1Шастир 28 - Ариун Библи 2013Соломонд өргөөг зааварчлав 1 Давид Израилийн бүх түшмэд, овгийн захирагчид, хаанд бүлгүүдээр үйлчилдэг хэсгүүдийн ахлагчид, мянгатын, зуутын дарга нар, хаан болон хааны хөвгүүдэд харьяалагдах бүх эд хөрөнгө, мал сүргийн харгалзагчид, тайганууд, хүчит эрс болон бүх нэр хүндтэй эрсийг Иерусалимд цуглуулжээ. 2 Тэгээд Давид хаан хөл дээрээ босон зогсоод —Ахан дүүс, ард түмэн минь, намайг сонсогтун. ЭЗЭНий гэрээний авдарт зориулан мөн бидний Бурханы хөлийн тавиур болгон амралтын өргөө барих санаа зүрхэнд минь байсан тул би түүнийг барихад бэлтгэсэн билээ. 3 Гэвч Бурхан надад “Чи дайнч хүн ба цус урсгасан тул Миний нэрд зориулан өргөө барьж болохгүй” гэж айлдав. 4 Гэсэн ч Израилийн Бурхан ЭЗЭН намайг мөнхөд Израилийн хаан болгохоор миний эцгийн бүх гэрээс намайг сонгосон юм. Учир нь Тэрээр Иудаг удирдагчаар мөн Иудагийн гэр дотроос миний эцгийн гэрийг сонгосон бөгөөд миний эцгийн хөвгүүдийн дундаас намайг бүх Израилийн хаан болгохоор таалан соёрхсон билээ. 5 ЭЗЭН надад олон хүү өгсөн учир миний бүх хөвгүүнээс Тэрээр миний хүү Соломоныг Израиль дахь ЭЗЭНий хаанчлалын сэнтийд залахаар сонголоо. 6 Тэр надад “Миний өргөө болон Миний ордныг хүү Соломон чинь барих юм. Би түүнийг Өөрийн хөвгүүнээр сонгосон бөгөөд Би түүнд эцэг нь байх болно. 7 Тэрээр өнөөдрийн адил Миний тушаал, Миний шүүлтийг чармайн сахивал, Би түүний хаанчлалыг үүрд мөнхөд тогтооно” гэж айлдсан юм. 8 Иймээс энэ сайхан газрыг эзэмшиж, түүнийгээ өөрсдийн үр удамд мөнхөд өвлүүлэхээр үлдээхийн тулд ЭЗЭНий чуулган болох бүх Израилийн нүдэн дээр мөн бидний Бурханы сонорт Бурхан ЭЗЭНийхээ бүх тушаалыг сахин мөрдөгтүн. 9 Миний хүү Соломон оо, эцгийнхээ Бурханыг таньж мэдэн, хоёргүй сэтгэл, хүслэнт зүрхээр Түүнд үйлчлэгтүн. Учир нь ЭЗЭН зүрх бүрийг шалгаж, бодол санаа бүхнийг мэддэг юм. Хэрэв чи Түүнийг хайвал, Тэр чамд олдоно. Харин чи Түүнийг орхих аваас, Тэр чамайг мөнхөд үл хэрэгсэнэ. 10 Ариун газарт зориулан өргөөг бариулахаар ЭЗЭН чамайг сонгосныг одоо харагтун! Тууштай байж, үйлдэгтүн гэв. 11 Тэгээд түүний үүдний танхим, өргөөнүүд, эрдэнэсийн сан, түүний дээд лаврин болон дотоод өрөөнүүд мөн эвлэрүүлгийн тагны загвар зургийг Давид өөрийн хүү Соломонд өглөө. 12 Бас ЭЗЭНий өргөөний орднууд, эргэн тойрны бүх өрөө, Бурханы өргөөний агуулахууд болон ариун өргөлийн эрдэнэсийн сангийн бүх загвар зураг, түүнд сүнсээр байсан бүхнээ өгөв. 13 Түүнчлэн тахилч болон левичүүдийн бүлгүүд, ЭЗЭНий өргөөний үйлчлэлийн бүх ажил, ЭЗЭНий өргөөн дэх үйлчлэлийн бүх эд хэрэглэл 14 мөн бүх төрлийн үйлчлэлд хэрэглэх алтан сав суулгануудын алтны жин, бүх төрлийн үйлчлэлд хэрэглэх мөнгөн сав суулгануудын мөнгөний жин 15 бас алтан дэнлүүний суурь болон тэдгээрийн алтан дэнлүүнүүдэд зориулан дэнлүүний суурь болон дэнлүү бүрийн алтны жин, мөнгөн дэнлүүний сууринд буюу дэнлүүний суурь болон дэнлүү бүрд мөнгөний жинг дэнлүүний сууриудын зориулалтын дагуу 16 мөн тавиг талхны ширээнүүдэд зориулан ширээ бүрийн алтны жин болон мөнгөн ширээнүүдэд зориулан мөнгөн, 17 бас шижир алтан сэрээ, тогоо, гүц мөн алтан аягануудад, аяга бүрийн жин болон мөнгөн аяга бүрд зориулан тусбүрийн жин 18 мөн утлагат тахилын ширээнд тунгаамал алтны жин, далавчаа дэлгэн ЭЗЭНий гэрээний авдрыг бүрхдэг херубуудтэй тэрэгний загварын алт зэргийн загварыг өгчээ. 19 Давид —Дээрх зүйлс буюу энэ бүх загварыг ЭЗЭН мутрын бичгээрээ надад ойлгуулан зааж өгсөн юм гэв. 20 Тэгээд Давид өөрийн хүү Соломонд —Тууштай бөгөөд зоригтой байж, үйлдэгтүн. Миний Бурхан, ЭЗЭН Бурхан чамтай хамт байгаа тул бүү ай, бүү шантар. ЭЗЭНий өргөөний үйлчлэлд зориулсан бүх ажил дуусах хүртэл Тэр чамайг орхихгүй, чамайг хөсөр хаяхгүй. 21 Бурханы өргөөний бүх үйлчлэлд зориулан тахилчид ба левичүүдийн хэсгүүд энд байна. Мөн аливаа ажилд чадварлаг сайн дурын урчууд бүх төрлийн үйлчлэлд чамтай хамт байна. Бас захирагчид болон бүх ард түмэн чиний тушаалыг дагахад бэлэн байна гэв. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)