир номд бичигдсэн юм.

16 Тэр үед хотын хаалгыг нээж өгөөгүйгээс болж Менахем Тирзагаас авахуулан Тифсаг буюу түүн дотор болон хил хязгаарт нь байсан бүх хүнийг цохиж, бүх жирэмсэн эмэгтэйчүүдийг нь сийчжээ.


Израилийг Менахем хаанчлав

17 Иудагийн хаан Азариагийн гучин есдүгээр онд Гадигийн хүү Менахем Израилийн хаан болж, Самарид арван жил хаанчлав.

18 Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдсэн бөгөөд Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглээс бүх өдрүүдийнхээ туршид салсангүй.

19 Ассирийн хаан Пул тэр нутагт ирсэн бөгөөд Менахем түүнд мянган талант мөнгө өгөв. Ингэсэн нь хаанчлалыг гартаа батжуулахад нь Пулын гар түүнийг дэмжиж магад гэснийх байлаа.

20 Ассирийн хаанд төлөх гэж Израилиас буюу баян чинээлэг хүмүүсээс, хүн тусбүрээс тавин шекел мөнгийг Менахем гаргуулжээ. Тиймээс Ассирийн хаан тэр нутагт үлдэлгүй буцжээ.

21 Менахемын бусад үйлс болон түүний хийсэн бүхэн Израилийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?

22 Менахем эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд түүний хүү Пекахиа оронд нь хаан болов.


Израилийг Пекахиа хаанчлав

23 Иудагийн хаан Азариагийн тавьдугаар онд Менахемын хүү Пекахиа Самарид Израилийн хаан болж, хоёр жил захирав.

24 Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдсэн бөгөөд Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс салсангүй.

25 Тэгтэл түүний түшмэл Ремалиагийн хүү Пека түүний эсрэг хуйвалдаж, Аргоб, Арие нар болон гилеадчуудаас тавин эрийн хамт түүнийг Самарид, хааны өргөөний шилтгээнд цохив. Тэрээр түүнийг алж оронд нь хаан болов.

26 Пекахиагийн бусад үйлс болон түүний хийсэн бүхэн нь, харагтун, Израилийн Хаадын шастир номд бичигдсэн юм.


Израилийг Пека хаанчлав

27 Иудагийн хаан Азариагийн тавин хоёрдугаар онд Ремалиагийн хүү Пека Самарид Израилийн хаан болж, хорин жил хаанчлав.

28 Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдсэн бөгөөд Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс салсангүй.

29 Израилийн хаан Пекагийн өдрүүдэд Ассирийн хаан Тиглат-пилесер ирж, Нафталийн бүх газар нутаг буюу Ион, Абел-бет-маака, Ианоа, Кедеш, Хазор, Гилеад болон Галилийг эзлэн авч, тэднийг Ассири уруу олзлон авч явжээ.

30 Тэгтэл Елагийн хүү Хошеа, Ремалиагийн хүү Пекагийн эсрэг хуйвалдаан зохиож, түүнийг цохиж алаад, Уззиагийн хүү Иотамын хорьдугаар онд түүний сууринд хаан болов.

31 Пекагийн бусад үйл хэрэг болон түүний хийсэн бүхэн нь, харагтун, Израилийн Хаадын шастир номд бичигдсэн юм.


Иудаг Иотам хаанчлав
( 2Шс 27:1–9 )

32 Израилийн хаан Ремалиагийн хүү Пекагийн хоёрдугаар онд Иудагийн хаан Уззиагийн хүү Иотам хаан болов.

33 Тэрээр хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван зургаан жил хаанчилсан юм. Түүний эхийг Задокийн охин Иеруша гэдэг байв.

34 Тэрээр өөрийн эцэг Уззиагийн хийсэн бүгдийг дуурайн ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэв.

35 Зөвхөн мөргөлийн өндөрлөгүүд зайлуулагдаагүй бөгөөд ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил тахиж, утлага уугиулсаар байв. Иотам ЭЗЭНий өргөөний дээд хаалгыг босгосон юм.

36 Иотамын бусад үйл хэрэг болон түүний хийсэн бүхэн нь Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?

37 Тэр өдрүүдэд Иудагийн эсрэг Арамын хаан Резин болон Ремалиагийн хүү Пека нарыг ЭЗЭН илгээж эхлэв.

38 Иотам эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, өвөг эцэг Давидынхаа хотод эцэг өвгөдийнхөө хамт тавигдав. Хүү Ахаз нь түүний оронд хаан болов.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan