2Хаад 13 - Ариун Библи 2013Израилийн хаан Иехоахаз 1 Ахазиагийн хүү Иудагийн хаан Иоашийн хорин гуравдугаар онд Иехүгийн хүү Иехоахаз, Самарид Израилийн хаан болж, арван долоон жил захирчээ. 2 Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдсэн бөгөөд Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглийг дагав. Тэрээр тэдгээрээс эргэсэнгүй. 3 Тиймээс ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг Арамын хаан Хазаелын гарт үргэлж өгч мөн Хазаелын хүү Бен-хададын гарт тушаасаар байв. 4 Тэгэхэд Иехоахаз, ЭЗЭНий тааллыг хүсэмжлэн гуйсанд ЭЗЭН түүнийг сонсов. Арамын хаан тэднийг хэрхэн дарангуйлж байгааг болон Израилийн дарлагдлыг Тэр харжээ. 5 ЭЗЭН, Израильд чөлөөлөгчийг илгээсэнд тэд арамчуудын гараас мултран гарав. Израилийн хөвгүүд хуучин янзаараа өөр өөрсдийн майхнууддаа амьдарчээ. 6 Хэдий тийм боловч тэд Израилиар нүгэл үйлдүүлсэн Иеробоамын гэрийн нүглүүдээс эргэсэнгүй, харин тэдгээрийн дотор явсан юм. Ашера ч Самарид хэвээрээ үлдэв. 7 Арамын хаан Иехоахазын цэргийг устган, гишгэлүүрийн тоос мэт болгож орхисон тул тэдэнд ердөө л тавин морьтон, арван тэрэг болон арван мянган явган цэрэг үлджээ. 8 Иехоахазын бусад үйл хэрэг, түүний хийсэн бүхэн мөн түүний хүч чадал нь Израилийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? 9 Иехоахаз эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, тэд түүнийг Самарид нутаглуулав. Түүний хүү Иоаш түүний оронд хаан болов. Израилийг Иехоаш хаанчлав 10 Иудагийн хаан Иоашийн гучин долдугаар онд Иехоахазын хүү Иехоаш Самарид Израилийн хаан болж, арван зургаан жил захирчээ. 11 Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв. Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын бүх нүглээс тэр эргэлгүй, харин тэдгээрийн дотор явжээ. 12 Иоашийн бусад үйл хэрэг, түүний хийсэн бүхэн болон Иудагийн хаан Амазиагийн эсрэг тулалдсан түүний хүч чадал зэрэг нь Израилийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? 13 Ингээд Иоаш эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, Иеробоам түүний сэнтийд заларчээ. Иоаш Израилийн хаадтай хамт Самарид тавигджээ. Елиша өөд болов 14 Елиша үхэлд хүргэх өвчин тусах үед Израилийн хаан Иоаш түүн дээр ирээд, түүний өмнө уйлан —Эцэг минь, эцэг минь, Израилийн тэрэг ба түүний морьтон минь! гэв. 15 Елиша түүнд —Нум сумаа ав гэхэд тэрээр нум сумаа авав. 16 Тэгээд Елиша, Израилийн хаанд —Гараа нуман дээр тавигтун гэхэд тэрээр гараа тавьсан бөгөөд дараа нь Елиша түүний гар дээр өөрийн гарыг тавив. 17 Елиша —Зүүн зүг харсан цонхыг нээ гэхэд тэрээр онгойлгов. Дараа нь Елиша —Харвагтун! гэсэнд тэр харвав. Елиша —ЭЗЭНий ялалтын сум буюу Арамыг ялах ялалтын сум. Учир нь та нар Афект арамчуудыг цохин, хүйс тэмтрэх болно гэв. 18 Дараа нь тэр —Сумнуудаа ав гэхэд хаан сумнуудаа авав. Тэрээр Израилийн хаанд —Газрыг цохигтун гэхэд хаан гурван удаа цохиод болив. 19 Иймээс Бурханы хүн түүнд уурлан —Та тав юмуу зургаан удаа цохих байсан юм. Тэгсэн бол та бүрэн устгаж дуустал Арамыг цохих байсан юм. Харин одоо та Арамыг гурван удаа цохих болно гэж хэлэв. 20 Елиша өөд болсонд тэд түүнийг нутаглуулав. Моабын дээрмийн бүлгүүд тэр жилийн хавар газар нутагт нь халдсаар байв. 21 Нэгэн удаа нэг хүнийг хөдөөлүүлж байтал дээрэмчдийн бүлэг үзэгдэж, өнөөх хүнийг Елишагийн булшинд хаяжээ. Өнөөх хүн Елишагийн яснуудад хүрмэгц амь орон сэргэж, хөл дээрээ босов. Израиль хотуудаа эргүүлэн авав 22 Иехоахазын бүхий л өдрүүдэд Арамын хаан Хазаел Израилийг дарангуйлав. 23 Гэвч ЭЗЭН израильчуудад нигүүлсэнгүй хандаж тэднийг өрөвдөн, Абрахам, Исаак, Иаковтай байгуулсан Өөрийн гэрээнээс болж тэдэн уруу эргэсэн бөгөөд одоо хүртэл тэднийг устгаагүй, Өөрийнхөө оршихуйгаас ч зайлуулаагүй билээ. 24 Арамын хаан Хазаел үхэхэд түүний хүү Бен-хадад түүний оронд хаан болов. 25 Тэгэхэд Иехоахазын хүү Иехоаш Хазаелын хүү Бен-хададын гараас хотыг дахин авчээ. Эдгээр хотуудыг тэр Иехоашийн эцэг Иехоахазын гараас дайн хийж булаан авсан байсан юм. Иоаш гурван удаа Бен-хададыг дийлж, Израилийн хотуудыг буцаан авав. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)