Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

1Хаад 13 - Ариун Библи 2013


Иудагаас ирсэн, Бурханы хүн

1 Харагтун, Иеробоам утлага өргөхөөр тахилын ширээний хажууд зогсож байх үед Бурханы хүн, Иудагаас Бетелд ЭЗЭНий үгээр ирэв.

2 Тэрээр ЭЗЭНий үгээр тахилын ширээ өөд хашхиран —Тахилын ширээ, тахилын ширээ, ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Үзэгтүн, Давидын гэр бүлд Иосиа гэгдэх нэгэн хүү төрнө. Тэр чам дээр утлага өргөдөг мөргөлийн өндөрлөгийн тахилч нарыг чиний дээр тахилгалах бөгөөд чам дээр хүний ясыг шатаах болно” гэж байна гэлээ.

3 Тэр өдөртөө тэрээр дохио тэмдэг үзүүлж —Энэ нь ЭЗЭНий айлдсан дохио тэмдэг юм. “Үзэгтүн, энэ тахилын ширээ бутарч, түүн дээрх үнс асгарах болно” гэв.

4 Бетел дэх тахилын ширээний эсрэг хашхирах, Бурханы хүний үгийг Иеробоам хаан сонсмогц тахилын ширээнээс гараа татан —Түүнийг баригтун гэж зандарлаа. Гэвч тэр хүний зүг чичлэн сунгасан Иеробоамын гар нь хатангиршиж, буцаад өөр уруугаа татаж чадахгүй болов.

5 Бурханы хүн ЭЗЭНий үгээр үзүүлсэн дохио тэмдгийн дагуу тахилын ширээ бутарч, үнс нь тахилын ширээн дээрээс асгарав.

6 Хаан, Бурханы хүнд хандан —ЭЗЭН Бурханаасаа гуйн, гарыг минь эдгээж өгөөч гэж миний төлөө залбирч өгнө үү гэв. Бурханы хүн ЭЗЭНээс гуйсанд хааны гар эдгэж урьдын адил болов.

7 Тэгээд хаан Бурханы хүнд —Надтай хамт гэрт очиж, алжаалаа тайлагтун. Би танд шагнал өгье гэв.

8 Харин Бурханы хүн хаанд —Та өөрийнхөө гэрийн тэн хагасыг надад өгөх байсан ч би тантай хамт явахгүй мөн энэ газарт байхдаа би талх ч идэхгүй, ус ч уухгүй.

9 Учир нь ЭЗЭНий үгээр надад “Чи талх ч идэж, ус ч ууж болохгүй, тэр ч бүү хэл ирсэн замаараа ч буцаж явж болохгүй” гэж тушаагдсан юм гэв.

10 Тэрээр Бетелд ирсэн замаараа буцалгүй өөр замаар эргэж явлаа.

11 Бетелд настай нэгэн эш үзүүлэгч амьдарч байв. Түүний хөвгүүд ирээд, тэр өдөр Бетелд Бурханы хүний хийсэн бүх ажлыг мөн хаанд хандан хэлсэн үгсийг ч эцэгтээ ярьж өгөв.

12 Эцэг нь тэднээс —Тэр аль замаар буцсан бэ? гэж асуув. Иудагаас ирсэн, Бурханы хүний буцаж явсан замыг хөвгүүд нь харсан байжээ.

13 Тэгтэл эцэг нь хүүхдүүддээ —Миний илжгэнд эмээл тох гэв. Хөвгүүд нь түүнд илжгийг эмээллэн бэлтгэсэнд тэр илжгээ унаад явав.

14 Тэрээр Бурханы хүний араас явсаар, царс модны доор сууж байхад нь түүнийг олж хараад —Иудагаас ирсэн, Бурханы хүн та юу? гэж асуув. Тэрбээр —Би гэлээ.

15 Настай эш үзүүлэгч түүнд хандан —Надтай хамт гэрт очиж талх иднэ үү гэсэнд

16 Бурханы хүн —Би тантай хамт буцаж ч чадахгүй, явж ч чадахгүй мөн энэ газар тантай хамт талх ч идэхгүй, ус ч уухгүй.

17 Учир нь ЭЗЭНий үгээр надад “Чи тэнд талх идэж, ус ууж болохгүй. Ирсэн замаараа бүү буцаарай” гэсэн тушаал өгөгдсөн юм гэв.

18 Өнөөх нь түүнд —Би ч бас чамтай адил эш үзүүлэгч. Тэнгэрэлч, ЭЗЭНий үгээр надад хэлэхдээ “Түүнийг гэртээ дагуулж ирээд талх идүүлж ус уулгаарай” гэсэн юм гэв. Тэрээр түүнийг хуурчээ.

19 Бурханы хүн түүнтэй хамт явж, гэрт нь талх идэж, ус уулаа.

20 Тэднийг ширээний ард сууж байх үед, Бурханы хүнийг эргүүлэн авчирсан эш үзүүлэгч дээр ЭЗЭНий үг буун ирсэнд

21 тэрээр Иудагаас ирсэн, Бурханы хүнд хандан хашхиран уйлж —ЭЗЭН ийн айлдаж байна. “Чи ЭЗЭНий үгэнд тэрсэлж, ЭЗЭН Бурханыхаа чамд тушаасан тушаалыг мөрдсөнгүй,

22 харин буцан ирж, ЭЗЭНий чамд «Талх бүү ид, ус бүү уу» гэсэн газарт талх ч идэж, ус ч уусан тул чиний шарил эцэг өвгөдийн чинь булшинд орохгүй” хэмээлээ гэж хэлэв.

23 Тэгээд тэр, эргүүлж авчирсан эш үзүүлэгчээ идэж, ууж дуусахаар нь түүнд илжиг эмээллэв.

24 Түүнийг цааш явж байтал замд нь арслан таарч, түүнийг барьчихжээ. Түүний цогцос зам дээр хаягдан хэвтэж, илжиг нь түүний дэргэд мөн арслан цогцосны хажууд зогсож байлаа.

25 Ингээд хажуугаар нь өнгөрсөн хүмүүс зам дээр хэвтэх цогцсыг болон зогсох арсланг харжээ. Тэд настай эш үзүүлэгчийн суудаг хотод ирээд, үзсэн харснаа ярив.

26 Бурханы хүнийг замаас нь эргүүлж авчирсан мөнөөх эш үзүүлэгч үүнийг сонсоод —Тэр ЭЗЭНий үгийг зөрчсөн, Бурханы хүн юм. ЭЗЭН түүнд хэлсэн ёсоороо түүнийг арсланд өгч тасчуулжээ гэв.

27 Тэгээд хөвгүүддээ —Надад илжиг эмээллэ гэсэнд тэд эмээллэв.

28 Тэр явсаар зам дээр хөсөр хэвтэх цогцсыг нь болон хажууд нь зогсох илжиг арслан хоёрыг харав. Арслан тэр цогцсыг идээгүйгээр үл барам илжгэнд ч хүрээгүй байлаа.

29 Бурханы хүний цогцсыг эш үзүүлэгч өргөж илжгэндээ тэгнэн түүнийг гашуудан нутаглуулахаар хотдоо буцааж авчрав.

30 Тэрээр шарилыг өөрийнхөө булшинд тавьсан бөгөөд түүний дээр гашуудан —Ай хөөрхий, дүү минь! гэж харуусаж байлаа.

31 Оршуулж дууссаны дараа тэрээр өөрийн хөвгүүдэд —Намайг нас барахад энэ Бурханы хүнийг нутаглуулсан булшинд нутаглуулаарай. Миний ясыг түүний ясны хажууд тавиарай.

32 Учир нь Бетел дэх тахилын ширээ болон Самарийн хотуудад буй мөргөлийн бүх өндөрлөгийн эсрэг ЭЗЭНий үгээр түүний хашхирч байсан зүйлс заавал биелэх болно гэж гэрээсэлжээ.

33 Ийм явдал болсны дараа ч Иеробоам өөрийн бузар муу замаас эргэсэнгүй, харин хамаг олны дундаас буюу хүссэн хүнээ мөргөлийн өндөрлөгүүдийн тахилчаар дахин томилсоор байлаа.

34 Энэ явдал Иеробоамын гэрийг үндсээр нь таслан газрын хөрснөөс ул мөргүй арилгах гэм болов.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan