1Хаад 22 - Ариун Библи 2013Арамын эсрэг Иудатай хамсав ( 2Шс 18:2–27 ) 1 Арам Израилийн хооронд дайн бололгүй гурван жил өнгөрөв. 2 Гурав дахь жил нь Иудагийн хаан Иехошафат, Израилийн хааныг зорьж ирэв. 3 Израилийн хаан түшмэддээ —Рамот-гилеад бидэнд харьяалагддаг болохыг та нар мэддэггүй юу? Бид түүнийг Арамын хааны гараас булаан авахын оронд зүгээр сууцгааж байна шүү дээ гэв. 4 Тэрээр Иехошафатад хандан —Рамот-гилеадад байлдахаар чи надтай хамт явах уу? гэхэд Иехошафат, Израилийн хаанд —Би бол чи, миний хүмүүс чиний хүмүүс, миний морьд чиний морьд билээ гэв. 5 Тэгээд Иехошафат, Израилийн хаанд —Өнөөдөр ЭЗЭНий үгийг асууж өгөөч гэж хэлэв. 6 Тэгэхэд Израилийн хаан дөрвөн зуугаад эш үзүүлэгчийг цуглуулаад, тэднээс —Би Рамот-гилеадын эсрэг байлдахаар мордох уу эсвэл түдгэлзэх үү? гэж асуусанд тэд —Явагтун! Учир нь Эзэн тэр хотыг хааны гарт өгнө гэж хариулцгаав. 7 Гэвч Иехошафат —Бидэнд асуучихаар, ЭЗЭНий өөр эш үзүүлэгч энд алга уу? гэж асуулаа. 8 Израилийн хаан, Иехошафатад —ЭЗЭНээс асууж болох өөр нэгэн хүн бий. Гэвч тэр миний талаар сайныг хэзээ ч эш үзүүлдэггүй, харин мууг л хэлдэг учир би түүнийг үзэн яддаг юм. Тэр Имлахын хүү Микаиа гэгч юм гэж хэлжээ. Харин Иехошафат түүнд —Хаан хүн ингэж ярьж боломгүй гэжээ. 9 Тэгэхэд Израилийн хаан албатаа дуудан —Имлахын хүү Микаиаг даруй авчрагтун гэж тушаав. 10 Израилийн хаан болон Иудагийн хаан Иехошафат нар ёслолын дээлээ өмсөн, Самарийн гулдан хаалганы үүдэнд, нэгэн чөлөөтэй талбайд өөр өөрсдийн сэнтийд заларсан байв. Эш үзүүлэгчид бүгд л тэдний өмнө эш үзүүлцгээж байлаа. 11 Хенаанагийн хүү Зедекиа өөртөө төмөр эврүүд хийж —ЭЗЭН ийн айлдаж байна. Эдгээрээр та арамчуудыг устаж дуустал нь нэвт сүлбэх болно гэжээ. 12 Бүх эш үзүүлэгчид —Рамот-гилеад уруу явж ялагтун. Учир нь ЭЗЭН тэр хотыг хааны гарт өгнө гэж эш үзүүлцгээж байлаа. Микаиа ялагдлыг зөгнөв 13 Микаиаг дуудахаар явсан элч түүнд —Харагтун, эш үзүүлэгчдийн үгс бүгд нэгэн дуугаар хааны талд байна. Үгээ тэдний нэгнийх нь үг шиг болгож, сайныг яригтун гэв. 14 Харин Микаиа —ЭЗЭН амьд! ЭЗЭН надад юу хэлнэ, түүнийг л би ярих болно гэлээ. 15 Түүнийг хааны өмнө ирэхэд хаан, түүнээс —Микаиа, бид Рамот-гилеадыг довтлохоор хөдлөх үү эсвэл түдгэлзэх үү? гэж асуусанд Микаиа түүнд —Явж, ялагтун! ЭЗЭН тэр газрыг хааны гарт өгөх болно гэжээ. 16 Хаан харин түүнд —ЭЗЭНий нэр дээр надад зөвхөн үнэнээс өөр юуг ч хэлэхгүй байхыг би чамаас хичнээн удаа гуйх юм бэ? гэв. 17 Микаиа хариуд нь —Бүх Израиль хоньчингүй хоньд мэт Уулсын оройгоор тархан явахыг би харлаа. ЭЗЭН айлдахдаа “Тэдэнд эзэн байхгүй. Тэд бүгд өөр өөрсдийн гэртээ амар тайван харьцгааг” гэв гэж өчлөө. 18 Тэгэхэд Израилийн хаан, Иехошафатад —Тэр миний тухай сайн юм эш үзүүлдэггүй, харин ёрын мууг л эш үзүүлдэг гэж би чамд хэлсэн биш бил үү? гэв. 19 Микаиа —Тиймээс ЭЗЭНий үгийг сонсогтун! ЭЗЭН сэнтийдээ залран, Түүний баруун, зүүн талаар тэнгэрийн бүх дайчид хүрээлэн зогсож байхыг би харсан юм. 20 ЭЗЭН “Хэн Ахабыг явуулж, Рамот-гилеадад унагахаар уруу татах вэ?” гэж асуулаа. Нэг нь ийм гэхэд нөгөө нь тийм гэж байлаа. 21 Тэгтэл нэг сүнс урагш гарч ирэн ЭЗЭНий өмнө зогсоод, “Би түүнийг уруу татъя” гэв. 22 ЭЗЭН түүнээс “Яаж?” гэж асуухад тэрээр хариуд нь “Би явж, түүний бүх эш үзүүлэгчийн аманд хуурдаг сүнс болно” гэв. ЭЗЭН түүнд “Чи түүнийг уруу татагтун. Үүнийгээ чи бас чадах болно. Явж, үүнийгээ хийгтүн” гэлээ. 23 Тиймээс одоо үзэгтүн, ЭЗЭН энэ бүх эш үзүүлэгчдийн аманд хуурдаг сүнсийг хийсэн билээ. ЭЗЭН таны эсрэг гай гамшгийг тунхаглажээ гэв. 24 Тэгэхэд Хенаанагийн хүү Зедекиа дөхөн ирж, Микаиагийн хацрыг алгадаад —ЭЗЭНий Сүнс чамтай ярих гээд хаагуур надаас явчихаа вэ? гэв. 25 Микаиа —Үзэгтүн, дотоод өрөөнд нуугдахаар орох тэр өдөр чи мэдэх болно гэв. 26 Израилийн хаан —Микаиаг аваад, хотын захирагч Амон ба хааны хүү Иоаш уруу буцаагтун. 27 Мөн “Хаан тушаахдаа «Намайг эсэн мэнд буцаж иртэл энэ хүнийг шоронд байлган, чангалангийн талх, усаар өл залгуул» гэж байна” гэж хэл гэв. 28 Микаиа —Хэрэв та үнэхээр эсэн мэнд буцаж ирвэл ЭЗЭН надаар дамжуулан яриагүй гэсэн үг гээд —Бүх ард түмэн та нар үүнийг сонсогтун гэв. Ялагдал ба Ахабын үхэл ( 2Шс 18:28–34 ) 29 Ингээд Израилийн хаан, Иудагийн хаан Иехошафат нар Рамот-гилеад өөд хөдлөв. 30 Израилийн хаан, Иехошафатад —Би зүсээ хувиргаад, тулалдаанд орно, харин та өөрийн хувцсаа өмсөгтүн гэв. Израилийн хаан зүсээ хувиргаад тулалдаанд орлоо. 31 Арамын хаан тэрэгт цэргийнхээ гучин хоёр ахмадад тушаан —Та нар багатай нь ч, ихтэй нь ч бүү тулалд, харин зөвхөн Израилийн хаантай л тулалдагтун гэв. 32 Тэрэгт цэргийн ахмадууд Иехошафатыг хараад —Энэ яг Израилийн хаан мөн байна гээд түүнийг дайрахаар эргэв. Тэгэхэд Иехошафат тусламж гуйн хашхирчээ. 33 Тэрэгт цэргийн ахмадууд түүнийг Израилийн хаан биш болохыг харангуутаа түүнээс эргэв. 34 Нэгэн цэрэг нум сумаараа харваад орхитол, Израилийн хааныг хуягных нь завсраар оножээ. Хаан, дэлбэгчдээ —Эргээрэй, намайг тулалдааны талбараас авч гар. Би хүнд шархадлаа гэж хэлэв. 35 Тэр өдөр тулаан ширүүсэж, хаан арамчуудыг харсан чигтээ тэргэн дотроо түшүүлж байгаад, орой болоход үхэв. Шархнаас нь урсах цус тэрэгний ёроолд тунасан байв. 36 Тэгтэл нар шингэхийн алдад —Бүгд өөр өөрийн хот уруу, тус тусын нутаг уруу явцгаа гэх уриа цэргийн хуарангаар тархав. 37 Ийнхүү хаан үхэж, Самарид иржээ. Тэгээд хааныг Самарид нутаглуулжээ. 38 Тэд Самарийн цөөрмийн дэргэд хааны тэргийг угаахад ноход түүний цусыг долоож байсан нь ЭЗЭНий хэлсэн үгийн дагуу болсон юм. Тэнд янхнууд усанд ордог байв. 39 Ахабын бусад үйл хэрэг, хийсэн бүхэн нь мөн түүний босгон барьсан зааны ясан ордон болон бүх хотын тухай Израилийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? 40 Ахаб эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, түүний хүү Ахазиа орыг нь залгамжлан хаан болжээ. Иудаг Иехошафат хаанчлав ( 2Шс 20:31—21:1 ) 41 Израилийн хаан Ахабын дөрөвдүгээр онд Асагийн хүү Иехошафат Иудагийн хаан болов. 42 Иехошафат хаан болохдоо гучин таван настай байсан бөгөөд хорин таван жил Иерусалимд хаанчлав. Түүний эх нь Шилхигийн охин Азуба юм. 43 Тэрээр эцэг Асагийнхаа замаар замнаж, ЭЗЭНий мэлмийн өмнө зөв зүйтэйг үйлдсэнээрээ эс гажив. Гэвч мөргөлийн өндөрлөгүүдийг устаагүй багөөд ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр нядлах тахил ба утлага өргөсөөр байв. 44 Иехошафат мөн Израилийн хаантай эв найрамдлыг тогтоов. 45 Иехошафатын бусад үйл хэрэг, түүний үзүүлсэн хүч чадал, хэрхэн дайтан тулалдсан зэрэг нь Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? 46 Эцэг Асагийнх нь өдрүүдэд үлдсэн шүтээний янхнуудыг Иехошафат нутгаасаа хөөн гаргасан юм. 47 Тэр үед Едомд хаан байгаагүй бөгөөд захирагч нь хаанчилдаг байв. 48 Иехошафат Офироос алт авчруулахаар Таршишийн усан онгоцнуудыг босгосон боловч тэдгээр нь Езион-геберт сүйрсэн учир явж чадсангүй. 49 Тэгэхэд Ахабын хүү Ахазиа Иехошафатад —Миний зарц нарыг өөрийнхөө зарц нарын хамт хөлөг онгоцоороо явуулаач гэсэн боловч Иехошафат хүсээгүй юм. 50 Иехошафат эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, эцэг Давидынхаа хотод эцэг өвгөдтэйгөө тавигдсан бөгөөд түүний хүү Иехорам залгамжлан хаан болов. Израилийг Ахазиа хаанчлав 51 Иудагийн хаан Иехошафатын арван долдугаар онд Ахабын хүү Ахазиа нь Самарид Израилийн хаан болов. Тэрээр хоёр жил Израилийг захирчээ. 52 ЭЗЭНий мэлмийн өмнө тэрээр ёрын мууг үйлдэн эцэг, эхийнхээ замаар болон Израилийг нүгэлд хүргэсэн Небатын хүү Иеробоамын замаар замнасан юм. 53 Эцэг нь хэрхсэний адил тэрээр ч Баалд үйлчлэн түүний өмнө мөргөж, Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнүүлжээ. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)