Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

1Коринт 16 - Ариун Библи 2013


Ариун хүмүүсийн төлөөх хуримтлал

1 Ариун хүмүүсийн төлөөх хуримтлалын талаар би Галатын чуулгануудад ямар чиг өгсөнчлөн та нар тийнхүү үйлд.

2 Намайг очиход цуглуулахгүйн тулд долоо хоног бүрийн эхний өдөр хүн бүхэн бололцоогоороо цааш нь хийж хадгал.

3 Би очоод та нарын зөвшөөрсөн хүмүүсээр бэлгийг чинь хүргүүлэхээр захианы хамт Иерусалим уруу илгээнэ.

4 Хэрэв би бас явах нь зохистой бол тэд надтай хамт явна биз.


Аяллын төлөвлөгөө

5 Харин би Македониор дайраад та нар дээр очно. Учир нь би Македониор дайрч явах юм.

6 Би хаашаа ч явах болсон та нараар үдүүлэхийн тулд та нарын хамт хэсэг байж эсвэл бүр өвөлжиж ч магадгүй.

7 Учир нь би та нарыг зүгээр л дайрч хараад өнгөрөхийг хүсэхгүй байна. Хэрэв Эзэн зөвшөөрвөл хэсэг хугацаанд та нарын хамт байна хэмээн би найдаж байгаа.

8 Гэвч би Ефес хотод Пентэкост хүртэл байх болно.

9 Учир нь үлэмж том, үр нөлөөтэй үүд надад нээгдсэн юм. Тэнд эсэргүүцэгчид олон байгаа.

10 Тимот очвол, түүнийг айж түгшээлгүйгээр өөрсөд дээрээ байлгахад анхаараарай. Учир нь Эзэний ажлыг тэр миний л адил хийж байгаа.

11 Тиймээс хэн ч түүнийг бүү басамжлаг. Харин түүнийг над уруу явахад нь амар амгалангаар үдээрэй. Би ах дүүсийн хамт түүнийг хүлээж байгаа.

12 Апол ахын тухайд гэвэл түүнийг ах дүүсийн хамт та нар дээр очихыг би ихэд ятгасан. Харин тэр одоохондоо очих хүсэлгүй байгаа, харин боломж гармагц та нар дээр очих болно.


Төгсгөлийн захиас ба мэндчилгээ

13 Сэрэмжтэй бай. Итгэлдээ бат зогс. Эршүүд бай, хүчтэй бай.

14 Бүх юм чинь хайр дотор хийгдэг.

15 Ах дүү нар аа, би та нарыг ятгая. Стефанагийн гэр бүлийнхэн Ахайн анхны үр жимс бөгөөд тэд өөрсдийгөө ариун хүмүүсийн төлөөх үйлчлэлд зориулсныг та нар мэднэ.

16 Тийм хүмүүст болон хамтран ажиллагч, зүдэн зүтгэгч хүн бүрд та нар захирагдаж байгаарай.

17 Стефана, Фортунат болон Ахайк нарыг ирсэнд би баярладаг. Учир нь та нараар дутаж байсныг тэд нөхсөн юм.

18 Тэд миний болон та нарын ч сүнсийг тэнхрүүлсэн юм. Иймд тийм хүмүүсийг хүлээн зөвшөөр.

19 Азийн чуулганууд та нарт мэнд хүргэж байна. Акул, Приска нар өөрийн гэрт цугладаг чуулганы хамт та нарт Эзэн дотор халуун мэнд хүргэж байна.

20 Ах дүүс бүгд та нарт мэнд хүргэж байна. Ариун үнсэлтээр нэг нэгэндээ мэнд хүргэ.

21 Паул би өөрийн гараар энэхүү мэндчилгээг бичлээ.

22 Хэрэв хэн нэг нь Эзэнийг үл хайрлавал тэр хүн хараагдаг. Мараната.

23 Эзэн Есүсийн нигүүлсэл та нарын хамт байх болтугай.

24 Христ Есүсийн дотор миний хайр та бүгдтэй хамт байх болтугай.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan