1Хаад 4 - Ариун Библи 2013Соломоны түшмэд 1 Ийнхүү Соломон хаан бүх Израилийг захирах хаан болжээ. 2 Түүний түшмэд нь тахилч Задокийн хүү Азариа тахилч, 3 Шишагийн хөвгүүд болох Елихореф, Ахиа нар бичээч, Ахилудын хүү Иехошафат хэрэг хөтлөгч, 4 Иехоиадагийн хүү Бенаиа цэргийн жанжин, Задок ба Абиатар нар тахилчид, 5 Натаны хүү Азариа түшмэдийн ахлагч, Натаны хүү, хааны найз Забуд тахилч, 6 Ахишар нь ордны даамал бөгөөд Абдагийн хүү Адонирам нь албадлагын ажлыг тус тус хариуцдаг байлаа. 7 Соломон хамаг Израилийг захирах арван хоёр түшмэдийг томилжээ. Тэд хаанд болон түүний гэрийнхэнд ханган нийлүүлдэг ба тусбүр жилийн нэг нэг сард бараагаар хангадаг байлаа. 8 Тэдгээрийн нэр нь Ефраим ууланд Бен-хур, 9 Маказ, Шаалбимын, Бет-шемеш болон Елон-бет-хананд Бен-декер, 10 Арубботод Бен-хесед (Соко болон Хеферийн бүх нутаг түүнийх байсан), 11 Дорын бүх өндөрлөгт Бен-абинадаб (Соломоны охин Тафат түүний эхнэр байлаа), 12 Таанах, Мегиддо мөн Иезреелийн доод тал дахь Заретаны хажуудах Бет-шеаны бүх нутаг буюу Бет-шеанаас Абел-мехола, Иокмеамд хүрсэн нутагт Ахилудын хүү Баана, 13 Рамот-гилеадад Бен-гебер бөгөөд Гилеадад байх Манассегийн хүү Иаирын нүүдлийн тосгод мөн Башанд байх зурвас нутаг, Аргоб буюу хүрэл хөндөлтэй, хана хэрэм бүхий жаран том хот түүнийх байлаа. 14 Маханаимыг Иддогийн хүү Ахинадаб, 15 Нафталид Ахимааз (тэр бас Соломоны охин Басематтай гэрлэжээ), 16 Ашер ба Веалотод Хушаин хүү Баана, 17 Иссахарт Паруагийн хүү Иехошафат, 18 Бениаминд Елагийн хүү Шимеи, 19 аморичуудын хаан Сихон болон Башаны хаан Огийн нутаг болох Гилеадын нутагт Урийн хүү Гебер байв. Иудагийн нутагт ганц захирагч байлаа. Соломоны хаанчлалын сүр жавхлан 20 Иуда болон израильчууд далайн эргийн тоо томшгүй элс шиг олон байсан бөгөөд тэд идэж ууж, баярлан цэнгэлдэж байлаа. 21 Ефрат мөрнөөс авахуулан Филистийн нутаг хүртэл мөн Египет улсын хил хүртэлх бүхий л хаанчлалуудыг Соломон захирч, тэдгээр нь Соломоны амьдралын бүх өдрүүдэд түүнд алба гувчуур барин үйлчилдэг байлаа. 22 Соломоны нэг өдрийн хүнс нь гучин кор дээд гурил, жаран кор тээрэмдсэн буудай, 23 арван бордсон шар, бэлчээрийн хорин үхэр мөн буга, гөрөөс, согоо, таргалуулсан шувуу зэргээс гадна зуун хонь байлаа. 24 Соломон, голын наад талд орших бүхнийг буюу Тифсагаас Газ хүртэлх, голын баруун талын бүх хааныг захирах эрх мэдэлтэй байв. Түүний харьяа эргэн тойронд амар амгалан байв. 25 Соломоны бүх өдрүүдэд Данаас Беершеба хүртэлх Иуда ба Израиль амар жимэр амьдарч, хүн бүр өөрийн усан үзэм, инжрийн модон дор суудаг байв. 26 Соломон тэрэгний морьдын дөчин мянган жүчээтэй, арван хоёр мянган морьтонтой байв. 27 Соломон хааныг болон хааны ширээнд ирэх бүх хүнийг орон нутгийн түшмэд өөр өөрсдийн сардаа юугаар ч дутаахгүйгээр хангадаг байлаа. 28 Бас адуу болон тэрэгний морьдод арвай, сүрлийг тус тусын үүргийн дагуу байгаа газартаа нийлүүлж байв. Соломоны мэргэн ухааны суу алдар 29 Бурхан Соломонд мэргэн ухаан, үлэмж их хэрсүү чанар ба гүнзгий зүрхний ухаарлыг далайн эргийн элс мэт арвин ихээр өгчээ. 30 Соломоны мэргэн ухаан нь дорнын бүх хөвгүүдийн мэргэн ухаанаас ч, Египетийн бүх мэргэн ухаанаас ч даван гарчээ. 31 Тэр бүх хүнээс, тухайлбал езра хүн Етан, Махолын хөвгүүд Хеман, Калкол, Дарда нараас ч илүү мэргэн байсан бөгөөд нэр алдар нь эргэн тойрны бүх үндэстэн даяар дуурсав. 32 Тэрээр гурван мянган сургаалт үг хэлж, нэг мянга таван дуу зохиожээ. 33 Тэр бас Ливаны хуш модноос эхлээд ханан хэрмэн дээгүүр ургадаг балуун ургамлын тухай ч хүүрнэж мөн ан амьтад, шувууд, хэвлээр явагчид, загасны талаар хүртэл ярьдаг байв. 34 Соломоны мэргэн ухааныг сонсохоор үндэстэн бүрээс, мэргэн ухааных нь талаар дуулж мэдсэн газар дэлхийн бүх хаадаас хүмүүс ирдэг байжээ. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)