1Шастир 13 - Ариун Библи 2013ЭЗЭНий авдрыг буцааж авчирсан нь ( 2См 6:1–11 ) 1 Тэгээд Давид мянгат, зуутын дарга нар буюу бүх удирдагчтай зөвлөлджээ. 2 Давид Израилийн бүх чуулганд хандан —Хэрэв энэ зүйл та нарт сайн бөгөөд энэ нь бидний Бурхан ЭЗЭНээс бол, Израилийн бүх нутагт үлдсэн өөрсдийн ах дүүст мөн бэлчээр бүхий тэдний хотуудад тэдэнтэй хамт байгаа тахилч ба левичүүдэд газар бүрд зар илгээн тэднийг бидэнтэй уулзуулахаар дуудацгаая. 3 Бид өөрсдийн Бурханы авдрыг өөрсдөдөө авчирцгаая. Учир нь Саулын өдрүүдэд бид түүнийг хайгаагүй шүү дээ гэв. 4 Бүх ард түмний нүдэнд энэ нь зөв байсан тул бүх чуулган тийн үйлдэнэ гэж хариулав. 5 Ингээд Бурханы авдрыг Кириат-иеаримаас авчрахын тулд Давид, Египетийн Шихороос Хаматын хоолой хүртэлх бүх Израилийг цуглуулав. 6 Херубуудын дээр залрагч Түүний нэрээр дуудагдсан ЭЗЭН Бурханы авдрыг тэндээс авчрах гэж Давид болон бүх Израиль хамтдаа Иудад харьяалагдах Баала буюу Кириат-иеарим уруу явжээ. 7 Тэд Бурханы авдрыг Абинадабын гэрээс шинэ тэргэнд ачин явсан бөгөөд Узза, Ахио нар тэргийг хөтлөв. 8 Давид болон бүх израильчууд дуу дуулан, ятга, босоо ятга, хэнгэрэг, цан, бүрээ хөгжимтэй хамаг чадлаараа Бурханы өмнө бүжицгээв. 9 Тэд Кидоны үтрэмд ирэх үед үхэр нь бүдэрсэн тул Узза авдрыг түшихээр гар сунган хүрэв. 10 Тэрээр авдарт гар хүрсэн тул ЭЗЭНий хилэн Уззагийн эсрэг шатаж, Тэр түүнийг цохисонд тэрээр тэнд Бурханы өмнө үхэв. 11 ЭЗЭН, Уззагийн эсрэг ийнхүү дайрсан тул Давид огшжээ. Тиймээс тэр газрыг Перез-узза гэж өнөөг хүртэл нэрлэжээ. 12 Тэр өдөр Давид, Бурханаас эмээж —Би яаж Бурханы авдрыг өөртөө авчирч болох билээ дээ! гэв. 13 Тиймээс Давид авдрыг Давидын хот уруу өөртөө авч явсангүй. Харин түүнийг гит хүн Обед-едомын гэрт аваачив. 14 Ийнхүү Бурханы авдар гит хүн Обед-едомын гэрт гурван сар байжээ. ЭЗЭН, Обед-Едомыг болон түүнд байсан бүгдийг ерөөв. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)