1Шастир 11 - Ариун Библи 2013Давидыг Израилийн хаанаар өргөмжлөв ( 2См 5:1–10 ) 1 Тэгээд бүх Израиль Хебронд байсан Давид дээр цуглан ирж —Харагтун, бид таны яс махны тасархай билээ. 2 Урьд Саулыг хаан байх үед ч та Израилийн цэргийг удирддаг байсан. Тэгээд ЭЗЭН, таны Бурхан “Чи Миний ард түмэн Израилийн хоньчин болж, чи Миний ард түмэн Израилийн удирдагч болно” гэж танд айлдсан гэж хэлцгээв. 3 Ингээд Израилийн бүх ахмадууд Хебронд хаан дээр ирж, Давид Хебронд ЭЗЭНий өмнө тэдэнтэй гэрээ байгууллаа. Тэд Самуелаар ЭЗЭНий дамжуулсан үгийн дагуу, Давидыг Израилийн хаан болгон тослов. Иерусалимыг эзлэв 4 Тэгээд Давид болон бүх Израиль нь Иерусалим буюу Иебус уруу явлаа. Тэнд уугуул нутгийнхан болох иебусчууд амьдарч байв. 5 Иебусын оршин суугчид Давидад —Чи энд орж ирэхгүй гэж хэлжээ. Гэвч Давид Сионы бэхлэлтийг эзлэн авсан нь одоо Давидын хот юм. 6 Давид —Хамгийн түрүүнд иебус хүнийг цохигч хэн боловч жанжин, удирдагч болно гэхэд Зеруиагийн хүү Иоаб хамгийн түрүүнд довтлон явж жанжин болов. 7 Тэгээд Давид тэр цайзад суусан тул энэ нь Давидын хот гэж нэрлэгдэх болжээ. 8 Тэр Миллогоос эхлээд бүтэн нэг тойруулан бүх эргэн тойрондоо хотыг босгоход хотын үлдсэн хэсгийг Иоаб сэргээн босгов. 9 Түг түмдийн ЭЗЭН түүнтэй хамт байсан учраас Давид улам хүчирхэгжсэн билээ. Давидын хүчит эрс ( 2См 23:8–39 ) 10 Израилийн талаар ЭЗЭНий айлдсан үгийн дагуу Давидыг хаан болгохын тулд бүх Израилийн хамт түүний хаанчлалд хүчтэй дэмжлэг үзүүлж байсан Давидын хүчит эрсийн толгойлогчид дараах болой. 11 Давидтай байсан хүчит эрсийн тоо энэ билээ. Гурван хүчит эрийн тэргүүн нь Хагмон хүний хүү Иашобеам юм. Тэрбээр нэг удаад гурван зуун хүний эсрэг жадаа өргөн цохисон хүн билээ. 12 Түүний удаах нь ахо хүн Додогийн хүү Елеазар бөгөөд тэр гурван хүчит эрийн нэг билээ. 13 Филистчүүд тулалдахаар Пасдаммимд бөөгнөрөн цуглах үед тэрээр тэнд Давидтай хамт байв. Тэнд нь арвай их тарьсан талбай байсан бөгөөд хүмүүс филистчүүдээс зугтаав. 14 Тэрээр Давидын хамт талбайн гол дунд зогсон хамгаалж, филистчүүдийг цохилоо. Ийнхүү ЭЗЭН тэднийг агуу авралаар хамгаалав. 15 Филистийн их цэрэг Рефаимын хөндийд хуарагнаж байх үед гучин хүчит эрээс гурав нь хаданд буй Давид дээр Адулламын агуйд ирэв. 16 Филистчүүдийн цэргийн хуаран Бетлехемд байх үед Давид бэхлэлтдээ байлаа. 17 Давид —Хэн нэг нь хаалганы хажуу дахь Бетлехемийн худгаас надад ус авчран өгдөг ч болоосой! гэж ихэд хүсэмжлэв. 18 Өнөөх гурав филистчүүдийн хуаранг нэвтрэн орж, хаалганы хажуудах Бетлехемийн худгаас ус утган авч, Давидад авчрав. Гэвч Давид тэр усыг уусангүй, харин ЭЗЭНий өмнө асгаад — 19 Ийм зүйл хийхээс Миний Бурхан намайг хол байлгаг! Амиараа дэнчин тавьж явсан энэ хүмүүсийн цусыг би уух гэж үү? Тэд энэ усыг өөрсдийн амиар дэнчин тавьж авчирсан билээ гэж хэлсэн юм. Тэгээд тэр усыг уусангүй. Гурван хүчит эрийн үйлдсэн нь ийм билээ. 20 Иоабын дүү Абишаи мөнөөх гучийн тэргүүн нь байв. Тэрээр жадаа эргүүлэн гурван зуун хүнийг алсан агаад тэрээр мөнөөх гурвын адил алдартай байв. 21 Тэрээр тэдгээр гучаас хамгийн хүндтэй нь байсан тул тэдний жанжин болжээ. Гэлээ ч мөнөөх гуравтай дүйцэхгүй билээ. 22 Иехоиадагийн хүү Бенаиа нь Кабзеелын агуу үйлстэй зоригт эр бөгөөд Моабын Ариелийн хоёр хүүг цохиж алсан хүн байв. Цас бударсан нэгэн өдөр тэрээр нүх уруу орж арслан агнасан билээ. 23 Тэрээр таван тохой өндөр, аварга чацтай египет эрийг алсан юм. Тэр египет эр гартаа нэхмэлчний гогодогч зүү мэт жадтай байсан авч Бенаиа саваа модтой түүний эсрэг ирж, египет эрийн гараас жадыг нь булаан авч, тэр жадаар өөрийг нь хороосон юм. 24 Иехоиадагийн хүү Бенаиа эдгээрийг үйлдсэн бөгөөд нөгөө гурван хүчит эрийн адил алдартай байв. 25 Тэрээр гучин эрийн дунд хүндлэлийг олсон боловч өнөөх гуравтай дүйцэхгүй билээ. Давид түүнийг өөрийн бие хамгаалагчийн дээгүүр томилсон билээ. 26 Дайнч хүчит эрсийг тоочвол, Иоабын дүү Асахел, Бетлехемийн Додогийн хүү Елханан, 27 харод хүн Шаммот, пелон хүн Хелез, 28 Текоагийн хүн Иккешийн хүү Ира, анатот хүн Абиезер, 29 хушат хүн Сиббекаи, ахо хүн Илаи, 30 нетофат хүн Махараи, нетофат хүн Баанагийн хүү Хелед, 31 Бениамин овгийн Гибеагийн Рибаин хүү Итаи, пиратон хүн Бенаиа, 32 Гааш горхины Хураи, арбат хүн Абиел, 33 бахарум хүн Азмавет, шаалбон хүн Елиаба, 34 гизон хүн Хашем, харар хүн Шагегийн хүү Ионатан, 35 харар хүн Сакарын хүү Ахиам, Урын хүү Елифал, 36 мекера хүн Хефер, пелон хүн Ахиа, 37 Кармел хүн Хезро, Езбаигийн хүү Наараи, 38 Натаны дүү Иоел, Хагригийн хүү Мибхар, 39 аммон хүн Зелек, Зеруиагийн хүү Иоабын зэвсэг үүрэгч беерот хүн Нахараи, 40 итри хүн Ира, итри хүн Гареб, 41 хит хүн Уриа, Ахлаин хүү Забад, 42 реубен хүн Шизагийн хүү реубенчүүдийн толгойлогч Адина гучин хүнтэйгээ, 43 Маакагийн хүү Ханан, митни хүн Иошафат, 44 аштерат хүн Уззиа, ароер хүн Хотамын хөвгүүд Шама, Иеиел, 45 Шимрийн хүү Иедиаел, түүний дүү тиз хүн Иоха, 46 махави хүн Елиел, Елнаамын хөвгүүд болох Иерибаи, Иошавиа нар ба моаб хүн Итма, 47 Елиел, Обед, мезобаяа хүн Иаасиел нар билээ. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)