1Шастир 14 - Ариун Библи 2013Иерусалимд Давид бэхжив ( 2См 5:11–16 , 17–25 ) 1 Тирийн хаан Хирамаас Давидад элч нарыг хуш мод, мужаан, чулуучдын хамт түүнд зориулан гэр бариулахаар илгээв. 2 ЭЗЭН өөрийг нь Израилийн хаанаар өргөмжлөн Түүний ард түмэн Израилийн тусын тулд хаанчлалыг нь өндөрт өргөснийг Давид ухааран ойлгожээ. 3 Тэгээд Давид Иерусалимд өөр олон эхнэр авч, тэр бүр ч олон хөвгүүд, охид төрүүлэв. 4 Иерусалимд түүнд төрсөн хүүхдүүдийн нэрс нь Шаммуа, Шобаб, Натан, Соломон, 5 Ибхар, Елишуа, Елпелет, 6 Нога, Нефег, Иафиа, 7 Елишама, Беелиада, Елифелет нар юм. Филистчүүдийг ялав ( 2См 5:17–25 ) 8 Давид хамаг Израилийн хаанаар тослогдсон гэдгийг филистчүүд сонсоод, филистчүүд бүгдээрээ Давидыг хайж ирэв. Давид үүнийг сонсоод тэдний эсрэг хөдлөв. 9 Филистчүүд хүрч ирээд Рефаимын хөндийг цөлмөж тонов. 10 Тэгэхэд Давид, Бурханаас —Филистчүүдийн эсрэг би хөдлөх үү? Та миний гарт тэднийг тушаах уу? гэж лавлан асуухад ЭЗЭН, Давидад —Явагтун! Филистчүүдийг чиний гарт Би заавал тушаана гэж айлдав. 11 Тиймээс тэрээр Баал-перазимд ирж, тэнд тэднийг хиаруулав. Давид —Миний гараар Бурхан, дайснуудыг минь үерийн ус мэт зад татлаа гэв. Тиймээс тэр газар Баал-перазим гэж нэрлэгджээ. 12 Тэд өөрсдийн бурхдаа тэнд орхин зугтаасанд Давид тушаал өгч тэднийг галд шатаав. 13 Филистчүүд дахин ирээд мөнөөх хөндийд дээрэм тонуул хийв. 14 Давид дахин Бурханаас лавлахад Бурхан түүнд —Чи тэдний явж очиж болохгүй. Тэдний араар тойрч, ялам модны төглийн өмнө тэднийг дайр. 15 Ялам модны төглийн дээгүүр алхах чимээг сонсмогц чи тулалдахаар гар. Учир нь Бурхан филистчүүдийн цэргийг цохихоор чиний өмнө гарсан байна гэлээ. 16 Давид, өөрт нь Бурханы тушаасан ёсоор үйлдэж, тэд Гибеоноос Гезерийг хүртэл Филистийн цэргийг бут цохив. 17 Ингээд Давидын алдар нэр бүх нутагт түгэн тархжээ. ЭЗЭН бүх үндэстний дээр Давидаас эмээх айдсыг авчрав. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)