Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

1Шастир 12 - Ариун Библи 2013


Давидыг дагалдагсад

1 Кишийн хөвгүүн Саулаас болж Давид Зиклагт нуугдан байх үед түүн дээр ирсэн хүмүүс нь дараах хүмүүс юм. Тэд дайн тулаанд хүчит эрсийн дунд Давидад тусалж байв.

2 Тэд нуманд гарамгай бөгөөд баруун, зүүн хоёр гараараа чулуу дүүгүүрдэх, нум сум харвах эрдэмд боловсорсон агаад Саулын ахан дүүс болох Бениамин гаралтай хүмүүс байв.

3 Толгойлогч нь Ахиезер, удаах нь Иоаш бөгөөд тэд гебеа хүн Шемаагийн хөвгүүд мөн Азмаветын хөвгүүд Иезиел, Пелет нар, Берака, анатот хүн Иехү

4 мөнөөх гучийн тэргүүлэгч, тэдний дунд хүчирхэг эр болох Гибеоны хүн Ишмаиа, тэгээд Иеремиа, Иахазиел, Иоханан, гедера хүн болох Иозабад,

5 Елузаи, Иеримот, Беалиа, Шемариа, харуф хүн Шефатиа,

6 корачууд болох Елкана, Ишшиа, Азарел, Иоезер, Иашобеам,

7 Гедорын Иерохамын хөвгүүд Иоела, Зебадиа нар билээ.

8 Гадчуудаас бамбай, жад эзэмшиж дадсан, дайнд шалгарсан эрэлхэг зоригтой эрс нь цөл дэх цайзад байсан Давид уруу хүрч ирэв. Тэдний царай нь арслангийн төрхтэй адил бөгөөд уулын гөрөөс мэт шалмаг байв.

9 Тэргүүн нь Езер, хоёр дахь нь Обадиа, гурав дахь нь Елиаб,

10 дөрөв дэх нь Мишманна, тав дахь нь Иеремиа,

11 зургаа дахь нь Аттаи, долоо дахь нь Елиел,

12 найм дахь нь Иоханан, ес дэх нь Елзабад,

13 арав дахь нь Иеремиа, арван нэг дэх нь Макбанаи билээ.

14 Гадын хөвгүүдээс эдгээр нь цэргийн дарга нар юм. Багашиг нэг нь зуутыг, агуу нэг нь мянгатыг захирав.

15 Нэгдүгээр сард тэд Иордан гол бүх эргээ халин үерлэж байхад нь гатлан гарч, хөндий дэх бүх хүнийг зүүн, баруун зүг уруу хөөн бутаргав.

16 Дараа нь Бениамин болон Иудагийн хөвгүүдийн зарим нь бэхлэлтэд байсан Давид уруу хүрч ирэв.

17 Давид тэднийг угтан гарч —Хэрэв та бүхэн надад туслахаар сайн санаагаар над уруу ирсэн бол миний зүрх та нартай нэгдэх болно. Харин миний гарт ямар ч буруу үгүй байхад, хэрэв та нар намайг миний дайснуудад барьж өгөхөөр ирсэн аваас бидний эцэг өвгөдийн Бурхан үүнийг хараад шүүх болтугай гэж хэлэв.

18 Тэр үед мөнөөх гучин хүний толгойлогч Амасаигийн дээр Сүнс буун ирж —Давид аа, бид таных, Иессийн хүү, бид таны талд. Амар амгалан, амар тайван танд оршиг! Танд туслагч нэгэнд амар тайван нь оршиг! Үнэхээр таны Бурхан таныг дэмждэг билээ гэж хэлсний дараа Давид тэднийг хүлээн авч, тэднийг бүлгийн толгойлогчоор тавив.

19 Давид филистчүүдтэй хамтран Саулын эсрэг дайтахаар явах гэж байтал түүн дээр Манассегаас зарим нь урваж ирэв. Гэвч тэд филистчүүдэд тусалж чадсангүй. Филистийн ноёд зөвлөлдсөний дараа —Бидний толгойн үнээр тэр өөрийн эзэн Саулд урваж мэднэ гээд Давидыг холдуулан явуулав.

20 Давид Зиклаг уруу явах үед түүн дээр Манассегаас урван ирсэн хүмүүс нь Адна, Иозабад, Иедиаел, Михаел, Иозабад, Елиху, Зиллетаи буюу Манассед харьяалагдах мянгатын дарга нар билээ.

21 Тэд бүгд эрэлхэг хүчит эрс, цэргийн жанжингууд байсан тул дээрэмчний бүлгүүдийн эсрэг Давидад туслав.

22 Учир нь Давидад туслахаар өдрөөс өдөрт хүмүүс ирсээр Бурханы цэрэг мэт агуу их цэргийн хуаран болов.


Хеброн дахь Давидын цэргүүд

23 ЭЗЭНий үгийн дагуу Саулын хаанчлалыг Давидад эргүүлэхийн тулд Хебронд буй Давид уруу хүрч ирсэн, зэвсэглэсэн бүлэглэлүүдийн тоо нь дараах билээ.

24 Бамбай, жад үүрсэн, дайтахаар зэвсэглэсэн, Иудагийн хөвгүүд нь зургаан мянга найман зуу байв.

25 Симеоны хөвгүүдээс дайнд эрэмгий долоон мянга нэг зуун хүчит эр байв.

26 Левийн хөвгүүдээс дөрвөн мянга зургаан зуун хүн байв.

27 Иехоиада нь Аароны бүлийн удирдагч байсан бөгөөд түүний хамт гурван мянга долоон зуун хүн,

28 мөн эрэлхэг дайчин залуу эр Задок болон түүний эцгийн бүлээс хорин хоёр жанжин байв.

29 Саулын ахан дүүс болох Бениамины хөвгүүдээс гурван мянган хүн байв. Тэдний ихэнх хэсэг нь өнөөг хүртэл Саулын гэрт үнэнч хэвээр байна.

30 Ефраимын хөвгүүдээс хорин мянга найман зуун эрэлхэг дайчин эр байсан бөгөөд тэд өөрсдийн эцгүүдийн бүлд нэртэй хүмүүс байв.

31 Манассегийн хагас овгоос Давидыг хаан болгохын тулд явж очсон, нэр нь тогтоогдсон арван найман мянган эрс байв.

32 Иссахарын хөвгүүдээс цаг үеэ мэдэрч, Израиль юу хийх ёстойг мэдсэн тэдний хоёр зуун тэргүүн нь өөрсдийн бүх ах дүү нараа удирдан ирсэн байлаа.

33 Зебулунаас байлдааны бэлтгэлтэй, бүх төрлийн зэвсэг агссан, хоёргүй сэтгэлээр Давидад туслахаар цугларсан цэрэг нь тавин мянга байв.

34 Нафталиас мянган цэргийн дарга мөн тэдэнтэй хамт бамбай, жадтай гучин долоон мянган эр байв.

35 Данчуудаас тулалдааны бэлтгэлтэй хорин найман мянга зургаан зуун хүн байв.

36 Ашераас тулалдааны бэлтгэлтэй дөчин мянган хүн байв.

37 Иорданы нөгөө талаас буюу Реубен, Гад, Манассегийн хагас овгоос байлдааны төрөл бүрийн зэвсэг агссан зуун хорин мянган цэрэг ирэв.

38 Тулалдааны бэлтгэлтэй энэ дайчид бүгд Давидыг бүх Израилийн хаанаар өргөмжилнө гэсэн хоёргүй сэтгэлээр Хебронд иржээ. Израилийн үлдсэн бүхэн ч Давидыг хаанаар өргөмжлөх санаа нэг байв.

39 Тэдний ахан дүүс нь тэдэнд бэлтгэн өгсөн тул тэд идэж уусаар Давидтай хамт гурав хоног тэнд байв.

40 Үүнчлэн тэдний ойр орчмынхон буюу бүр Иссахар, Зебулун, Нафталиас ч илжиг, тэмээ, луус, үхэрт хүнс ачин, гурилан боов, инжиртэй боов, хатаасан үзэм, усан үзмийн дарс, тос, үхэр, хонийг маш ихээр авчрав. Израильд үнэхээр баяр хөөртэй байлаа.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan