1Хаад 12 - Ариун Библи 2013Хойд овгууд салан тусгаарлав ( 2Шс 10:1–19 ) 1 Ингээд хамаг Израиль бүгдээр Рехобоамыг хаан болгох гэж Шехемд цугларсан учир Рехобоам тэнд очжээ. 2 Небатын хүү Иеробоам үүнийг сонсоод Египетээс буцаж ирэв. (Тэр Соломон хаанаас зугтан гараад Египетэд амьдарч байжээ.) 3 Тэгээд тэд хүн илгээж Иеробоамыг дуудуулан, тэрээр Израилийн бүх чуулгантай хамт Рехобоамд бараалхахдаа — 4 Эцэг тань бидний буулгыг хүнд болгожээ. Тэгэхээр одоо бидний дээр тохсон эцгийнхээ бэрх алба болон хүнд буулгыг хөнгөлж өгөөч. Тэгвэл бид танд үйлчилье гэв. 5 Рехобоам тэдэнд —Гурван өдөр явцгаа, дараа нь над уруу дахин ирэгтүн гэж тушаав. Ингээд ард түмэн явцгаав. 6 Амьд байх үед нь эцэг Соломоных нь өмнө зогсдог байсан ахмадуудтай Рехобоам хаан зөвлөлдөн —Энэ ард түмэнд ямар хариу өг хэмээн та нар зөвлөх вэ? гэж асуув. 7 Тэд Рехобоамтай ярилцаж —Хэрэв та өнөөдөр энэ ард түмний зарц болж тэдэнд үйлчилж, тэдэнд хариулахдаа эелдэг үгсийг хэлбэл тэд үүрд таны зарц болох юм гэж зөвлөв. 8 Гэвч түүнд өгсөн ахмадуудын зөвлөгөөг тэр үл хайхран өөртэй нь хамт өссөн, өөрт нь шадарлаж ирсэн залуустай зөвлөлдөв. 9 Тэрээр тэдэнд —“Бидний дээр тохсон эцгийнхээ буулгыг хөнгөлж өгөөч” гэж хэлж буй энэ ард түмэнд ямар хариулт өг хэмээн та нар надад зөвлөх вэ? гэв. 10 Түүнтэй хамт өссөн залуус түүнд —“Эцэг тань бидний буулгыг хүнд хүчир болгосон, харин та үүнийг хөнгөлж өгнө үү” гэж чамд хандаж буй энэ ард түмэнд хариулахдаа “Миний чигчий хуруу эцгийн минь ууц нуруунаас ч бүдүүн юм. 11 Миний эцэг та нарт хүнд буулга үүрүүлсэн бол би түүнийг чинь илүү хүнд болгоно. Эцэг минь та нарыг ташуураар сахилгажуулж байсан бол би та нарыг хилэнцэт хорхойгоор сахилгажуулах болно” гэж хэлээрэй гэв. 12 Хаан —Гурав дахь өдөр над уруу буцаж ир гэж тушаасны дагуу Иеробоам ба бүх ард түмэн гурав дахь өдөр Рехобоамд бараалхав. 13 Тэгээд ахмадуудын өөрт нь өгсөн зөвлөгөөг хаан үл хайхран ард түмэнд хатуу ширүүнээр хариуллаа. 14 Тэрээр залуусын зөвлөсний дагуу тэдэнд —Миний эцэг буулгыг чинь хүнд болгосон бол би илүү хүнд болгох болно. Эцэг минь та нарыг ташуураар сахилгажуулж байсан бол би та нарыг хилэнцэт хорхойгоор сахилгажуулах болно гэж хэлэв. 15 Ийнхүү хаан ард түмнийг сонссонгүй. Учир нь ЭЗЭН, Шилогийн хүн Ахиагаар дамжуулан Небатын хүү Иеробоамд хэлсэн үгээ биелүүлэхийн тулд бүх зүйлийг ийн эргүүлсэн юм. 16 Өөрсдийг нь хаан сонсохгүй байгааг израильчууд бүгд хараад, ард түмэн хаанд хариулан —Давидын дотор бидэнд ямар хувь байгаа вэ? Иессийн хүүгээс залгамжлан авах өв бидэнд байхгүй. Израиль аа, өөр өөрсдийн майхан уруу буцацгаа! Давид аа, одоо чи өөрийнхөө гэрийг л харж ханд гэцгээв. Ингээд израильчууд өөр өөрсдийн майхан уруу одоцгоов. 17 Гэвч Иудагийн хотуудад амьдарч байсан Израилийн хөвгүүд Рехобоамын захиргаан дор үлджээ. 18 Рехобоам хаан албадлагын ажил харгалзагч Адорамыг илгээсэн боловч бүх израильчууд түүн уруу чулуу шидлэн алжээ. Рехобоам хаан ч Иерусалим уруу зугтахаар шалавхан тэргэндээ суув. 19 Израильчууд энэ өдрийг хүртэл Давидын гэрийнхэнтэй тэрсэлсээр байгаа юм. Иеробоам Израилийг хаанчлав 20 Иеробоамын эргэж ирснийг хамаг Израиль сонсоод, хүн илгээн түүнийг хотол түмэнд дуудаж, бүх Израилийг захирах хаан болгов. Давидын гэрийнхнийг Иуда овгоос өөр хэн ч дагасангүй. 21 Ингээд Рехобоам Иерусалимд ирж, Соломоны хүү Рехобоамын хаанчлалыг дахин сэргээхийн тулд Израилийн гэрийн эсрэг дайтахаар бүх Иудагийн гэрийнхэн болон Бениамин овгийнхон буюу зуун наян мянган шилдэг дайчдыг цуглуулав. 22 Гэвч Бурханы үг Бурханы хүн Шемаиад, ирж — 23 Чи Иудагийн хаан Соломоны хүү Рехобоамд болон Иуда ба Бениамины бүх гэрийнхэнд, мөн үлдсэн хүмүүст хандан 24 «Та нар өөрсдийн төрөл садан болох Израилийн хөвгүүдийн эсрэг босон дайтаж болохгүй. Энэ зүйл Надаас ирсэн учир хүн бүр өөр өөрсдийн гэртээ харигтун» гэж ЭЗЭН айлдаж байна гэж хэл гэжээ. Тэд ЭЗЭНий үгийг сонсоод, ЭЗЭНий үгийн дагуу гэртээ харьцгаав. Иеробоамын алтан тугалууд 25 Иеробоам Ефраимын уулархаг нутагт Шехемийг босгон барьж тэндээ амьдарсан билээ. Тэндээс тэрээр нүүн Пенуелийг босгон барив. 26 Иеробоам сэтгэлдээ —Одоо хаанчлал Давидын гэрийнхэнд дахин очих нь. 27 Хэрэв энэ хүмүүс Иерусалим дахь ЭЗЭНий өргөөнд өргөл өргөхөөр явбал тэдний зүрх сэтгэл өөрсдийн эзэн буюу Иудагийн хаан Рехобоам уруу эргэнэ. Тэд намайг алаад Иудагийн хаан Рехобоамд буцаж очно гэж бодов. 28 Хаан зөвлөлдөөд хоёр алтан тугал бүтээлээ. Тэрээр ард түмэндээ —Иерусалим уруу явах нь та нарт хэт хол юм. Израиль аа, та нарыг Египет газраас гаргасан бурхдаа харагтун гэв. 29 Тэрээр нэгийг нь Бетелд байрлуулан нөгөөг нь Данд өгөв. 30 Ард олон түүнд нь мөргөхөөр Даныг хүртэл явж байсан тул энэ явдал нь нүгэл болов. 31 Иеробоам бас мөргөлийн өндөрлөгүүдэд шүтээн босгож, Левийн хөвгүүд бус янз бүрийн өөр хүмүүсийг тахилч нар болгожээ. 32 Иудад хийдэг баяртай адил баярыг Иеробоам наймдугаар сарын арван тавны өдөр товлож, тахилын ширээн дээр очдог байв. Тэрээр Бетелд ч үүнтэй адил үйлдэж, өөрийн хийсэн тугалууддаа тахил тахиж байлаа. Мөн тэрээр өөрийн бий болгосон мөргөлийн өндөрлөгүүдийн тахилч нарыг Бетелд томилов. 33 Хаан өөрийн дураар зохион товлосон наймдугаар сарын арван тавны өдөр Бетелд босгосон тахилын ширээндээ очив. Тэрээр Израилийн хөвгүүдэд зориулж баяр зохион байгуулж, тахилын ширээн дээр утлага өргөхөөр гарчээ. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)