Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Исаиа 15 - Ариун Библи 2004

1 Моабын тухай зөн. Моабын Ар шөнөөр устгагдан сүйрсэн байна. Моабын Кир шөнөөр устгагдан сүйрсэн байна.

2 Тэд гашуудан уйлахаар сүм, Дибон уруу, мөргөлийн өндөрлөгүүд уруу гарав. Моаб нь Небо болон Медебагийн төлөө уйлав. Хүн бүрийн толгой нь халзан бөгөөд сахлаа хусжээ.

3 Тэд гудамжинд таар өмсөж, дээвэр дээр болон талбай дээр хүн бүр цурхиран уйлалдаж, нулимс унагана.

4 Хешбон, Елеале мөн уйлж, тэдний дуу Иахаз хүртэлх бүх л замын турш сонсогдоно. Тийм учраас Моабын зэвсэглэсэн эрс чангаар уйлалдан, сэтгэл нь дотроо түгшинэ.

5 Моабын төлөө Миний зүрх хашхирна. Түүний оргодлууд нь Зоар, Еглат-шелишиа хүртэл зугтана. Тэд Лухитийн бэлээр уйлалдан өгсөж, сүйрэл мөхөлдөө гашуудан, Хоронаим уруу одох зам дээр тэдний шаналах уйлаан ихэснэ.

6 Нимримийн ус ширгэн, өвс нь гандаж, нялх ногоо үхэж, ногоон юм юу ч үгүй алга боллоо.

7 Ийм учраас тэд олж, нөөцөлсөн баялгаа Арабимын горхи уруу зөөнө.

8 Тэдний шаналалт дуу Моабын нутгийн эргэн тойронд цуурайтаж, тэдний уйлаан нь Еглаимт, бүр Беер-елимд ч хүрсэн.

9 Учир нь Димоны ус цусаар дүүрэв. Би Димонд уй гашууг нь нэмж, Моабын оргодлууд ба тэр газарт үлдэгсэд дээр арслан авчирна.

©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan