Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

1Хаад 10 - Ариун Библи 2013


Шебагийн хатан хаан айлчлав
( 2Шс 9:1–12 )

1 ЭЗЭНий нэрийн тулд алдаршсан Соломоны алдар сууг Шебагийн хатан хаан сонсоод, бэрх хүнд асуултаар сорьж үзэхийн тулд иржээ.

2 Тэрээр асар олон бараа бологч, их хэмжээний анхилуун үнэртэн болон алт, эрдэнийн чулуу тээсэн тэмээдтэйгээ Иерусалимд ирэв. Тэрээр Соломонтой уулзан зүрх сэтгэлдээ байсан бүхний тухай ярилцав.

3 Соломон түүний бүх асуултад хариулжээ. Хаанаас нууцлагдсан, хатанд хариулж чадамгүй нэг ч зүйл байсангүй.

4 Шебагийн хатан хаан нь Соломоны бүх мэргэн ухааныг мөн түүний барьсан өргөө,

5 хааны ширээн дэх зоог, түшмэдийнх нь сууж буй эмх цэгц, үйлчлэгчдийнх нь алба мөн тэдний өмссөн хувцас, сөнч нар болон ЭЗЭНий өргөөнд тахидаг шатаах тахилуудыг нь хараад, тэрээр бахдан алмайрч,

6 хаанд —Таны үйлс ба таны мэргэн ухааны талаар би өөрийн оронд байхдаа сонссон үг үнэн байжээ.

7 Би ирж, энэ бүхнийг өөрийн нүдээр үзэх хүртэлээ энэ үгэнд итгээгүй байлаа. Гэтэл, хараач, миний сонссон зүйлс энэ бүгдийн хагаст нь ч хүрэхгүй байж. Үнэндээ таны мэргэн ухаан, эд баялаг миний сонсож дуулсан сургаас үлэмж давуу ажээ.

8 Таны хүмүүс юутай ерөөлтэй вэ! Таны өмнө үргэлж зогсож, таны мэргэн ухааныг сонордох эдгээр албат нар юутай ерөөлтэй вэ!

9 Таныг таалан Израилийн сэнтийд залсан Таны Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. ЭЗЭН Израилийг мөнхөд хайрласан учир зөв болоод шударгыг гүйцэлдүүлэхийн тулд таныг хаан болгон өргөсөн ажээ гэж хэлэв.

10 Тэгээд тэрээр хаанд зуун хорин талант алт, маш их хэмжээний анхилуун үнэртэн, эрдэнийн чулуу бэлэглэв. Шебагийн хатан хаанаас Соломон хаанд бэлэглэсэн шиг тийм их анхилуун үнэртнүүд хэзээ ч дахин ирээгүй билээ.

11 Мөн Офироос алт тээн авчирсан Хирамын хөлөг онгоцнууд тэндээс их хэмжээний улаан мод, эрдэнийн чулуу авчирсан юм.

12 Хаан улаан модоор ЭЗЭНий өргөө болон хааны өргөөний тулгууруудыг хийж бас найрал дуучдад зориулан ятга ба босоо ятга хийв. Ийм их улаан мод дахин хэзээ ч авчраагүй бөгөөд энэ өдрийг хүртэл үзэгдсэнгүй.

13 Соломон хаан Шебагийн хатан хаанд хааны өгөөмөр хишгийг хүртээснээс гадна түүний хүссэн бүхнийг бас өгчээ. Тэгээд хатан хаан зарц нарынхаа хамт нутагтаа буцлаа.

14 Соломонд ганцхан жилийн дотор ирсэн алтны жин зургаан зуун жаран зургаан талант хүрч байв.

15 Үүнээс гадна худалдаачид, наймаачдын орлогоос, Арабын бүх хаадаас мөн орон нутгийн захирагчдаас алт авдаг байв.

16 Соломон хаан давтмал алтаар хоёр зуун том бамбай хийсэн бөгөөд бамбай бүрд зургаан зуун шекел алт оржээ.

17 Тэрээр бас давтмал алтаар гурван зуун бамбай хийсэн бөгөөд бамбай бүрд гурван маанэ алт орсон юм. Хаан эдгээрийг Ливаны ойн өргөөндөө тавьж хадгалав.

18 Мөн хаан зааны ясаар асар том сэнтий урлаж, шижир алтаар бүрэв.

19 Сэнтий нь зургаан гишгүүртэй, ар тал нь дээгүүрээ дугуй, хоёр талдаа тус тус арслангийн баримал бүхий гарын түшлэгтэй аж.

20 Зургаан гишгүүрийн хоёр талд арван хоёр баримал арслан зогсдог байв. Өөр ямар ч хаант улсад үүнтэй адил зүйлийг хэзээ ч байсангүй билээ.

21 Соломон хааны жүнз хундаганууд бүгд алтан бөгөөд Ливаны ойн өргөөний бүх сав суулга шижир алтан байв. Соломоны өдрүүдэд мөнгө үнэ цэнэтэйд тооцогддоггүй байлаа.

22 Хаанд Хирамын хөлөг онгоцнуудын хамт Таршишийн хөлөг онгоцнууд далайд байдаг байв. Гурван жил тутамд нэг удаа Таршишийн хөлөг онгоцнууд алт, мөнгө, зааны яс, бич болон тогос авчирдаг байжээ.

23 Соломон хаан эд баялаг, цэцэн мэргэн ухаанаараа дэлхийн бүх хаадаас үлэмж агуу болжээ.

24 Тиймээс Бурханаас түүний зүрхэнд өгсөн мэргэн ухааныг сонсох гэж Соломонд бараалхахыг дэлхий даяар хүсэмжилдэг байлаа.

25 Жилээс жилд ирж буй хүн бүр өөрсдийн бэлэг болгон алт, мөнгөн эдлэл, хувцас хунар, зэвсэг, анхилуун тос, морьд, луус авчирдаг байв.

26 Соломон тэрэгт цэрэг болоод морьдыг цуглуулжээ. Түүнд мянга дөрвөн зуун тэрэг, арван хоёр мянган морьд байсан бөгөөд Соломон тэднийг тэрэгт цэргийн хотууд болон хааны амьдардаг Иерусалимд байрлуулсан байв.

27 Соломон хаан мөнгийг Иерусалим дахь чулуу шиг элбэг болгож, хуш модыг нам газрын инжрийн мод шиг элбэг болгосон байлаа.

28 Соломон морьдыг Египет, Куегээс оруулж ирдэг байсан бөгөөд хааны наймаачид тэр морьдыг Куегээс өндөр үнээр худалдан авдаг байв.

29 Соломон Египетээс нэг тэргийг зургаан зуун шекелээр, нэг морийг зуун тавин мөнгөн шекелээр оруулж ирдэг байв. Түүнийгээ гар дамжуулан хитчүүдийн бүх хаад ба арамчуудын хаадад гаргадаг байжээ.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan